| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0265/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/310 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/310
2018.03.02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Онгуул овогт Дашнямын Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0081 30285 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Онгуул овогт Дашнямын Д.Б, 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн менежмент мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Сиан хотод Газрын тосны их сургуульд оюутан, ам бүл 7, Баянзүрх дүүргийн 2 дугаар *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*************/,
Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхоны 13/5 дугаар байрны орцонд 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Г.Вандандэмидийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон 500 нэгжийн торгуулын ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Хохирогч Г.Вандандэмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 8-ны оройн 21 цагийн үед өөрийн төрсн хүү Цогжавхлантай уулзахаар Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо 13 дугаар байрны 25 тоотод очсон. “...орцны дотор талд салсан эхнэрийн дүү Д.Б, эцэг нь болох Дашням нартай тааралдсан. Хүүтэйгээ Хүүтэйгээ уулзмаар байна 2-3 сар боллоо гэж хэлэхэд чам шиг юм гээд хараалыг үг хэлж байсан. “...Д.Б намайг заамдаад бид хоёр маргалдсан, би хүүтэйгээ уулзъя гэхэд чам шиг гөлөг гэж хараалын үг хэлээд байсан. “...би доошоо суухад цус гараад байхаар нь нүүрээ хамгаалаад хаагаад хэвтсэн. “...Би цохиулаад доош тонгойход хэд хэдэн удаа намайг өшиглөж цохьсон, баруун хөмсөгөнд 3 оёо тавиулсан, баруун гар дээр 3 оёо тавиулсан баруун нүдэнд цус хурсан, хавсан. “...Д.Бтай барилцаж авсан. Д.Б толгой руу нэг удаа цохиход би газар доогоо унасан...” гэх мэдүүлэг. /хх6-9, 13-14/,
Гэрч С.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...барьцалдаж бол аваад байсан, би салгаад миний хойгуур цохьсон байж магадгүй. Вандандэмид тонгойчисон байхад газар цус дусчихсан босоод өндийгөөд ирэхэд хөмсөг хавьцаанаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-22/,
Гэрч А.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр орцонд хүмүүс шуугилдаад байсан, би гараад харахад нэг согтуу залуу, манай орцны оршин суугч зүс таних 1 эрэгтэй, цүнх барьчихсан 1 залуу бас 1-2 хүн байсан ба маргалдаж байсан. “...цүнх барьсан Д.Б нөгөө согтуу залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг. /хх-36/,
Яллагдагч Д.Б мэдүүлэхдээ: “...би эргээд харахад би хүүхэдтэйгээ уулзмаар байна гэхээр нь надад хамаагүй....би аавч Вандандэмид хоёрын дундуур ороод Вандандэмидийг гараараа нүүрэн тус газар нь 3 удаа цохьсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа...” гэх мэдүүлэг. /хх-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1441 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхоны 13/5 дугаар байрны орцонд 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Г.Вандандэмидийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Вандандэмид нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Онгуул овогт Дашнямын Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Быг 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бт хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР