Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01048

 

2017 оны 5 сарын 08 өдөр                     Дугаар 183/ШШ2017/01048                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Маршал хотхон өөрийн байр, “Эко констракшн” ХХК-ийн /РД: 2711532/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 25-58 тоот, “Билэг шонхоо” ХХК-д /РД: 5112036/ холбогдох,

 

Гэрээний үүрэгт 834.300.000 /найман зуун гучин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эко констракшн” ХХК нь “Билэг шонхоо” ХХК-тай 2016 оны 11 сарын 09-нд 15-000428 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 2.1-т заасан “Эко констракшн” ХХК-ийн өмчлөлийн Хан- Уул дүүрэг 11 дүгээр хороо “Маршал” хотхоны Кинг тауэр апартмент 117 байр 6-129 тоот, 5 өрөө орон сууцыг 556.200.000, автомашины зогсоолыг 60 сая, нийт 616.200.000 төгрөгөөр захиалан авахаар 2 тал хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулан, хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч тал орон сууцны урьдчилгаа болгож 60 сая төгрөгийг төлөх, үлдэгдэл 556.200.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 09-нд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч гэрээний 2.1-т заасан уг орон сууцны өмнөх захиалагч Д.Үзмээгийн төлсөн 60 сая төгрөгийг урьдчилгаанд тооцсон, үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. “Билэг шонхоо” ХХК нь гэрээний 3.1-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулалгүй, хугацаа хэтрүүлсэн тул заасны дагуу 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хоногийн 2.781.000 төгрөг, 94 хоногийн алданги 261.414.000 төгрөгийг Иргэний хуулийн 232.6-д зааснаар “Эко констракшн” ХХК-д төлөх үндэслэлтэй. “Билэг шонхоо” ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг компанийн зүгээс удаа дараа амаар болон бичгээр шаардаж, алдангийн хамт төлж барагдуулахыг мэдэгдэж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгчийг хохироож байх тул Иргэний хуулийн 243.1, гэрээний 2.1, 3.1-т зааснаар үлдэгдэл төлбөр 556.200.000 төгрөг, хуулийн 232.6 болон гэрээний 3.5-д зааснаар алданги 261.414.000 төгрөг, нийт 834.300.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “Билэг шонхоо” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь хариуцагч “Билэг шонхоо” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 834.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хууль болон гэрээнд зааснаар алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

“Эко констракшн” ХХК нь “Билэг шонхоо” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-000428 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Хан- Уул дүүрэг 11 дүгээр хороо, “Маршал” хотхон, Кинг тауэр апартмент 117 дугаар байр, 6-129 тоот, 5 өрөө орон сууцыг 1 м2 талбайг 2.700.000 төгрөгөөр тооцож, 206 м2 талбай бүхий орон сууцыг 556.200.000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 60 сая төгрөгөөр тус тус худалдан авахаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэтгэн нийлүүлэх үүргийг хүлээх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний нөхцөл, 1.1-д заасан тохиролцооноос дүгнэхэд нь “Эко констракшн” ХХК нь орон сууцыг худалдах, “Билэг шонхоо” ХХК нь худалдан авахаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь орон сууц болон автомашины зогсоолын төлбөрт 616.200.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс урьдчилгаанд 60.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 556.200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл үнийг шаардах эрхтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.5-д захиалагч тал нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алдангийг тооцох бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 94 хоногийн төлөгдөөгүй үнэ болох 556.200.000 төгрөгийн хоногт төлөх алданги 2.781.000 төгрөгөөр нийт 261.414.000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй.

 

Шүүх хариуцагч компанийн захирал Б.Билэгсайханд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбарыг 4 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэх үүргийг хүлээлгэсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт /556.200.000+261.414.000/ нийт 817.614.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 16.686.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.329.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.246.020 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагчид шүүх энэ өдрийн шүүх хуралдааны товыг 5 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу түүний 88113024 дугаарын гар утсаар мэдэгдсэн боловч БНХАУ-ын руу ажлын яаралтай явах болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч баримтгүйгээс хангаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч /РД: 5112036/ “Билэг шонхоо” ХХК-иас гэрээний үүрэгт 817.614.000 /найман зуун арван долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д /РД: 2711532/ олгож, шаардлагаас үлдэх 16.686.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.329.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.246.020 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ