Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0021

 

Ао- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранжаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ао- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ао- ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ао- ХХК-ийн эзэмшилд Дархан Уул аймгийн Х сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 454 тоот захирамжаар Х сум, 1 дүгээр баг, 8 дугаар бригадын орчим байрлах газар тариалангийн зориулалттай 497.1 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон. Бид Х сумын Засаг дарга болон газрын даамалтай биечлэн уулзаж, Ао- ХХК-ийг эзэмшил газрын хамт эрх шилжүүлж авсан тухайгаа мэдэгдэж байсан бөгөөд бидэнд газартай холбоотой ямар нэгэн асуудал үүсэж байсан тухай ямар нэгэн зүйл ярьж байгаагүй.

Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 203 тоот хууль бус захирамжаар манай компани эзэмшлийн газар тариалангийн зориулалттай газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд энэ тухайгаа бидэнд мэдэгдээгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар шинэчлэгдсэн хаягаар бус хуучин захирлын нэр дээр болон түүний хуучин хаягаар явуулсан байна.

Ао- ХХК эрх шилжүүлж авахаас өмнө болон түүнээс хойш манай компанийг газрын тухай хууль тогтоомж зөрчиж байсан тухай, мөн зөрчил арилгах талаар Х сумаас албан тоот ирүүлж байгаагүй бөгөөд манай компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Мөн Х сумын Засаг дарга хууль бус захирамжийнхаа талаар бидэнд мэдэгдээгүйгээр зогсохгүй 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 тоот захирамжаар манай газрыг бусдад хуваарилан олгосон хууль бус шийдвэр гаргасан байна. Д аймгийн Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 203 тоот захирамж болон 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 тоот захирамжийн тодорхой иргэдэд холбогдсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ао- ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлийн дагуу судалж үзэхэд сумын Засаг даргын 2013 оны 203 дугаар тоот Захирамжаар Ао- ХХК-ийн эзэмшиж байсан 497,1 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон билээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нь:

Газрын тухай хуулийн 34.2. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 34.7. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно, 34.8. Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, 40.1.1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон зэрэг үндэслэлээр хүчингүй болгосон билээ.

Сумын Засаг даргын 2014 оны 91 дүгээр захирамж нь 2014 оны Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 17 дугаар тогтоолыг үндэслэн иргэдэд газар эзэмшүүлсэн болно. Иймд хуульд нийцүүлэн захирамж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б, М.Д, Ш.Д, Б.Д, Д.Д, С.И, С.О, Л.П, Б.С, Р.Ч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х сумын ахмадуудын газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд Х сумын ахмадуудад газар олгох тухай Х сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 тоот захирамжийг хэвээр үлдээж, Ао- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.2, 40.3, 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Ао- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох тухай 203 дугаартай захирамжийн Ао ХХК-д холбогдох хэсэг, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Ш.Д, Б.С, С.И, М.Д, Л.П, Д.Б, Б.Д, Д.Д, Р.Ч, С.О нарын нэр бүхий 10 иргэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 2014 оны 11 дүгээр сарын 03 өдрийн захиргааны хэргийн 57 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ао- ХХК-ийн захирал Ц.Ариунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын нэхэмжлэлтэй, Д аймгийн Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14 өдрийн 203 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дүгээр захирамжуудыг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн юм.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот захирамжаар газар эзэмших гэрээ гэрчилгээг хүчингүй болгосон ба шалтгаан нь гэрээнд заагдсан нөхцлийг удаа дараа зөрчсөн 9 компанийн газрыг цуцалсан. А о ХХК нь Дархан сумын иргэн Б.Б гэдэг захирлын гарын үсэг тамга тэмдэгтэй байсан. Гэрээнд заасан нөхцлүүдийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр Х сумын багийн иргэдийн Нийтийн Хурлаар хуралдаж газар эзэмших гэрээ гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Иргэд газар тариалалт хийх болоход энэ газрыг худалдаж авсан гэсэн этгээдүүд гарч ирсэн ба газар хураах гэхээр өөр компанид худалдсан гэсэн асуудал гарч ирсэн.

Шүүгч Л.О нь хариуцагчийн талаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй зэрэгт гомдолтой байна. Иймд Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 203 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дугаартай захирамж нь хуульд нийцэж гаргасан тул Ао- ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ао- ХХК-иас шүүхэд гаргасан Д аймгийн Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 203 дугаар захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Д аймгийн Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 203 дугаар захирамжаар ...газрын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ао- ХХК-д газар эзэмших эрх олгосон Д аймгийн Х сумын Засаг даргын 2010 оны 454 дүгээр захирамжийг, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Д аймгийн Х сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 454 дүгээр захирамжаар Ао- ХХК-ийн 497.1 га газрын гэрээг шинэчлэн байгуулахыг даалгаж, Д аймгийн Х сумын 1 дүгээр багт орших газрыг эзэмшүүлсэн[1] байх ба 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус компанийг төлөөлж захирал Б.Б Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[2]-г Х сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулахаар зохицуулсан. Маргаан бүхий захиргааны актад Газар эзэмших гэрээний хавсралт болох байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй нь хууль зөрчсөн гэж үндэслэсэн байх боловч төрийн захиргааны байгууллага нь 2010 онд Ао- ХХК байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байхад газар эзэмшүүлэх гэрээ байгуулахаас татгалзаагүй атлаа одоо зөвхөн нэхэмжлэгчийг буруутган, энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... газрыг шилжүүлэн авахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх ёстой гэж тайлбарлан маргаж байх боловч газар эзэмшигч Ао- ХХК-ийг 2008 онд үүсгэн байгуулагдах үед захирлаар Б.Б томилогдож, 2010 онд хувьцаа худалдах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр Ч.Алтангэрэл нь компанийн удирдлагыг шилжүүлэн авсан, улмаар 2013 оны 07 дугаар сард Ц.Ариунтуяа нь компанийн эрхийг шилжүүлэн авч, гүйцэтгэх захирлаар томилогдон улсын бүртгэлд бүртгүүлсэн нь эрх шилжүүлэх гэрээ[3], улсын бүртгэлийн гэрчилгээ[4], бэлэглэлийн гэрээ[5] зэргээр тогтоогдож байх ба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаас үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг газрыг шилжүүлэн авахдаа дахин хийлгэх талаар зохицуулаагүй, хариуцагчийн уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших эрхийн гэрээг жил бүр дүгнүүлээгүй гэж хариуцагч нь нэхэмжлэгчийг буруутгаж байх ба талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.4-т газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх нь газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг байхаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч Ао- ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээг 2011 оноос хойш огт дүгнээгүй нь хариуцагчийн хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй асуудал гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ... газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон шалтгаан нь гэрээнд заасан нөхцлийг удаа дараа зөрчсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Ао- ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг 497.1 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь С.Даваасүрэнгийн тайлбар, Д аймгийн Х сумын 2010-2013 оны уринш боловсруулалт, ургац хураалтын мэдээ[6]зэргээр тогтоогдож байх ба Ао- ХХК-ийн хууль, гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 203 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж... гэж заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч Ао- ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул тус захирамж болон уг захирамжийн үндсэн дээр тус хуулийн этгээдийн эзэмшиж байсан газрыг Ш.Д нарын нэр бүхий 10 иргэнд эзэмшүүлж шийдвэрлэсэн Д аймгийн Х сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтасны 33 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтасны 7 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтасны 147 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтасны 198 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтасны 200 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтасны 50-58 дахь тал