Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 96

 

2016.08.30 Дугаар-96
            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 156/2016/0106/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Я.Сансар,    
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Ганхуяг
Шүүгдэгч                        М.Банди нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бандид холбогдох эрүүгийн 201623000177 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, Улаанбаатарын хотын Багануур дүүрэгт 1991 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Боржигон овогт Мэндбаярын Банди /РД: УЮ91100694/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Банди нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хамар даваа” гэх газар 15-23 БРА улсын дугаартай маяти маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан 24-23 УБТ улсын дугаартай киа бонго маркийн автомашиныг мөргөсний улмаас тус машинд зорчиж явсан иргэн Ж.Галбадрахын биемахбодид хүндэвтэр гэмтэл, Элком ХХК-д бага бус хэмжээний буюу 3.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 11хуу/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хх-ийн 13хуу/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл.  /хх-ийн 14-15хуу/
Хохирогч Ж.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуйд дээврийн засварын ажил хийж дуусаад Улаанбаатар хотруу 24-23 УБТ улсын дугаартай бонго маркийн автомашинтай явж байтал 05 цаг 50 минут орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хамар даваа даваад гүүр өнгөрч явтал өөдөөс хоёр автомашин ирж явсан. Тэгээд урд талынх нь машин өнгөрсөн. Арын машин нь гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь гэрлээрээ дохьсон боловч цагаан зураас даваад урдаас ороод ирсэн. Би жолоочдоо наад машины жолооч чинь унтаж явна гэж хэлтэл тэр цагаан өнгийн маяти маркийн автомашин миний сууж явсан буюу жолоочийн эсрэг талыг мөргөөд замын хажуу тал руу буусан. Тэгээд тэр машин дээр яваад очтол гурван согтуу залуу байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44хуу/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.116 дугаартай дүгнэлт:
Ж.Галбадрахын биед цээжний баруун талын 6 дугаар хавирганы зөрөөгүй, 7 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт. /хх-ийн 55хуу/
Иргэний нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. манай Элком ХХК-ны жолооч Ж.Батболдын жолоодож явсан 24-23 УБТ улсын дугаартай автомашиныг 15-23 БРА улсын дугаартай маяти маркын автомашин мөргөж гэмтэл учруулсан байсан. Би Итгэлт эстимэйт ХХК-аар автомашины эвдрэлийн үнэлгээг хийлгэхэд 3.205.000 төгрөг гарсан. М.Бандиас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46хуу/
Автомашины эвдрэлийн үнэлгээ. /хх-ийн 35хуу/
Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ж.Галбадрахын хамтаар 24-23 УБТ улсын дугаартай цагаан өнгийн бонго маркын автомашиныг жолоодоод гарсан. Тэгээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хамар даваа даваад гүүр гараад явж байтал цагаан өнгийн маяти маркын автомашин гэрлээ шилжүүлэхгүй яваад байхаар нь гэрлээрээ дохисон. Гэтэл шилжүүлэхгүй явж байгаад эсрэг талын буюу миний явж байсан урсгалд ороод ирсэн. Тэгээд би өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслээс зугтаж эсрэг урсгалруу дарж зөрж гарах хооронд миний жолоодож явсан машины буруу талыг мөргөөд замын хажуу талруу орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47хуу/
Зам тээврийн осолд гаргасан шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 79хуу/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Банди нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хамар даваа” гэх газар 15-23 БРА улсын дугаартай маяти маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан 24-23 УБТ улсын дугаартай киа бонго маркийн автомашиныг мөргөсний улмаас тус машинд зорчиж явсан иргэн Ж.Галбадрахын биемахбодид хүндэвтэр гэмтэл, Элком ХХК-д бага бус хэмжээний буюу 3.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт,  хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч М.Бандид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон ба эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Банди нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураар төлсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

  Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мэндбаярын Банди-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бандийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бандид оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бандид оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бандид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үдээсүгэй.


 
   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.МӨНХТУЛГА