Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905024620911 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, "............." ХХК-нд менежер ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .......... дугаар хороо, ........... дүгээр хороолол, .......... дугаар байр, ............. тоотод оршин суух, ялгүй, ............... дугаарын регистртэй, Т овогт Бын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Э бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Гэд Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1.880.000 төгрөг буюу 800.000 вонн бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хавтаст хэрэгт бичигдсэн зүйл үнэн зөв байгаа тул нэмж ярихгүй. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдолыг ойлгож байгаа гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Гын Г “… би найз Сугаррагчаагаар дамжуулан 2019 оны 1 дүгээр сард Э гэдэг залуутай танилцсан. Тухайн үед Э өөрийгөө Солонгос улсын виз гаргадаг гэж хэлж байсан. Тэгээд би тэр залууд би Солонгост очиж ажиллах хүсэлтэй байгаа юм гэж хэлэхэд болно бүтнэ гэсэн. Уулзахдаа Э надад хандаж визэнд ороход шаардагдах материалыг бүрдүүлээрэй, эргээд уулзъя гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 2 дугаар сарын 5-ны орой 20 цагийн үед найз Сугаррагчаатай хамт Этой уулзсан. Тухайн үед уулзахдаа анх хэлсэн бичиг баримтыг нь бүрдүүлээд мөн Эын хэлснээр визний материалын урьдчилгаа мөнгө гэж 1.880.000 төгрөг буюу 800.000 вонныг найз Сугаррагчаагийн хамтаар хорооллын Аз хүүхдийн их дэлгүүрийн урд зогсоол дээр бэлнээр өгсөн. Э тэгэхэд 2019 оны 3 дугаар сарын 12-нд Солонгос явуулж өгнө гэсэн боловч явуулаагүй. Учир байдлыг нь Эоос асуухад Солонгосын сайд ирчихсэн, явуулах хүмүүсээ хойшлуулж байгаа, 5 дугаар сарын 11-ний өдөр найдвартай явуулна гэсэн боловч явуулж өгөөгүй. Үүнээс хойш 5 дугаар сарын 16-ны өдөр уулзахад би мөнгийг чинь 2019 оны 5 дугаар сарын 18-ний өдөр буцааж өгье гээд миний дансны дугаарыг бичиж авсан. Тэгээд тэр өдрөөс хойш удаа дараа утсаар залгахад утсаа авахгүй алга болсон. Мөнгө өгсөн өдөр миний гадаад паспорт, оршин суугаа газрын тодорхойлолт, дансны хуулга, гэрлэлтийн лавлагаа зэргийг аваад явсан. Хамгийн сүүлд миний мөнгийг буцааж өгөхөөр болоод 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уулзахад мөнгийг чинь буцааж өгнө. Тийм учраас мөнгөө буцааж авлаа гэсэн бичиг хийгээд өгчих, мөнгө чинь дансаар чинь орчихно гэж хэлээд надаар бичиг хийлгэж авсан. Би мөнгөө аваагүй байсан мөртлөө мөнгөө хүлээж авлаа гэсэн бичиг хийж өгсөн. Тэр бичигний дээр бид 2 хоёулаа гарын үсгээ зурсан. Тухайн үед намайг хуурч гарын үсэг зуруулсан.

Эоос хохирлын мөнгө болох 1.700.000 төгрөг авч хохирлоо барагдуулсан. Тиймээс Этой сайн дураараа эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-н 15-16, 74/ гэж,

гэрч Пүрэвээгийн Сугаррагчаа “... би тэр хүнтэй ямар нэгэн хамаатан садан болон дотно харилцаа байхгүй. Этой 2018 онд анх ажил хэргийн шугамаар танилцсан. Би өөрөө хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэр үед Э надад хүүтэй мөнгө зээлдэг байсан. Сap өдрийг нь сайн санахгүй байна, Э над руу утсаар залгаад, би Солонгос руу хүн явуулсан. Чи явахгүй юм уу гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Энэ талаар өөрийн найз Гэд хэлэхэд манай найз уулзаад үзье гээд анх би тэр хоёрыг 2019 оны 1 дүгээр сард танилцуулсан. Түүнээс хойш тэр хоёр хоорондоо утсаар ярьж визний асуудлыг ярьж тохиролцсон юм шиг байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо ярьж тохироод болно бүтнэ гээд мөнгө төгрөг өгч авалцах дээрээ тулсан байсан. 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би найз Гийн хамтаар Этой хорооллын Аз хүүхдийн их дэлгүүрийн гадаа машиний зогсоол дээр уулзаж Г түүнд бичиг баримт болон 800.000 вонн бэлнээр өгсөн. Тухайн үед Г мөнгөө надтай хамт вонн болгож солиулаад Эод өгсөн. Тэр өдрөөс хойш би Этой уулзаагүй. Э манай найз Гийг визийг гаргаж өгөөгүй гэсэн. Эыг хаана ямар ажил эрхэлдэг талаар мэдэхгүй. Э Гээс мөнгө авч байхдаа ганцаараа явж байсан. Э бэлнээр 800.000 вонн авсан. Надад хэлэхдээ би хүнээр дамжуулан Солонгос руу 2 хүн гаргасан гэж хэлж байсан” /хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Г “... гомдолгүй, ... бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. /хх-н 74/

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Товууд овогт Баасанжавын Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Б.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Б.Эод цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эод урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ