Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг /томилолт/,

            шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Х-д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Өлзийдэлгэрийг хардсаны улмаас иргэн Б.Гийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хичээлийн 3 дугаар улирал дуусч, орой ажил тараад амарцгаасан болохоор манай ажлын багш нар сургууль дээрээ жаахан ууцгаасан юм. Бид нар ууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад манай сургуулийн цэцэрлэгийн багш Өгэртээ харина гэхээр нь би дөхүүлж өгчихөөд цаашаагаа гэр лүүгээ харихаар цугтаа гарсан. Бид 2 сургуулиас гараад Хархорингийн арын 25, 26-р байрны голд явж байхад Ө-н нөхөр нь машинтай ирж байна гэхээр нь би машинд нь суугаад гэр лүүгээ дөхүүлүүлэх бодолтой тэндээ хүлээж байтал Өлзийгийн нөхөр жаахан халамцуу хүрч ирээд эхнэртээ уурлаад агсам тавиад байсан. Өлзий нөхөртөө би ажлынхаа багштай цуг явж байна гэж хэлтэл нөхөр нь над дээр хүрч ирснээ нэг юм хэлж байсан. Юу гэж хэлж байсныг нь одоо санахгүй байна. Гэнэт миний зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөд нь би баруун талаараа боржуур дээр баруун гуяараа унасан. Намайг доош унахад миний нүүрний зүүн шанааны дээд хэсэгт өшиглөсөн. Тэгээд би босож чадахгүй хэвтэж байтал замаар явж байсан 2 залуу намайг хоёр талаас өргөж босгоод байрны орцны өмнө сандал дээр аваачиж суулгасан. Удалгүй манай охин хүргэн 2 хүрч ирээд намайг гэмтлийн эмнэлэг дээр аваачсан. ...Би 03 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орж, баруун дунд чөмөгний булууг төмөр тав тавьж хадуулсан. Хаш-Эрдэнэ миний зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөд нь би баруун талаараа замын боржуур дээр баруун гуяараа унаснаас болж дээрх гэмтэл учирсан, Хаш-Эрдэнэ надаас уучлалт гуйж эмнэлгийн төлбөр тооцоо 125.000 төгрөг, эм, тариа, тулдаг таяг зэргийг авахад 300.000 гаруй мянган төгрөг болж тэдгээрийг барагдуулсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14х/

 

            Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад 99719419 дугаараас аавыгаа сургуулийн урд талын 24, 25 дугаар байрны орчмоос ирж ав гэж үл таних эмэгтэй хүн ярьсан, эхнэр Номин-Эрдэнэ охин нарын хамт хэлсэн газарт нь явж очиход аав Гансүх 25 байна уу 26 дугаар байрны орцны үүдний сандал дээр сууж байсан, хамт ажилладаг ажлын газрын эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад нөхөр нь хүрч ирээд өшиглөж унагаан, дээрээс нь дэвсэж, нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/

 

            Гэрч Г.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...03 дугаар сарын 21-ний орой манай аав сургууль дээрээ багш нартайгаа архи ууж байгаа гэхээр нь би 21 цаг өнгөрч байхад аавынхаа сургууль болох Ромашка дунд сургууль дээр ирэхэд хүн байхгүй, сургууль нь харанхуй эзэнгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би аавынхаа гэрт очоод байж байтал манай төрсөн дүү Номин-Эрдэнэ орой 22 цаг 34 минутанд өөрийнхөө утсаар залгаад аав хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна гэхээр нь би яваад очтол манай аав ГССҮТ-ийн 6 давхарт яс үений гуравдугаар тасгийн коридорт хэвтсэн байсан. Манай аавын баруун талын дунд чөмөгний яс хугарсан гэж хэлж байсан ба хөлийг нь сойчихсон, хэвтрийн дэглэм сахих ёстой, босож алхах юм бол яс нь зөрнө гэж хэлсэн, маргааш шинжилгээ өгөөд хагалгаанд орно гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3994 дүгнэлт. “...Б.Гийн биед баруун дунд чөмөгт ясны дээд булууны их эргүүлэг дайрсан хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн /хх-ийн 22х/

 

Шинжээч Т.-Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баруун дунд чөмөгт ясны дээд булууны их эргүүлэг дайрсан хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 25-26х/

 

            Шүүгдэгч Д.Х-ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ 2 найзтайгаа 2 шил архи хувааж уучихаад байж байтал орой 21 цаг өнгөрч байх үед эхнэр Өлзийдэлгэр утсаар яриад “ажил дээрээс ирээд аваадхаач, жаахан архи уучихсан байна” гэхээр нь би дүү охин Яруутунгалагийн хамт машинтай нь эхнэрийнхээ ажил болох Ромашка сургууль дээр 22 цаг болж байхад ирэхэд цэцэрлэг дээрээ байхгүй байхаар нь утас руу нь залгатал цэцэрлэгээсээ гараад айл руу орсон чинь чөгөө айл нь хаалгаа онгойлгож өгөхгүй байна, би 24 дүгээр байрны урд явж байна гэхээр нь би алхаад яваад очтол 24, 25-р байрны голд уулзвар дээр сургуулийнхаа тооны багштай цуг явж байхаар нь очоод эхнэрээсээ “энэ нөгөө тооны багш Гансүх чин мөн үү, чи арай ч дээ, 30 гаруй жил амьдарсан амьдралаа ийм юмаар сольж байгаа юм уу” гэж хэлчихээд нөгөө багшид нь хандаж “та ч гэсэн болил доо, өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй ингэж явалдахаа болиоч” гэж хэлээд баруун талын хөлөөрөө гуя руу нь 1 удаа өшиглөөд эхнэрийгээ явъя гээд авч явах гэтэл явахгүй, чи хүн өшиглөчихлөө гэснээ цагдаа руу залгаж, хүн агсам тавиад байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

 

Д.Х хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44х/

Зам гүүр барилга угсралт ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 49х/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/,

 

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ хохирогч Б.Гэд гэмт хэргийн улмаас хохирол, төлбөр гэж 1.335.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 14х/, түүний гар бичвэр /хх-ийн 50х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт, талуудын гаргасан санал, дүгнэлтэд хийсэн тайлбар:

1.Гэм буруугийн талаар:

 

2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Хаш-Эрдэнэ нь иргэн Б.Гийг өөрийн эхнэртэйгээ хардан түүний зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөж зодсон үйл баримт нь:

Хохирогч Б.Гийн “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын багш нар сургууль дээрээ жаахан ууцгааж, цэцэрлэгийн багш Өлзий гэртээ харина гэхээр нь би дөхүүлж өгчихөөд цаашаагаа гэр лүүгээ харихаар цугтаа сургуулиас гараад Хархорингийн арын 25, 26-р байрны голд явж байхад Ө нөхөр жаахан халамцуу хүрч ирээд эхнэртээ уурлаад агсам тавиад улмаар над дээр хүрч ирснээ гэнэт миний зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөд нь би баруун талаараа боржуур дээр баруун гуяараа унасан. Намайг доош унахад миний нүүрний зүүн шанааны дээд хэсэгт өшиглөсөн. Тэгээд би босож чадахгүй хэвтэж байтал замаар явж байсан 2 залуу намайг хоёр талаас өргөж босгоод байрны орцны өмнө сандал дээр аваачиж суулгасан. Удалгүй манай охин хүргэн 2 хүрч ирээд намайг гэмтлийн эмнэлэг дээр аваачсан. ...Би 03 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орж, баруун дунд чөмөгний булууг төмөр тав тавьж хадуулсан. Хаш-Эрдэнэ миний зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөд нь би баруун талаараа замын боржуур дээр баруун гуяараа унаснаас болж дээрх гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14х/

 

            Гэрч С.С-н “...2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад 99719419 дугаараас аавыгаа сургуулийн урд талын 24, 25 дугаар байрны орчмоос ирж ав гэж үл таних эмэгтэй хүн ярьсан, хэлсэн газарт нь явж очиход аав Гансүх 25 байна уу 26 дугаар байрны орцны үүдний сандал дээр сууж байсан, хамт ажилладаг ажлын газрын эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад нөхөр нь хүрч ирээд өшиглөж унагаан, дээрээс нь дэвсэж, нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/

 

            Гэрч Г.О “...Манай төрсөн дүү Номин-Эрдэнэ орой 22 цаг 34 минутанд өөрийнхөө утсаар залгаад аав хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна гэхээр нь би яваад очтол манай аав ГССҮТ-ийн 6 давхарт яс үений гуравдугаар тасгийн коридорт хэвтсэн байсан. Манай аавын баруун талын дунд чөмөгний яс хугарсан гэж хэлж байсан ба хөлийг нь сойчихсон, хэвтрийн дэглэм сахих ёстой, босож алхах юм бол яс нь зөрнө гэж хэлсэн, маргааш шинжилгээ өгөөд хагалгаанд орно гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

Шүүгдэгч Д.Х “...Тухайн өдөр би гэртээ 2 найзтайгаа 2 шил архи хувааж уусан. ... Эхнэр 24, 25-р байрны голд уулзвар дээр сургуулийнхаа тооны багштай цуг явж байхаар нь очоод эхнэрээсээ “энэ нөгөө тооны багш Гансүх чин мөн үү, чи арай ч дээ, 30 гаруй жил амьдарсан амьдралаа ийм юмаар сольж байгаа юм уу” гэж хэлчихээд нөгөө багшид нь хандаж “та ч гэсэн болил доо, өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй ингэж явалдахаа болиоч” гэж хэлээд баруун талын хөлөөрөө гуя руу нь 1 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/ зэргээр тогтоогдсон байна.

 

            Д.Х үйлдлийн улмаас “...Б.Гийн биед баруун дунд чөмөгт ясны дээд булууны их эргүүлэг дайрсан хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан...” нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3994 дүгнэлт, /хх-ийн 22х/

 

Шинжээч Т.Ч-ын “...Баруун дунд чөмөгт ясны дээд булууны их эргүүлэг дайрсан хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/ зэргээр тогтоогдсон байна.

 

Хууль зүйн дүгнэлт: Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч  Д.Хаш-Эрдэнэ нь өөрийн эхнэр Өлзийдэлгэрийг иргэн Б.Г-тэй хардаж улмаар эхнэртэйгээ хамт байсан Б.Гийг илтэд буруутган түүний эсрэг чиглэн хийсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд  хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон, Д.Х-ий дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийг тус хэргийг үйлдсэн субьект гэж үзэх үндэстэй ба энэ нь түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гэм буруутайд тооцуулах талаарх дүгнэлтийг, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэсэн байр суурьтайгаар талуудын мэтгэлцээн өрнөсөн болно. 

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Х хохирогч Б.Г-эд гэмт хэргийн улмаас хохирол, төлбөр гэж 1.335.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 14х/, түүний гар бичвэр /хх-ийн 50х/ зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Х-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, уг хэрэг нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсанаас гадна шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  түүнчлэн шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ нь “Тум арвижих” ХХК-нд 2014 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа тухай тус компаний тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд авагдсан /хх-ийн 49, 51х/  тул түүнд торгох ялыг оногдуулах нь зохистой байна.

Шүүгдэгч Д.Х нь торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь түүний орлогын эх үүсвэртэйг нотолсон баримт /хх-ийн 41, 42, 49х/-уудаар тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б нь “... Д.Х нь банкны зээлтэй тул тус нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэх тул шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд хийсэн тайлбар:

 Улсын яллагч нь шүүгдэгч Д.Х-д торгох ял оногдуулахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг торгох ялыг биелүүлэх хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Х-д тус албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь, шүүгдэгч Д.Х  согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ ямар нэгэн хэрэг зөрчил үйлдэж байсан талаар ямар нэгэн баримтгүй тул тус хязгаарлалтыг тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Х-ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинжавын Хаш-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэд оногдуулсан 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Хаш-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Хаш-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хаш-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ