Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/367

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

иргэдийн төлөөлөгч Б.Аззаяа,

улсын яллагч Э.Бадрал, 

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овгийн Ц.Нд холбогдох эрүүгийн 201725031011 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мянган овгийн Ц.Н, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноосны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-257 тоотод оршин суух,

-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 243а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар НШ73010171.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгын 2 дугаар гудамжны 0149 тоот хашааны орчим Л.Мыг архи нэхэж, өдөөн хоргоосон шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж унагааснаас гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачтай таараад уул нь архи уухгүй байя л гэсэн санаа байсан юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн оршуулгын зардлыг хүлээн зөвшөөрч байна. Ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Насанбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Хоёр хүүхэдтэй үлдсэн, одоо болтол хоёр хүүхэд эцгээ надаас нэхэж байгаа. Миний нөхөр архи уудаг байсан боловч яахаа алдсан архичин биш. Оршуулгын зардлыг нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Ө.Золжаргал мэдүүлэхдээ: “...Хишиг-Ундрах дэлгүүрийн хойд талд согтуу хоёр эрэгтэй хүн бие засаад зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрөөд явчихсан, дэлгүүрийн урд талын гудамж руу айл руу орсон чинь эзэнгүй байхаар нь би буцаад гэр рүүгээ явсан. Тэр хооронд 10 орчим минут л болсон байх, тэгсэн түрүүний бие засаад зогсож байсан хоёр ахын нэг нь газарт дээшээ хараад хэвтэж байсан. Нөгөө ах нь хажууд нь зогсож байхаар нь би хажуугаар нь явсан чинь миний дүү гар утсаараа түргэн дуудаад өгөөч ээ хүн ухаан алдчихлаа гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар 103 дугаар залгаж дуудлага өгье гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжинд хүн ухаан алдаад уначихсан байна гэж хэлсэн. ...мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авахдаа түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн хүний зургийг харуулаад энэ мөн үү гэж асуусан. Би тэр зургийн харсан чинь тэр орой газарт хэвтэж байсан хүний хажууд зогсоод надаас түргэн дуудаад өгөөч гэсэн хүн мөн байсан...” гэжээ /хх-56-57/.

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ: “...Тухайн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтэл дагзны ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх болон доорх цус хуралт тархины 3, 4-р ховдлын цус хуралт, их бага тархи болон уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх харвалт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи болон зүүн хөмсгөнд уярах, зүүн нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон байна. Талийгаачийн нүүрэнд шарх цус хуралт гэмтлүүд нь тусдаа нэг удаагийн үйлчлэлээр харин гавал тархины битүү гэмтэл нь толгойн ар хэсэгт тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Нүүрний хэсэгт цохигдон унах үед толгойн арын хэсэгт гэмтэл авч болно. Иймд 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ гэж үзсэн. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан, орон зай, цаг хугацааг баримжаалах чадвар, өөрийгөө хамгаалах чадвар буурдаг. Хүмүүсийн архи даах чадвар харилцан адилгүй байдаг учраас нарийвчлан хэлэх боломжгүй юм. Талийгаач Л.Мын хувьд өөрийгөө хамгаалах чадвартай байсан эсэх, мөн өөрийн гэсэн ухамсарт үйлдэл хийх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ /хх-48-49/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн цогцост үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1047 дугаар дүгнэлт:

“Гадна үзлэг: Цогцосны урт 173м. Биеийн галбир зөв. Булчингийн хөгжил дунд Өөхөн эдийн хөгжил дунд, толгойдоо 8.5см буурал үстэй. 2 нүдний зовхинууд хаалттай. Салстын өнгө цайвар ягаан. Хүүхэн хараа 2 талд ялгарахгүй. Эвэрлэг булингартсан. Хамрын яс, мөгөөрс бүтэн. Хамраас гарсан зүйлгүй. Уруул ягаан  өнгөтэй. Ам хаалттай. Амнаас гарсан зүйлгүй. Буйл, завьжны салст цайвар ягаан өнгөтэй. Дээд баруун 1-р шүднээс бусад шүд бүрэн. Цогцос гүйцэд хөрөөгүй. Хөшилт эрүүнд тод, хүзүүнд сул, гаранд сул, хөлөнд сул илэрсэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн. Цээжний хэлбэр зөв, хэвлий өөрчлөлтгүй. Шээсний сүвнээс гарсан зүйлгүй, өтгөний сүвнээс гарсан зүйлгүй Гадна бэлэг эрхтний хөгжил зөв. Зүүн нүдний дээд зовхинд 1.5х0.2см, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт 1.4х0.2см зах ирмэг тэгш шархтай. Уг шархнуудаас цус гарч урссан байдалтай, зүүн нүдний дээд зовхинд 3.3х0.8см хөхөлбөр өнгийн цус хуралттай, өөр биед ил харагдах гэмтэлгүй байв.

Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргууд дагзны хэсгийн хуйханд 8х6см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун, зүүн чамархайн булчинд өөрчлөлтгүй. Гавлын орой суурь яс шалгахад: Дагзны төвгөрөөс баруун доод чиглэж дагз ясны баруун доод хонхрын голоор гарч баруун чулуулаг ясны ар доод ирмэг хүрч төгссөн, дагзны төвгөрөөс дээш чиглэж дагз зулайн заадас хүрч төгссөн шугаман хугаралтай, уг хугарлын дундаас зүүн тийш салаалж дагз ясны зүүн дээд доод хонхрын заагт 4см үргэлжилсэн хугаралтай. Тархины хатуу хальс бүтэн дагзны баруун доод хонхрын хатуу бүрхүүл дээр ялтаслагч 5хЗсм 0.5см зузаан хүрэн улаан өнгийн хатуу хальс болон ясанд наалдаагүй, биежиж буй цустай, хатуу бүрхүүлийн доор зулай хэсэгт Зх2см, дагз хэсэгт 4хЗсм талбайд 0.5см хүртэл зулаан хүрэн улаан өнгийн хатуу хальс болон ясанд наалдаагүй, биежиж буй цустай. Тархи 19x15.5x7.5см, тогтоц улбагардуу, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, ховил гүехэн, далан намссан, орой хэсгийн судсууд цус дүүрэлттэй, зөөлөн бүрхүүл нимгэн толигор тархины эдийн зааг тод. Бага тархи 10.5x5x4.5см, тогтоц улбагардуу, 2 тал бөмбөлөг хэм тэгш, зөөлөн бүрхүүл нимгэн, толигор. Тархины эдэд илэрсэн голомтот эмгэг өөрчлөлт: Их тархины суурь болон хоёр талын чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доор тархмал 0.5см хүртэл зузаан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалттай, бага тархины дээд болон доод гадаргууд нимгэн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалттай, их тархины 3,4-р ховдолд дүүрэн хүрэн улаан өнгийн биежиж буй хүрэн улаан өнгийн цустай. Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад дотор эрхтнүүдийн байрлал зөв, илүүдэл агууламжгүй. Гол судас цээжний хэсэгт 5см, хэвлийн хэсэгт 4.5см, агшилт 2.5см, агууламжгүй, судас хатуурлын сорвит товруунуудтай. Хэл бүтэн, нимгэн цайвар өнгөртэй, угийн хөхлөг тод гэмтэлгүй. Ховч яс бүтэн, хугаралгүй. Бамбай булчирхай зүсэхэд махархаг, хүрэн ягаан, залгиур чөлөөтэй. Улаан хоолойн салст хөхөлбөр саарал, агууламжгүй, дагуу хуниас тод. Төвөнхийн мөгөөрс бүтэн. Цагаан мөгөөрсөн хоолойн салст хөх ягаан өнгөтэй, агууламжгүй, цагираг бүтэцтэй, угийн булчирхай томроогүй. Уушги ягаан өнгөтэй, гадаргуу гөлгөр, дэлбэнгийн байдал бүтэн, хийжилт дунд, зүслэгийн талбай цусархаг, голомтот гэмтэл эмгэг өөрчлөлтгүй. Бөөрний дээд булчирхай баруун нь 5x3x0.4см, зүүн нь 5х3.5х0.4см, хэлбэр навч, эдийн давхраа тод, голомтот гэмтэл эмгэг өөрчлөлтгүй. Бөөрний өөхөн эдийн хөгжил дунд. Бөөр баруун нь 10.5x5x4.5см зүүн нь 10.5х5.5х4.5см, хүрэн бор өнгөтэй, хэлбэр шош, тогтоц биелэг, эдийн зураглал тод, зүслэгийн талбай цусархаг, тэвшинцэр цайвар, хальс хялбар хуурна.  Давсаг бүтэн, тунгалаг шаргал шээстэй. Үнхэлцэг хальс бүтэн, хөндийдөө тунгалаг шаргал шингэнтэй. Зүрх 11х9х7см, тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, хэлбэр дусал, баруун, зүүн тосгуур, ховдолд бага зэрэг шингэн хүрэн улаан цустай, хавхлаасын байдал: нимгэн, хавхлаасын дэлгэсэн урт: 2 хавтаст хавхлага 8.5см, 3 хавтаст. 

6 Талийгаачид химийн шинжилгээгээр цусанд 3.5 промилли, шээсэнд 4.4 промилли, ходоодны шингэнд 6.7 проилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 3.5 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7,8. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэжээ /хх-61-62/.  

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-14/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/, 

Ц.Нг хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 568 тоот дүгнэлт /хх 85-86/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгын 2 дугаар гудамжны 0149 тоот хашааны орчим Л.Мыг архи нэхэж, өдөөн хоргоосон шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж унагааснаас гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Насанбаярын мэдүүлэг, гэрч Ө.Золжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн цогцост үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1047 дугаар дүгнэлт зэрэг хавтаст мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Иймд шүүх, шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Насанбаяр 6.458.927 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэргийн учир шүүгдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бичигтэй цагаан өнгийн хагас ханцуйтай фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор шаргал өнгийн нимгэн өмд, ягаан өнгийн турсик, бүдэг цэнхэр эрээн өнгийн 1 хос оймс, хүрэн өнгийн нэг хос сандаал зэргийг устгахаар шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянган овгийн Ц.Нг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 107 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бичигтэй цагаан өнгийн хагас ханцуйтай футволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор шаргал өнгийн нимгэн өмд, ягаан өнгийн турсик, бүдэг цэнхэр эрээн өнгийн 1 хос оймс, хүрэн өнгийн нэг хос сандаал зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нгээс 6.450.927 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Насанбаярт олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Нгийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                              Б.ХАЛИУН

 

                                                                                         С.БАТГЭРЭЛ