Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/00968

 

2017 оны 04 сарын 26 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00968                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид харш хороолол, 5б байр, 20 тоотод оршин суух, Олгой овогтой Мөнхөөгийн Янжинсүрэнгийн /РД:СЮ74102701/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан, Дүнжингарав 51а тоот, “Соёмбо групп” ХХК-д /РД:5364531/ холбогдох,

 

Гэрээ цуцалж, учирсан хохиролд 22.734.845 /хорин хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Янжинсүрэн, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Соёмбо групп” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах тухай” 111/1-40 тоот гэрээг байгуулж 17,960,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Гэрээнд орон сууцыг 2015 оны 4 сард эхэлж, 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч одоогийн байдлаар барилгын ажил огт эхлээгүй байгаа бөгөөд тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байна. Уг орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа мөнгийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хадгаламжийн данснаасаа 11,850,000 төгрөг, цалингийн зээл авч 5,350,000 төгрөг, 2016 оны 1 сарын 15-нд 760,000 төгрөг нийт 17,960,000 төгрөгийг бүрдүүлж “Соёмбо групп” ХХК-д төлсөн. Анх гэрээ байгуулах үед “Барилгын ажил эхэлж байгаа”, “Бүх бичиг баримтаа авсан” гэсэн хуурамч, буруу ташаа мэдээллийг надад өгч, захиалга авсан. Гэтэл барилгын ажлаа огт эхлэхгүй байсан учир тус компани дээр удаа дараа очиж уулзахад “арматураа татсан, мөд эхлэнэ” гэх зэргээр худал мэдээлэл өгсөөр өдий хүрлээ. Сүүлд “барилга барих зөвшөөрлөө аваагүй” гэдгээ хэлсэн. Би мөнгөө буцааж авах талаар 3 удаа өргөдөл өгч, олон дахин очиж уулзаж байсан боловч шийдэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч, надад маш их чирэгдэл хохирол учруулаад байна. Мөн одоо эхлээгүй байгаа барилга 2017 онд эхэлж, баригдаж дуусах эсэх нь тодорхойгүй, одоогийн байдлаар санхүүжилт орж ирээгүй гэдэг шалтгаан хэлж байгаа бөгөөд улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед уг орон сууцны барилга цаашид баригдахгүй байх бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа тул гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 17,960,000, учирсан хохиролд 4,774,845, нийт 22,734,845 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ХХБ-д данстай, хугацаатай хадгаламжийн хүү сарын 1.266 хувь гэж тооцон нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгсөн, хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна,

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Янжинсүрэн нь хариуцагч Соёмбо групп” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, учирсан хохиролд 22.734.845 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ орон сууцны барилга баригдахгүй байх бодит нөхцөл байдал үүссэн тул гэрээг цуцалж хохирлоо гаргуулна гэж тайлбарлав.

 

2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Соёмбо групп” ХХК нь М.Янжинсүрэнтэй “Орон сууц захиалгаар бариулах тухай” 111/1-40 тоот гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 17,960,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээгээр хариуцагч нь барилгын ажлыг 2015 оны 4 дүгээр сард эхлүүлж, 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба гэрээний зүйл нь ажлын үр дүн байх нөхцлийг шаарддаг.

 

Талуудын байгуулсан гэрээний нөхцөл болон 1.1, 1.3-т заасан тохиролцооноос дүгнэхэд Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд барих барилгаас 29.95 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд нэхэмжлэгчид хариуцагч нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байх бөгөөд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэрээнээс аль нэг татгалзах санал гаргах бол нөгөө талдаа мэдэгдэх, санал гаргаагүй тал татгалзах хугацааг тогтоохоор Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, гэрээг цуцалж мөнгөө буцааж авах талаар өргөдөл өгч байсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасанд нийцүүлэв.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргээ зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж, 219.3-т нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж, 225.2-т нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч  нь хариуцагчийг барилга барих зөвшөөрлөө аваагүй, эхлээгүй байгаа барилга 2017 онд эхэлж, баригдаж дуусах эсэх нь тодорхойгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох илт нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зааснаар урьдчилгаа төлбөр болон хохирлоо хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан ба нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо банкны хугацаатай хадгаламжийн хүүг үндэслэн тодорхойлж байгааг буруутгах боломжгүй тул түүний шүүхэд гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжийн талаархи баримтыг үндэслэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” 111/1-40 тоот гэрээг цуцалж, “Соёмбо групп” ХХК-иас 22.734.845 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Янжинсүрэнд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 271.624 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаатарт шүүх хуралдааны товыг 4 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар, 99111123 дугаарын утсаар мөн өдрийн 11 цаг 51 минутад тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч /РД:5364531/ “Соёмбо групп” ХХК-иас гэрээг цуцалж, учирсан хохиролд 22.734.845 /хорин хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Олгой овогтой Мөнхөөгийн Янжинсүрэнд /РД:СЮ74102701/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 271.624 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ