| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0264/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/309 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/309
2018.03.02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
шүүгдэгч О.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ноёд овогт Очирбатын О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0124 70235 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ноёд овогт Очирбатын О.О, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/******************/,
Шүүгдэгч О.О нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 8/2 байрны 3 давхарт иргэн О.Давааг зодон нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Баасанхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 2 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч О.Даваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 20 цаг 30 минутын үед хаалга тогшихоор нь хаалга онгойлгосн чинь үл таних 2 хүн хөгшин хүнийг цохиж байсан. Тэгэхээр нь хаалгаа хаах гэтэл татаж гаргаж ирээд чи муу юугаа хараад байгаа юм бэ гэж хэлээд нэг заамдсан. Тэгээд уг хүн өөдөөс харсан 8 тоотод гэртээ очсон. Ингээд цагдаад дуудлага өгч цагдаад хаалга тайлж өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх-5/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №2323 дугаартай дүгнэлт:
Гэрч Д.Очирбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хаалга онгойлгох гээд оролдоод зогсож байхад нөгөө залуу дахиад гарч ирээд манай хүүтэй барьцалдаж аваад манай хүүг 2-3 удаа цохиод авах шиг болсон. Тэр үед манай хүү тэр залууг гэр рүү нь түлхээд оруулсан. Тухайн үед нүүр амнаас нь цус гарсан зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг. /хх-26/,
Яллагдагч О.О мэдүүлэхдээ: “...өөдөөс харсан хаалга буюу 5 тоотоос үл таних гарч ирээд яагаад юу хийцгээгээд байгаа юм гэхээр нь би түлхүүрээ хаячаад гэрийнхээ хаалгыг эвдэх гэж байна гэхэд тэр залуу намайг хулгайч гэхээр нь би өөрсдийнхөө гэрийн хаалгыг эвдэх гэж байна, танд хамаагүй та ор гэж хэлсэн. Тэр залуу гэррүүгээ орчихоод буцаж гарч ирээд чи ямар том юм бэ гэх мэтээр хэл үгээр доромжлоод байсан. Манай аав тэр залууг очоод миний хүү гэртээ ор гэж хэлээд оруулсан, буцаад нөгөө залуу гараад ирэхээр нь би тэр залууг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авахад намайг цохих гэхээр нь би бултаад зөрүүлээд гараараа 1 удаа нүүрэн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх28-29/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.О нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 8/2 байрны 3 давхарт иргэн О.Давааг зодон нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гэм буруутай этгээдэдэд гомдолгүй, саналгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ноёд овогт Очирбатын О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Оыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Од оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, О.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Од урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР