Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 95

 

2016.08.24 Дугаар-95

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 156/2016/0096/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Я.Сансар,    
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Ганхуяг
Шүүгдэгч                        Л.Ганбат нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ганбатад холбогдох эрүүгийн 201623000104 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Биндэр сумын цэцэрлэгт галч, манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Бууралын 5-5 тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй Ярин овогт Лувсандамдингийн Ганбат /РД: СЖ74033018/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.Ганбат нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Бууралын хороо 05-05 тоот хашааны гаднаас 8394 УБЦ улсын дугаартай исүзү визард маркийн автомашиныг жолоодож хөдлөхдөө Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 1 нас 5 сартай Г.Тэгшдүүрэнг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8хуу/
Тээврийн хэрэгсэлтд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /12-14хуу/
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28хуу/
Хохирогч Г.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгэхээр нь хашаанаас гараад харахад Ганбат ахын машин баруун талын булангаар эргэж байсан. Тэгэхээр нь хүүг маань аваад явсан байх гэж бодоод зүүн тийшээ хартал миний хүү газар хэвтэж байсан. Толгой нь зүүн тийшээ харсан, бие нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Нүүр толгой нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь өөрийнхөө төрсөн эгч Баярцэцэг рүү залгаад миний хүүг машин дайрчихлаа түргэн дуудаж өгөөч гэж хэлсэн. Тэгээд дараа нь нөхөр лүүгээ залгаад миний хүүг машин дайрчихлаа хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би нөхөр болон Баярцэцэг эгч хоёрыг ирэх хооронд Ганбат ахруугаа залгасан чинь утсаа аваагүй. Тэгэж байтал манай нөхөр ирээд хамт эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт ирээд Ганбат ахруу залгасан чинь утсаа авахаар нь миний ухаангүй байна, миний хүүг машин дайрчихлаа гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс би дайраагүй, би юу гэж дайрч байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь цаанаас өөрөө хүүхдээ сайн харахгүй яасан юм гэж хэлэхээр нь би утсаа салгасан. ... намайг хашаанаас гарахад манай гудамжинд явж байгаа машин харагдаагүй. Ганбат ахын машин баруун тийшээ яваад хашааны булангаар эргэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34хуу/
Гэрч А.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ганбаатарын гэр лүү явахдаа талийгаач болсон хүүгийн гэрийн эгнээгээр явсан. Тэр эгнээгээр явж байхад тэдний хашааны гадаа ногоон өнгийн дунд гарын жийп машин байсан. Ямар маркийн машин гэдгийг анзаараагүй. Намайг явж байхад тухайн үед зам дээр өөр машин явж байгаагүй. Би уг эгнээгээр явж байхдаа замаар явсан. ... тэр машинд хүн байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39хуу/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Талийгаачийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, суурь ясны баруун чулуулаг яс, турк эмээл рүү үргэлжилсэн цуурсан шугаман хугарал, уг хугарал нь арагшаа суурийн ар хонхорлуу үргэлжилсэн салаалсан шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэг болон бага тархины 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, 2 нүдний дунд хэсгийн гүн няцарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний дунд дээд хэсэг зүүн нүдний гадна хажуу хэсэг, хамрын зүүн хажуу дунд хэсгүүдийн зулгаралт, Зүүн нүдний доод хэсгээс гадагшаа зүүн шанаа хэсэг рүү үргэлжилсэн өнгөц зулгарсан шарх, толгойн хуйхны баруун чамархай хэсэг болон баруун талын чамархайн булчин, баруун уушигны гялтан дор, 2 нүдний дунд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
Талийгаачийн цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.
Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт. /хх-ийн 56хуу/

Замын цагдаагийн газрын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Бизханы гаргасан дүгнэлт. /хх-ийн 59хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Ганбат нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Бууралын хороо 05-05 тоот хашааны гаднаас 8394 УБЦ улсын дугаартай исүзү визард маркийн автомашиныг жолоодож хөдлөхдөө Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 1 нас 5 сартай Г.Тэгшдүүрэнг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт,  замын цагдаагийн зохицуулагчийн гаргасан дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч Л.Ганбатад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон ба эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон ба хохирогч ГСанчир нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ярин овогт Лувсандамдингийн Ганбатыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад оногдуулсан 03 жил, 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 83-94 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0200919 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0184325 дугаартай татварын гэрчилгээ зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, талийгаач Г.Тэгшдүүрэнгийн өмсөж явсан хувцасийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Л.Ганбатын сэжигтнээр өгсөн байцаалтын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
    6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ганбатад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үдээсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.МӨНХТУЛГА