Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/976

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905043761247 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны орчим иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдан улмаар биед дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун гарын алганы цус хуралт, баруун хацрын шарх, зулгаралт, хамрын хажуу хэсэг, хүзүү, зүүн тохой, баруун өвдөгний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн хохиролд 500.000 төгрөг өгч бид сайн дураараа эвлэрсэн гэв.

 

 

 

 

         Хавтаст хэргээс:

Хэргийн газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/,

Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед өөрийн найз Анхбилэгийн хамтаар модны хоёрын +25 бааранд орж 2, 2 шил пиво захиалж уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад араас нэг залуу түлхээд тэгээд би эргэж хараад тэр залуутай муудалцаад барьцалдаж аваад баарны хамгаалагч нар ирж салгаад тэр залуу гараад ир гээд би араас нь гарсан. Тэгэхэд тэр залуу хоёр гурван залуугийн хамт зогсож байснаа намайг заамдаж аваад намайг хавирч газар унагаагаад дээрээс гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд хамгаалагч нар ирээд салгаад босгосон. Тэгээд босоод ирэхэд тэр залуу дайраад дахиад зууралдаж аваад намайг цохиод байсан. Тэгэхэд хамгаалагч нар салгаад цаашаа яв гэхэд тэр залуу таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Анхбилэг мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд өөрийн найз Батбаатарын хамтаар +25 бааранд орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Батбаатарыг кепкэн малгайтай залуу мөрлөөд Батбаатар буцаад тэр залуутай маргалдаад зууралдаад авахад хамгаалагч нар ирээд салгаад бид хоёр ширээн дээрээ очиж сууж байгаад би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд Батбаатар байхгүй байсан. Тэгээд би баарнаас гараад ирэхэд Батбаатарыг 4-5 залуу тойроод кепэктэй залуу дээр нь гараад цохиод байсан. Би баарны хоёр хамгаалагчтай очоод тэр залууг салгахад тэр залуу өөрөө дайраад байсан. Тэгээд манай найз цагдаа дуудна гэхэд нөгөө залуучууд нь зугатаагаад таксинд суугаад явсан. /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баттөгөлдөр мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж өөрийн найз Намнанхүү, түүний эхнэр Төгөлдөр түүний эхнэр Мөнхбаяр, Зоригоо, Баатар нарын хамтаар +25 нэртэй бааранд орсон. Тэндээ бид нар 1 шил 0,75 литрийн архи, хүний нэг нэг пиво ундаа ус захиалж уусан. Тэгээд би Намнанхүүтэй хальт маргалдаад би уурлаад явлаа гээд гараад такси барих гээд зогсож байхад манай найз Мөнхбаяр, бас танихгүй хэдэн хүмүүстэй, баарны хамгаалагч нартай гарч ирээд хоорондоо маргалдаад, нэг сахалтай залуутай хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд нэг харсан бие биенийгээ, боогоод дээр доороо гараад хамгаалагч нар салгаж байх шиг байсан. Тэгээд тэнд сүүлд манай Дэнжийн 1000-н Анхаа гэх залуу таараад Мөнхбаярыг аваад бид нар таксинд суугаад гэртээ харьсан. /хх-ийн 18-19/ гэх мэдүүлэг,

Гэрч *******- мөрдөн байцаалтанд: Баянгол дүүргийн +25 нэртэй бааранд орж тэндээ бүжиглэж байж байгаад нэг танихгүй залуу хүрч ирээд маргалдаж байгаад намайг нүүрэн тус газар цохисон юм. Тэгээд баарны хамгаалагч бид хоёрыг салгаад ширээн дээр сууж байхад нөгөө залуу чи гараад ир гээд намайг дахин дахин дуудахаар нь би гарч очоод баарны урд уг залуутай муудалцан хоорондоо зууралдаж байгаад газарт унаж салсан юм. Тэгээд салчихаад дахиж хоорондоо барьцалдан заамдалцан ноцолдож байгаад манай найзууд хамгаалагч нар салгасан юм. Тэрнээс өмнө бид хоёр гадаа нь их олон заамдалцан ноцолдож байгаад Анхаа гэх бааранд байсан ах салгаад намайг таксинд суулгаж явуулсан юм. /хх-ийн 7-8/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13068 дугаартай “Д.Б-ын биед дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун гарын алганы цус хуралт, баруун хацрын шарх, зулгаралт, хамрын хажуу хэсэг, хүзүү, зүүн тохой, баруун өвдөгний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

         Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд: Би өмнө өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 32-33/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч *******-ын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******- нь 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны бүжгийн талбайд  Д.Б-тай маргалдаж улмаар тус баарны гадаа түүний биед дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун гарын алганы цус хуралт, баруун хацрын шарх, зулгаралт, хамрын хажуу хэсэг, хүзүү, зүүн тохой, баруун өвдөгний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын“...+25 бааранд үл таних залуутай маргалдаж байгаад баарны гадаа гараад муудалцаж уг залууд зодуулсан...миний хүзүүний ар хэсэг урагдсан, 2 нүдний доор зулгарсан, үүдэн шүд хөдөлсөн, дээд уруул хавдсан...тэр залуу хоёр гурван залуугийн хамт зогсож байснаа намайг заамдаж аваад намайг хавирч газар унагаагаад дээрээс гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд хамгаалагч нар ирээд салгаад босгосон. Тэгээд босоод ирэхэд тэр залуу дайраад дахиад зууралдаж аваад намайг цохиод байсан....” гэсэн мэдүүлэг  болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13068 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас *******-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.

 

4. *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ