Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 145 тоотод оршин суух, Жонон овогт Жамъянгийн Ганбаатар /РД:ВА80110717/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди, 22, Моннис бьюлдинг 8 дугаар давхарт байрлах “Саусгоби сэндс” ХХК-д  холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор 30 046 511 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.     

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Ганбаатар нь тус компанид мастераас эхлэн уул уурхайн олборлолтын даргын албан тушаал хүртэл дэвшиж ажиллаж байсан. Тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд уг шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00484 шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, урд ажиллаж байсан ажилтай дүйцэхүйц ажилд эгүүлэн авахыг ажил олгогчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 18.504.290 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хариуцагч компани нь 16.682.229 шимтгэл төлсөн.  Ж.Ганбаатар нь дээрх шийдвэрийн дагуу дүйцэхүйц ажил албан  тушаалд ажилд орох саналыг 2-3 удаа тавьж, мөн өмнө уул уурхайн олборлолтын дарга байхдаа 9.000.000 төгрөгийн цалин авч байснаа 7.800.000 төгрөг авахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон. Ажил олгогчтой контрактын гэрээ байгуулах эсэх талаараа маргаантай байсан. Нэхэмжлэгч өмнө нь ажлаас халагдахдаа контрактын гэрээгээр ажиллаж байсан учир мөн контрактын гэрээ байгуулж ажиллана гэсэн шаардлагыг ажил олгогчид тавьсан боловч хүлээн аваагүй. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Уул уурхайн яаманд уул уурхайн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учир эргээд ажилд орох боломжгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажлын 68 хоногийн цалин 30.046.511 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ганбаатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Ганбаатарыг өмнө нь ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгасан. Шийдвэр гарсанаас хойш талууд ярилцаад давж заалдах шаардлагагүй гэж үзсэн. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Ганбаатартай уулзаж, эгүүлэн ажилд авъя гэхдээ таны ажиллаж байсан уул уурхайн олборлолтын даргын албан тушаал цомхотголд орсон учраас дүйцүүлж өөр албан тушаалд томилохоор болж, цалинг 7.800.000 төгрөгөөр тохиролцсон. Тухайн уулзалтаар Ж.Ганбаатар нь надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн тохиолдолд ажилдаа  буцаж орохгүй гэх шаардлага тавьсан боловч ажил олгогч ийм их хэмжээний мөнгө гаргах боломжгүй, ажлаа хийгээд цалингаа аваад явах хэрэгтэй гэх шаардлагыг тавьсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч компанийн ерөнхийлөгчийн Ж.Ганбаатарыг шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу өмнөх ажилтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах зэрэг утга бүхий тушаалыг гаргаж, нэхэмжлэгчид гардуулан хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь одоо шууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Компанийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу 7 хоногийн дараа Ж.Ганбаатартай холбоо барьж болохгүй байсан тул гэрийнх нь хаягаар ажилдаа орох тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин гэрийнх нь хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч эргээд цахим хаягаараа би хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллахгүй контрактын гэрээ байгуулна гэсэн хариу ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь иргэний ховор авъяас, иргэний гоц авъяасыг хөлслөн авч, ашиглах зорилгоор иргэнтэй контрактын гэрээг байгуулж болно, мөн 22.2 дахь хэсэгт контрактын гэрээ байгуулж болох албан тушаалын жагсаалтыг баталсан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 93 тоот тушаалын хавсралтанд ажил олгогч нь өөрийн сонголт шийдвэрээр гэрээ байгуулж болох ба заавал ажилтантай контрактын гэрээ байгуулна гэсэн үүрэг байдаггүй. Ажил олгогчийн зүгээс Ж.Ганбаатарыг заавал контрактын гэрээ байгуулж ажиллахаар ховор гоц авъяастай хүн гэж үзээгүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагыг тавьсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Уул уурхайн яаманд бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байснаас харахад зунаас хойш өөр ажилд орохоор хөөцөлдсөн гэдэг нь харагдаж байгаа учраас энэхүү хугацаанд ажилгүй байсан гэх хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй, манай компанид анхнаасаа ажиллах сонирхолгүй байсан юм байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ганбаатарын гаргасан  ажилгүй байсан хугацааны олговорт 30 046 511 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Ганбаатар нь 2014.04.01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай “Саусгоби сэндс” ХХК-тай контрактын гэрээг байгуулан уурхайн ашиглалт, олборлолтын  хэлтсийн даргаар ажиллаж байгаад мөн оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/165R тушаалаар “Овоот толгойн уурхайн даргын орлогч бөгөөд олборлолт, ашиглалтын хэлтсийн дарга”-ын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

“Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.02.22-ны өдрийн 16/31R тушаалаар Ж.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгосоныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.16-ны өдрийн 00484 дүгэээр шийдвэрээр Ж.Ганбаатарыг “Саусгоби сэндс” ХХК-д Овоот толгойн уурхайн орлогч дарга бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын хэлтсийн дарга буюу түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2016.09.30-ны өдрийн уулзалтаар талууд харилцан тохиролцсон гэх бөгөөд Ж.Ганбаатарыг 2016.10.02-ны өдрөөс эхлэн сарын цалинг 7 800 000 төгрөгөөр тогтоон, тус компанийн уурхайн ашиглалт, олборлолтын хэлтсийн менежер албан тушаалд дүйцүүлэн томилсон “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2016.09.30-ны өдрийн 01/201 тушаал хэрэгт авагдсан байна.

Хөдөлмөрийн  тухай хуулийн 22 дугаар зүйлд иргэнтэй контракт байгуулах зорилго, контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил /мэргэжил/, албан тушаалын жагсаалтыг батлах эрх бүхий субъектыг заасан байх бөгөөд уг жагсаалтыг үндэслэн Ж.Ганбаатар нь контрактыг бичгээр байгуулахыг хүссэн байна.        

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000.04.11-ний өдрийн 93 дугаар тушаалаар Хөдөлмөрийн  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил /мэргэжил/, албан тушаалын жагсаалтыг баталсан, энэхүү тушаалын хавсралтын Б-2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, алба, хэлтэс, тасгийн менежер, аж ахуйн нэгж, байгууллагын доторхи нэгж, хэсгийн удирдах албан тушаал”-д  контракт байгуулж болохоор заасан байна.

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, эсхүл мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар контракт байгуулах эсэх талаар маргаан үүсч, улмаар талууд зөвшилцөлд хүрээгүйгээс ажил олгогч, ажилтан 2-ын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.16-ны өдрийн 00484 дүгэээр шийдвэр гарсанаас хойш 2016.11.17-ныг хүртэл Э.Ганбаатарыг ажилгүй байсан гэж дүгнэж, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 өдрийн цалин 441 860 төгрөгөөр тооцож 30 046 511 төгрөгийг хариуцагчаас  гаргуулахыг хүссэн Ж.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар   түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1,  46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Саусгоби сэндс” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 30 046 511 төгрөг гаргуулж Ж.Ганбаатарт олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Саусгоби сэндс” ХХК-иас 308 190 төгрөгийг гаргуулж Ж.Ганбаатарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ