Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 200/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар Э.Билгүүн

Хохирогч Г.Батцэрэн

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Тад холбогдох эрүүгийн 2034000000281  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Т нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Буурлын хүрэн дэл” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой өөрийн тэжээдэг орчиндоо аюул учруулж болох нохойг уяанаас нь суллаж зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө иргэн Г.Батцэрэнгийн баруун талын гарынх сарвуу хэсэгт түүний нохой хазаж, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Тгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч С.Т нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Буурлын хүрэн дэл” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой өөрийн тэжээдэг орчиндоо аюул учруулж болох нохойг уяанаас нь суллаж зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө иргэн Г.Батцэрэнгийн баруун талын гарынх сарвуу хэсэгт түүний нохой хазаж, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  тал/
  • Хохирогч Г.Батцэрэнгийн өвчтөний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-37 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 42 тал/
  • Хохирогч Г.Батцэрэнгийн хохирлын баримтууд /хх-ийн 59-62 тал/
  • Хохирогч Г.Батцэрэн, шүүгдэгч С.Т нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63, 67 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 68 тал/
  • Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дугаартай “...Г.Батцэрэнгийн биед баруун сарвууны хугарал, баруун сарвуун зөөлөн эдийн няцрал, шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 18-19 тал/,
  • Хохирогч Г.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр танил болох Анжигатай Төв аймгийн төвийн зүүн энгэрт таарсан бөгөөд жаахан ярьж зогсоход хоёулаа хамт айлд очоод ямаа самнаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явахаар болоод 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян- Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Д.Халтар гэх айлын өвөлжөөнд тухайн өдрийн 17 цагийн орчим очсон юм. Тухайн айлдаа очиж хоночихоод 4 өдөр ямааг 5000 мянган төгрөгөөр бодож самнасан юм. Тухайн айл нь хоёр нохойтой бөгөөд нэг нохой нь байнга уяатай байдаг байсан. Тухайн айлын эзэн Халтарын эхнэр нь болох эмэгтэй тухайн уяатай байсан нохойгоо 2020 оны 04 дүгээр сарын 6-ны орой уяанаас нь сулласан юм. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн орчим ямаагаа самнах гээд би гэрээсээ гараад малын хотруу нь орсон чинь Халтар гэх хүний хүүхэд нь болох эрэгтэй гэрт хоёр ишиг байгаа аваад ирээчээ гэж хэлсэн. Би нохойноос айдаг юмаа нохой чинь сул байна шүү гэж хүүхдэд нь хэлсэн. Тэгсэн чинь хүүхэд нь зүгээр зүгээр өөдөөс баавгай баавгай гэж дуудаад оч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хоёр ишгийг авах санаатай гэрлүү нь орох гэхэд тухайн айлын нохой үүдэнд нь хэвтэж байсанаа босож ирээд надруу дайрсан. Би айгаад гэрлүү орох гэхэд миний баруун талын гарын сарвуунаас хазсан. Тэгээд би гараа хазуулсаныхаа дараа гэрлүү нь гүйж ороод суугаад гараа хартал гарнаас их цус гараад том язарчихсан байсан. Тухайн айлын эзэн Халтарын эхнэр нь болох эмэгтэй миний гарыг боож өгсөн бөгөөд хүүхэд нь намайг аваад тухайн өдрийн 12 цагийн орчим Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт гараа үзүүлэхэд чигчий хурууны шөрмөс нь тасарсан, чигчий хурууны яс цуурсан байна гэж эмч нь надад хэлсэн. Би хагалгаанд орж 2 хурууны шөрмөсөө залгуулсан. Чигчий хурууных нь шөрмөс залгах боломжгүй байна гээд эмч нь тайраад авсан. Эдгэсний чинь дараа хөлнөөс чинь шөрмөс авч залгаж болно гэж хэлсэн. Тухайн Халтар гэх айлаас надад эмчилгээний төлбөр болгож 300,000 төгрөг дансаар өгсөн. Цаашид чигчий хуруу ажиллагааггүй болох магадлалтай, дахин эмчилгээ хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул би гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн нохойны эзэн нь Халтар гэх хүн байгаа юм. Яагаад уяанаас нь тавих болсоныг нь би мэдэхгүй байна. Намайг очиж ямаа самнасанаас хойш нохойгоо тавихгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой л Халтар гэх хүний эхнэр нь уяанаас нь тавьчихсан...,... Би дахин хагалгаанд орж баруун гарын чигчий хурууны шөрмөсөө залгуулах шаардлагатай байна. Би тухайн нохойны эзнээс нь эмчилгээний 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн айлд очоод 30 ямаа самнасан бөгөөд цалин хөлс болох 180,000 төгрөг авсан. Нохойд хазуулсаны дараа эмчилгээний зардал болгож 300,000 төгрөгийг дансаар авсан байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
  • Гэрч Д.Халтарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эхнэр Туяа болон нэг хүүхдийн хамтаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Буурлын хүрэн дэл гэх газарт амьдардаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим манай хүү Нармандах ямаа сануулахаар Анжига гэх залууг эхнэр хүүхдийнх нь хамт болон найз нь гэх Батцэрэнгийн хамт дагуулж ирсэн.Тэгээд тухайн хоёр залуу манай гэрт 2 хоног тасралтгүй ямаа самнаж байрласан. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн орчим ямаа самнаж байсан Анжига, Батцэрэн хоёр ямаагаа барьчихсан малын хотон дотор байгаа харагдсан. Тэгээд би гэртээ орж байж байгаад гэрээсээ гартал Батцэрэн гэрийн хажууд гэрлүү орох гээд ирж явсан. Батцэрэн надаас нохой зүгээр үү гэж асуухаар нь би нохойгоо барих гэхэд манай баавгай нэртэй нохой бид хоёрын голоор гүйгээд Батцэрэнгийн баруун гарнаас нь хазах шиг болсон. Батцэрэн манай гэрлүү гүйгээд орсон. Би нохойгоо барьж аваад уясан.Тэгээд буцаад гэртээ ороод Батцэрэнгийн гарыг хартал манай эхнэр маарлаар Батцэрэнгийн баруун гарын сарвуу хэсгийг боогоод байж байсан. Тэгээд боож дуусаад манай хүү Нармандах, эхнэр Туяа хоёр Батцэрэнг аймгийн нэгдсэн эмнэлэгрүү авч явсан..., ...Манай гэрийн орчим чоно элбэг байдаг бөгөөд мал барьчих гээд байдаг болохоор нь хоттой малаа мануулах гээд манай эхнэр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим уяанаас тавьчихсан. Ер нь манайх нохойгоо оройд дандаа сул тавьж малаа мануулдаг байсан. Тухайн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой тэнгэр цаг агаарын байдал муу болохоор нохойгоо сул тавьчихсан. Өглөө эрт байсан болохоор хоол цай хийгээд ажил ихтэй болохоор уяж амжаагүй байсан..., ...2018 оны 12 дугаар сард манай хотонд төрж байсан. 3 настай нохой байгаа юм. Манай эхнэр л хооллож өсгөсөн бөгөөд манай эхнэрийн эзэмшлийн нохой байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
  • Гэрч Х.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн орчим Анжига, Батцэрэн хоёр малын хашаанд ороод самнах ямаагаа бэлдсэн.Батцэрэн манай аавын гэрт очиж хоёр ишиг авах гээд малын хашаанаас гараад явсан. Би Анжигатай хамт ямаа хөхүүлээд зогсож байсан чинь манай аав Халтар нохой хүн урчихлаа гээд хашгирсан.Тэгээд би аавын гэрт гүйгээд орсон чинь Батцэрэнгийн гарнаас цус гарчихсан. Ээж гарыг нь маарлаар боогоод байж байсан манай эжийн эзэмшлийн нохой байгаа юм.Урьд нь хүн урж байгаагүй. Мотоцикльтой хүн рүү л дайраад байдаг..., ...хамгийн ойрхон айл нь 5 км орчмын зайтай байдаг. Өөр ойр орчимд айл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
  • Гэрч Л.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө би Батцэрэн, Нармандах хоёрын хамт малын хашаанд ороод самнах ямаагаа барих гээд байж байхад Нармандах Батцэрэнд хандан чи манай гэрт ороод ихэр ишиг байгаа аваад ирээч гэж хэлсэн.Тэгсэн чинь Батцэрэн танай гэрийн үүдэнд нохой чинь байна. Би айгаад байна гэж хэлсэн. Нармандах зүгээр зүгээр Баавгай Баавгай гэж дуудаад яваад оч гээд Батцэрэнг явуулсан. Тэгсэн чинь удалгүй Халтар ах Нармандах бид хоёрыг дуудахаар нь Халтар ахын гэрт бид хоёр яваад ороход Батцэрэнгийн баруун гарыг нь боогоод байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  • Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой Батцэрэнг гэрээс гарч бие засах гээд гарчихаад буцаад ороод ирсэн. Яасан бэ гэхэд нохойгоо сул тавьчихсан байна гарч чадахгүй байна гэж хэлсэн.2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө нохойгоо уяагүй байхад нь Батцэрэн нохойд хазуулчихсан ю...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Шүүгдэгч С.Тгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Батцэрэнд эмчилгээ хийлгэж бай гээд 300.000 төгрөг өгсөн. Одоо би эмчилгээний баримтаар гарсан бүх зардлыг нөхөн төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Т нь 2020 оны 5 сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 46, 67 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 28-ны өдөр 67 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-68, 73 тал/ 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч С.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

С.Тд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батцэрэн нь баримтаар хохирлын 81120 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч С.Т нь хохирлын 300.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батцэрэн нь “...тухайн үед чигчий хурууны шөрмөс нь тасарсан, одоогийн байдлаар өвдөлт нь гайгүй болсон. Эмч эдгэрсний дараа хөлнөөс чинь шөрмөс авч залгаж болно гэсэн. Шөрмөс залгуулах хагалгааны мөнгө нэхэмжилнэ” гэх боловч энэ тэлээрх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Г.Батцэрэн нь цаашид гарах эмчилгээ зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүгдэгч С.Тд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Таг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.Таг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тад оногдуулсан дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээх тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Таг дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т нь хохирогч Г.Батцэрэнд хохирлын 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Батцэрэн нь цаашид гарах эмчилгээ зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА