| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/01960/И |
| Дугаар | 183/ШШ2017/00895 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2017/00895
2017 оны 04 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2017/00895 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 хороо, Нарны хороолол, 13 байр 81 тоотод оршин суух, /РД:ТЗ69100963/ Пүрэв овогтой Дамдингийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 хороо, Засгийн газрын 14 байрны өргөтгөл, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд нягтлан бодогчоор орж, ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Манай байгууллагын дарга солигдож 2016 оны 9 сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Ч.Саранжав дарга томилогдон ирсэн. Анх ажил ороход хөдөлмөрийн гэрээ хугацаагүй хийгдэж байсан. Гэтэл 12 сарын 01-нд ажил албан тушаалын жагсаалт шинээр батлагдаж байгаа болохоор хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гээд гарын үсэг зуруулсан. Яагаад 1 сарын хугацаатай хийж байгаа талаар асуухад гэрээний нэмэлт өөрчлөлт дээр сунгалт хийгээд явна, урд нь ч гэсэн ингэж сунгадаг байсан гэсэн. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 1 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 1 өдөр гарсан мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, зөрчил дутагдал гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг шүүх шийдвэрлэх хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Алтанцэцэг нь Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр А/4 тоот тушаалаар цалин хөлс үндсэн хөрөнгө хариуцсан хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаандаа үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, олон жил дамнасан зөрчилтэй хөтлөн ажилласан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг хугацаа 2017 оны 01 сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба ХтХ-ийн 23-р зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн ба үүний дагуу гэрээг цуцалсан тул хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэл байхгүй, Д.Алтанцэцэгийг ажлаас халсан нь үндэслэл бүхий гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Алтанцэцэг нь хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ хугацаагүй хийгдэж байтал гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гэж гарын үсэг зуруулж, хугацаа дууссан үндэслэлээр хууль бусаар халагдсан гэж тайлбарлаж, хариуцагч нь үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, олон жил дамнасан зөрчилтэй хөтлөн ажилласан нь хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон гэж маргасан байна.
Д.Алтанцэцэг нь 2013 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд, сарын 675.000 төгрөгөөр цалинжиж ажиллахаар, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захиралтай тохиролцон, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна.
Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирлын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр А/4 тоот тушаалаар тус төвийн батлагдсан орон тоонд түр ажиллаж байсан Д.Алтанцэцэгийг Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд томилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулахаар, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохицуулсан ба энэхүү тохиролцоо нь тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд, гэрээнд шаардлага шалтгааныг тусгаж байгуулахыг ойлгоно.
Гэтэл талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр ажилтны цалинг нэмсэн болон гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал сунгасан талаар тэмдэглэсэн, хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөр гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагахгүй болсныг мөн өдөр мэдэгдэж, Б/03 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг томьёолсон байна
Байгууллагын нягтлан бодогчийн албан тушаал нь хуульд заасан байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргээ хариуцагч тал зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Д.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч тал хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг нэхэмжлэгч нь үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, олон жил дамнасан зөрчилтэй хөтлөн ажилласан гэж сахилгын сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг хэрэгт хавсаргаж, тайлбарласан атлаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй нь эрхийн акт хууль зүйн үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан тул дээрх үндэслэлүүдээр Д.Алтанцэцэгийг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрээр түүнд сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дунджаар /1.658.050+1.668.450+1.597.996/ цалинг 1.638.165 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт /1.638.165х3/ 4.914.495 төгрөг, 11 хоногийн /1.638.165:22 хоног/ 74.462 төгрөгөөр тооцож, 819.083 төгрөг, нийт 5.733.578 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106.687 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан /РД:ТЗ69100963/ Пүрэв овогтой Дамдингийн Алтанцэцэгийг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.733.578 /таван сая долоон зуун гучин гурван мянга таван зуун далан найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.Алтанцэцэгт олгосугай.
3. Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106.687 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ