Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Г.Баянбилэг,

Амь хохирогч Б.Х, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М нарын хууль ёсны төлөөлөгч О.О,

Хохирогч Ц.О, түүний өмөөгөлөгч Э.Батбаяр,

Амь хохирогч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Иргэний хариуцагч Х.Х,

Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оийн Хт холбогдох эрүүгийн 1938004760408 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч О.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00-25 улсын дугаартай Хондо Кроссроад загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хохирогч Ц.Оын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.О, О.М, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Хгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч О.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00-25 улсын дугаартай Хондо Кроссроад загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Оын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.О, О.М, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Хгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004760408 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 15 цаг өнгөрч байх үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багаас Хөвсгөл аймгийн Хатгалын чиглэлд 21-17 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож хүү М, эхнэр Б.Х, дүү Хомоол нарын хамт явж байх үед Алаг-Эрдэнэ сумын 50, 100 градусын цэгийг өнгөрөөд явж байтал цэнхэр өнгийн машин урдаас чиглэлтэй явж байгаад миний тээврийн хэрэгсэл жолоодож байсан урсгалд орж ирж яаж хийхийн зуургүй манай машиныг мөргөж осол гаргасан....тухайн тээврийн хэрэгсэл 80-100 км цагийн хурдтай явж байсан. Намайг машинтай явж байх үед тухайн автомашин 50 метрийн зайд эсрэг урсгалд орж осол гаргасан. ...би урдаас ирж байсан тээврийн хэрэгслийг хараад тоормосоо гишгэж баруун гар тийш жолоогоо дарсан боловч нөгөө цэнхэр өнгийн автомашин яг урдаас ирж мөргөсөн. ...баруун шилбэнд олон тооны гэмтэл шарх үүссэн, 2 хөлний 2 чөмөг хугарсан, зүүн гар цээжний урд хэсэг, баруун гар болон биеийн бусад хэсгүүдэд олон тооны гэмтэл шарх үүссэн. Миний эмчилгээнд одоогийн байдлаар 21.000.000 төгрөг зарцуулаад байна. Бас миний Тоёота приус-30 маркын суудлын автомашины хохирол байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас нөхөн олговорт 4 сая төгрөг өгсөн. Надад О.Х 300.000 төгрөг бэлнээр өгсөн өөр мөнгө надад өгөөгүй. Миний түнхний 2 яс хугарсан, цээжний 6 хавирга хугарсан, баруун зүүн өвдгөн дээр гэмтэл шарх үүссэн, цээжний дээд хэсэгт зулгаралт үүссэн, нүүрний хамар тус газарт болон биеийн бусад хэсгүүдэд ослын улмаас зулгаралт үүссэн. Осол гаргасан хүнд маш их гомдолтой байна. Надад учирсан мөнгө төгрөг эд материалын хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40, 71-72 дугаар хуудас/,

Амь хохирогч Б.Х болон арван найман насанд хүрээгүй хохирогч О.М нарын хууль ёсны төлөөлөгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би маш их гомдолтой байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүгдийг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 28 орчим сая төгрөгний баримт бүрдсэн байгаа. Уг баримт нь оршуулгын зардал, мөн зээ хүү О.Мгийн эмчилгээний зардал, хүргэн Оын эмчилгээний зардал зэрэг зүйлсийн баримт байгаа. Гэхдээ энэ мөнгөн дүн цаашид нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүргэн О Солонгос улс руу эмчилгээнд явахаар болсон байгаа. Энэ зардлаа мөн гаргуулна. ...Миний охины оршуулгын зардалд 20.000.000 төгрөг зарцуулсан, бас миний зээ хүү О.Мгийн эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар Мөрөн хоёрын хооронд явсан зардал болон бусад унаа машины зардал 5.000.000 төгрөг, хүргэн Оын эмчилгээнд хандив авах гэж тоглолт зохион байгуулахад 5.000.000 төгрөг, үүнээс гадна миний охины амь насыг мөнгөөр үнэлж баршгүй улмаас сэтгэл санааны маш их хохиролтой байна. О.Хын зүгээс 1.000.000 төгрөг өгсөн өөр зүйл өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/,

Арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мгийн мөрдөн ш ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл явна гээд хөдөлсөн ба аав О машинаа бариад ээж аавын хажуугийн суудалд суусан. Би ээжийнхээ арын харалдаа суудалд сууж байсан. Би машин дотор явж байгаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд би машины шалан дээр ухаан орж сэрсэн. Намайг сэрэхэд танихгүй хүн машинаас гаргаж байсан. Аав ээжийг машинаас гаргасан байсан. ...манай машин нэг цэнхэр өнгийн машинтай мөргөлдсөн байсан. ...миний гар хөл хөдлөхгүй байсан. Миний толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Арван найман насанд хүрээгүй хохирогч А.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө Булган аймгийн захад голын эрэг дээрээс Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Хөвсгөл далай дээр очоод нэг цаг орчим болоод Улаанбаатар хот руу буцахаар хөдөлсөн. Буцаж явахдаа замдаа хоолонд орсон. Би хоол идчихээд гарч 00-25 УНЭ улсын дугаартай автомашины арын суудал дээр сууж унтсан. Машиныг Х ах барьж явсан. Би унтаж явсан ба сэрэхэд эмнэлэгт байсан. Юу болсон талаар ерөөсөө мэдэхгүй байна. ...тухайн үед толгойдоо гэмтэл авсан. Тархины зөөлөн эд гэмтсэн. Цус харвалттай, толгойны яс цөмөрсөн гэмтэл учирсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би ухаан алдсан байсан. Өөр юм сайн санахгүй байна...ослын дараа эгэм цууралттай, баруун талын 5 хавирга хугарсан, баруун шагай мултарсан, зүүн хөлний дунд чөмөг хугарсан, тархи доргилт зөөлөн эдийн гэмтэл учирсан. ...одоогоор биеийн байдал сайжраагүй эмчилгээ хийлгэж байгаа. ...надад одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.Отгонбаярын мөрдөн ш ажиллагааны үед өгсөн: "...Тэгтэл гэнэт замд зам тээврийн осол гарч би ухаан алдаад сэрэхдээ газар хэвтсэн байдалтай байсан. Харин О.Х ахын жолоодож байсан хөх өнгийн машин өөр машинтай мөргөлдөж, осол гарсан байсан. Тэр үед яаралтай түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад явсан. ...миний толгой доргисон ба баруун хөлний өсгий бага зэрэг гэмтсэн байсан. ...Надад ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-р хуудас/,

Гэрч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ээжийн төрсөн ах Л.Б ахын охин Б.Х, түүний нөхөр Ц.О, хүү болох О.М нарын хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5- р баг Хонгор гэх газраас хамт Тоёота приус 30 маркийн автомашинтай хөдлөөд Хөвсгөл аймгийн Хатгал чиглэлд явж байсан. Тэр үед би унтаж явж байсан ба гэнэт доргилт мөргөлтийн чимээ гарсан. Тэр үед би мАалтын байдалд ороод юу болсон талаар бодсон. Тэгээд хоёр тийш хартал цагдаа нар ирсэн хаалга онгойлгож байсан. Тэгээд машинаас буугаад талийгаач Б.Х эгчийг бариад зогсож байсан. ...намайг ухаан алдаад сэрэхэд Ц.О ахын жолоодож явсан бид нарын сууж явсан машины урсгал руу нөгөө хөх өнгийн автомашин орж ирээд мөргөж осол гаргасан байдалтай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 86 дугаартай: ”...Амь хохирогч Б.Хгийн ц цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун дунд чөмөгний хугарал дух, баруун зовхи, хацар, хамар, дээд уруул, эрүү, цээж, баруун бугалга, зүүн гуя. өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн гуя өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр нэгэн цаг хугацаанд үүсгэгдсэн ба цээжний битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна. ...амь хохирогч Б.Х нь зам тээврийн ослын улмаас цээжин тус газраа битүү гэмтэл авснаар гол судасны цээжний хэсэг урагдаж тасран цус алдаж нас барсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 356 дугаартай: "...А.Дийн биед чамархай, зулайн хуйханд няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, тархины аалзавчин бүрхүүл дор цус харвалт, хатуу бүрүүл дор цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. ...А.Дийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн "хүнд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 358 дугаартай: "...О.Мгийн сээрний ТН11-р нугаламын их биеийн түвшинд шахагдсан хугарал, зулайд шарх, баруун зовхи, зүүн мөр, эрүүнд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...О.Мгийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 357 дугаартай: "...А.Аын биед чөмөг болон баруун 7-р хавирганд хугарал, зүүн эгэм ясанд цууралт, дух, баруун хацарт зулгаралт, цээж хэвлий, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...А.Аын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 95 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9166 дугаартай: "...Ц.Оын биед баруун талын 3,4,5,6-р хавирга, зүүн талд 3,6-р хавирганы хугарал, баруун зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, аюулхай, баруун, зүүн өвдөгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицууулагч цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай: "...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Хоохны таг гэх газар Х.Кроссроад маркийн 0025 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 11.3, 3 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлүүдэд заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, ” Жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-1.3, 1. 15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1, 2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123 дугаар хуудас/,

"Авто Тээврийн төв” ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай: "...Монгол улсын стандарт MNS 4598:2011 нийтлэг шаардлага 4.5-д / Замын хөдөлгөөнд оролцох автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн техникийн үйлчилгээ.тохиргоог бүрэн хийсэн.техникийн хяналтын улсын үзлэг тооллогод хамрагдаж тэнцсэн, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийн гэрчилгээ авсан байна./ гэж заасан. Иймд 00-25УНЭ улсын дугаартай Хонда Кросс Роад маркын тээврийн хэрэгслийг хариуцагч нь 2018 оны 06 сарын 13 ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулсан бөгөөд 2019 оны 06 сарын 13 ны өдөр болон өмнө нь 2019 оны автотээврийн техникийн хяналтын улсын үзлэгт оруулах ёстой бөгөөд оруулаагүй байгаа нь нэгдсэн бүртгэл сүлжээнд бүртгэгдээгүй, гэрчилгээнд тэмдэглэл хийлгээгүй зэргээр нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заагдсан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг / байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Х нь 2019 оны 07 сарын 16 ний өдрийг хүртэл 00-25 УНЭ улсын гаартай Хонда маркын автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан холбогдох хуулийг зөрчсөн байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 149-152 дугаар хуудас/,

Шинжээч М.Баттулгаас мэдүүлэг авсан: "...Мөрөн-Алаг-Эрдэнэ чиглэлийн хучилттай авто замын тухайд Замын хөдөлгөөний дүрмийн 2.24 "Хурдны дээд хязгаарлал 50 км/цаг” гэсэн утгатай тэмдэгний үйлчлэх цар хүрээ нь "хурдны дээд хязгаарлалын төгсгөл” гэсэн тэмдгээр дуусах бөгөөд замын хувьд Мөрөн сумын хойд талын Сүхийн ам руу орж ирэхэд хориглох тэмдгийг цуцалсан "хурдны дээд хязгаарлалын төгсгөл” гэсэн тэмдэг байдаг бөгөөд тухайн хурдны хязгаарлал дуусаагүй үргэлжилж байгаа үед замын дагуу 2.24 "Хурдны дээд хязгаарлал 50 км/цаг” гэсэн тэмдгийг байрлуулсан байдаг. Мөрөн-Алаг-Эрдэнэ чиглэлийн авто замын хувьд тийм байгаа. ...Тэр тэмдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.13 "Тэгш биш зам” гэсэн анхааруулах тэмдэг бөгөөд доороо 6 км үргэлжилнэ гэсэн анхааруулах утгатай “6 км” гэсэн бичиглэлтэй байгаа. Тухайн зам тээврийн осол нь анхааруулах тэмдэгний хүрээлэл дотор үйлдэгдсэн байх ба жолооч хурдны дзэд хязгаарлалаа өмнөх тэмдгээр зохицуулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох ёстой байсан. ...Осол болсон газраас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд “Ослын аюултай хэсэг” гэсэн бичиглэл бүхий 2*1,5 метрийн хэмжээтэй самбар байдаг. Тэр самбарыг жолооч харж хөдөлгөөнд оролцох хурдаа хянаж аюулгүй байдлаа хангах ёстой” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/,

Хөвсгөл “АЗЗА” ТӨХК-ны шинжээч Б.Батмөнхийн: “...А1101 кодтой улсын чан Мөрөн-Хатгал чиглэлийн замын 45 км-т буюу Хоохны таг гэдэг газрын замын байдал нь мөнхийн цэвдэгтэй тул авто замын зорчих хэсэгт суулт үүссэн. Хоохны тагийн Мөрөн талаасаа 42 км-т авто замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм МИ34596: Монгол улсын стандартын 1.28 “бусад аюултай газар” анхааруулах тэмдэг, 1.13 “Тэгш биш зам” анхааруулах тэмдэг, 2.24 “хурдын дээд хязгаарлал 50 км/цаг” -аас дээш хориглох тэмдэг, Хатгал талаасаа 58 км-т 1.28 “хурдны дээд хязгаарлал 50 км/-цаг”-аас дээш хориглох тэмдэгүүд байдаг. Иймд уг осол нь тухайн авто замын нөхцөл байдлаас болоогүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172 дугаар хуудас/,

  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 79-82 дугаар хуудас/,

  Иргэний хариуцагч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-р тал/

 Шүүгдэгч О.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт явж байхад замын ховилууд дээр би машиныхаа жолоог алдаж эсрэг талын урсгал руу орсон. Тэгээд тухайн эсрэг чиглэлийн ургалаар явж байсан Тоёота приус-30 маркын суудлын тээврийн хэрэгсэлтэй миний жолоодож явсан машин мөргөлдөж би осол гаргасан. Би тэр үед 80 км цагийн хурдтай автомашин жолоодож явсан. Би тэр үед Улаанбаатар хотод ажилдаа 2019 оны 07 дугаар сарын15-ны өдөр очих ёстой байсан тул яараад явж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэгийн схем зураг, схем зургийн тайлбар /1-р хх-ийн 13-19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 28-33 дугаар хуудас/,

Авто машин худалдан авах харилцан тохиролцсон гэрээ /2-р хх-ийн 137-р тал/

Шүүгдэгч О.Хын хувийн байдлыг тогтоосон шүүгдэгч О.Хын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 182 дугаар хуудас/, Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын: "Оийн Х нь 34-18-144а тоотод ам бүл 2, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 183 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 184 дүгээр хуудас/, урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 185 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1049 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-ийн 188-197 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938004760408 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр "Хоохны таг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00-25 УНЭ улсын дугаартай "Хондо Кроссроад” маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 11.3, 3 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлүүдэд заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, ”Жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-1.3, 1.15а- 1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1, 2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчиж, тэгш бус замд хурд тохируулан яваагүйгээс жолоодлого алдаж, эсрэг чиглэлийн урсгалаар Ц.Оын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай "Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Б.Хгийн амь насыг хохироож, А.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.О, О.М, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, "Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.

 

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.Х нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.Хын хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Хын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн 00-25УНЭ улсын дугаатай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.Х байх ба түүний өмчлөлд байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний хариуцагчаар татсан тухай мөрдөгчийн тогтоол/ /1-р хх-ийн 198-р,  2-р хх-ийн 132-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Х, иргэний хариуцагч Х.Х нараас хохирогч нар нь эмчилгээний зардал, хохирол, цаашид гарах хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэний хариуцагч нь: Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, автомашин худалдах, худалдсан гэрээгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь О.Х гэж тайлбарлаж байх боловч 2018.08.15-ны өдөр байгуулсан гэх автомашин худалдан авах харилцан тохиролцсон гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.  Учир нь уг гэрээний дагуу урьдчилгаа төлсөн, цалингаас суутгуулж авч байсан талаарх баримтгүй, гэмт хэрэг гарахаас өмнө тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан талаараа нотолж чадахгүй байх бөгөөд мөн иргэний хариуцагч нь хар дэвтрээс нөхөж хуулбарласан гэж тайлбарлаж байгаа болно.  /хх-ийн 137-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ Үүнээс үзэхэд иргэний хариуцагч Х.Х нь гэм хорын хохирол, төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, иргэний хариуцагчийн тээврийн хэрэгсэл шилжүүлсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч О.Хт 70 хувийн хэмжээгээр, иргэний хариуцагч Х.Хт 30 хувийн хэмжээгээр хариуцуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Хаас Ц.От 1.2.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,   шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.От сар бүр 700.000 төгргийг түүний дансанд шилжүүлэх, 50 сарын хугацаанд 35.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэх баталгаа, хохирогч Ц.От эмчилгээний зардал, дахин мэс хагалгаанд орох зардал, цаашид гаргах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэх баталгаа, Нанама ХХК-ийн тодорхойлолт, цалин урамшуулалын хүснэгт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Иргэний хариуцагч Х.Хаас авто машин худалдан авах харилцан тохиролцсон гэрээний эх хувь гэх 1 хуудас баримтыг гаргаж өгөв.

Амь хохирогч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оээс шүүх хуралд хохирлын баримт нэмэлт гаргах нь гэх баримт, хавсралтаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хар хорин захын зарлагын баримт, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хар хорин захын зарлагын баримт, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хар хорин захын №29 дугаартай зардлагын баримт, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хар хорин захын зарлагын баримт, Х.Алтангэрэлээс гаргаж өгсөн баримт, нийт 6.842.000 төгргийн 7 хуудас баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж өгөв.  

Хохирогч Ц.Оын шүүх хуралдаанд 2 хуудас бүхий 2.880.850 төгрөгийн баримт нэмэлтээр бүрдүүлэн өгч байна гэх баримт, хавсралтаар 1.307.930 төгрөгийн НӨАТ-ын баримт, 1.572.920 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Арван найман насанд хүрээгүй хохирогч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Азжаргал нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг /1-р хх-ийн 63-64/, арван найман насанд хүрээгүй хохирогч А.Д, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ариунболд нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг /1-р хх-ийн 59/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Хыг арван найман насанд хүрээгүй хохирогч А.А, А.Д нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Ц.О 22.573.170 төгрөг, шүүх хуралдаанд нэмж  2.880.850 төгрөг, нийт 25.454.020 төгрөг  нэхэмжилснээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг,  хүүхдийн дүрэмт хувцасны мөнгө 165.000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтгүй 1.665.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүний бусад нэхэмжлэл, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул 23.789.020 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж,

Мөн амь хохирогч Б.Хгийн хууль ёсны төлөөлөгч О.Оийн нэхэмжлэлээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6.842.0000 төгрөг,  хэрэгт авагдсан 558.087 төгрөг, нийт 7.400.087 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж,  

хохирогч Ц.От 23.789.020 төгрөгийн хохирлын 70 хувь болох 16.652.314 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5.520.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 11.132.314 төгрөгийг  шүүгдэгч О.Хаас, 23.789.020 төгрөгийн хохирлын 30 хувь болох 7.136.706 төгрөгийг иргэний хариуцагч Х.Хаас гаргуулж хохирогч Ц.Отгонбатаарт,

 амь хохирогч Б.Хгийн хууль ёсны төлөөлөгч О.Оийн 7.400.087 төгрөгийн хохирлын 70 хувь болох 5.180.060 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 3.600.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1.580.060 төгрөгийг шүүгдэгч О.Хүрэлбаатраас гаргуулж, 7.400.087 төгрөгийн хохирлын 30 хувь болох 2.220.026 төгрөгийг иргэний хариуцагч Х.Хаас гаргуулж хууль ёсны төлөөлөгч О.От олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х нь хохирогч Ц.Отгонбатаарт 5.520.000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч О.От 3.600.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн талаар оролцогчид маргахгүй байгааг дурдав.

Хохирогч Ц.О нь цаашид энэ хэрэгтэй холбоотойгоор өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх, амь хохирогч Б.Х, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М нарын хууль ёсны төлөөлөгч О.О нь амь хохирогч Б.Хгийн амь нас, түүний амь нас хохирсноос үүдэн гарах хор уршиг, арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан "автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Х нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /1-р хх-ийн 185/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 188-197/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Х нь шүүх хуралдаанд “хохирогч нарт 35.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэж байгааг хохирол төлбөр төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлнэ гэдэг нь бодитоор төлөх боломж бий болгосон байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Хын 1185137 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Оийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оийн Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Хын 1185137 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.ЭРДЭНЭ-ОЧИР