Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/992

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Ц.Батзориг

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905041991235 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-  2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 02-03 цагийн хооронд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 16 дугаар гудамжны 122 тоотод гэртээ хамтран амьдрагч Ч.У- “хүүхдээ харсангүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, хувцаснаас нь татаж зүүн хацрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.У- мөрдөн байцаалтанд: 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 02:30 цагийн үед хамтран амьдрагч Наранбаасан согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд агсам тавьж эхэлсэн...Хүүхдүүдээ гэртээ хүнгүй орхилоо гэж маргаан гарсан. Тухайн үед би нөхрийнхөө урдаас уур хүрээд нөхрөө янз бүрээр хэлсэн. Тэгээд маргаан гараад би нөхрийгөө гэрээс хөөгөөд алгадсан. Манай нөхөр намайг...чи хэдэн хүүхдүүдээ харж чадахгүй, хаяад явлаа гэж хэлээд намайг 2-3  удаа алгадаад, гараараа цохисон. Тэгээд тэр өдрөө бид хоёр амраад маргааш нь би цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтлийг Наранбаасан учруулсан. Хэрэг болох үед би их ууртай байсан учраас нөхрийгөө янз бүрээр хэлсэн. Одоо бид хоёр хоорондоо учраа олоод цаашдаа эв зүйгээ олоод амьдрах талаар хоорондоо ярилцаад нэг шийдэлд хүрсэн байгаа. Дахин ийм асуудал давтагдахгүй байх. /хх-ийн 7, 30/ гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8/,

         *******- мөрдөн байцаалтанд: Манай хүн өөрийн сайн дураар Есүсийн сүмд явдаг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа явчихаад өдөр нь 13 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн чинь манай нэгдүгээр ангийн охин, цэцэрлэгт явдаг 4 настай охин нар хойд талын айлд ороод тоглож байсан. Бага охин болон одоо ой хүрч байгаа охин маань болохоор гэртээ ганцаараа уйлж байгаад нус, нулимсандаа хутгалдчихсан унтаад өгсөн байсан. Тэгж унтахдаа манай гэрийн тогны урт залгуурын хажуу талд, залгуурны утас нь хоолой дээгүүр нь тавигдчихсан байсан бөгөөд тэр нь надад их эвгүй харагдсан учраас би их айсан. Тэгээд би бага охиноо аваад байж байхад манай эхнэр миний араас нэг их удалгүй ороод ирэхээр нь би ...чи одоо бага насны хүүхдүүдээ ингэж орхиод байхдаа яадаг юм хэрэв чи бид хоёрыг байхгүй хойгуур янз бүрийн асуудал болвол яах юм... гэсэн чинь манай хүн миний өөдөөс шал өөр юм яриад ...зүгээрээ зүгээр дээрээс тэнгэр харж байгаа... гэхээр нь миний уур хүрээд эхнэрээ баруун гараараа 2 удаа алгадчихсан. Тэрнээс болоод жаахан маргаан гарч байгаад бид хоёр учраа олоод байж байхад манай хүн дэлгүүр орно гээд гэрээс банкны виза карт аваад гарсан боловч цагдаа дээр очоод өргөдөл гаргаад өгчихсөн байсан. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ маргаад биед нь халдсан асуудалдаа маш их гэмшиж байна. Одоо бид хоёр учраа олчихсон бөгөөд энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдүүлмээр байна...Би тухайн үед жаахан бухимдсан асуудлаас болж эхнэртээ гар хүрсэн асуудалдаа маш их гэмшиж байна. Уг нь би эхнэрийгээ ямар зан ааштай гэдгийг мэддэг боловч тухайн өдөр өөрийнхөө биеийг барьж чадалгүй асуудал гаргасан. Асуудалдаа маш их харамсаж байна. Эхнэр бид хоёр эвлэрсэн байгаа. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байхгүй /хх-ийн 32, 64/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10484 дугаартай дүгнэлтэнд: Ч.У-ийн биед зүүн хацрын цус хуралт, дээд уруулын зөөдөн эдийн няцрал, язрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт,

 

Дуудлагын лавлагааны /хх-ийн 42/,

        Шүүгдэгч *******-гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-74/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******-  2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-03 цагийн хооронд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 16 дугаар гудамжны 122 тоотод гэртээ хамтран амьдрагч Ч.У- “хүүхдээ харсангүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зүүн хацрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.У-ийн”...чи хэдэн хүүхдүүдээ харж чадахгүй, хаяад явлаа гэж хэлээд намайг 2-3  удаа алгадаад, гараараа цохисон...Миний биед учирсан гэмтлийг Наранбаасан учруулсан” гэсэн мэдүүлэг  болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

 

4. *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ