Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/01107

 

2017 оны 05 сарын 15 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01107                             Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Ажилчны гудамж 1-3 тоот, “Тэнүүн өлзий” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн гудамж, Энхжин хотхон, “Хан хур холдинг” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 25.010.725 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнхөлөг, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.    

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэнүүн Өлзий” ХХК нь төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба манай компанитай 2015 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр 2015/28 дугаар “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, нийт 40.007.150 төгрөгийн үнэтэй гэрээний 2.1-д заасан бүтээгдэхүүнийг дараа тооцоогоор “Хан хур холдинг” ХХК-д шилжүүлсэн. Уг гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч тал нь барааг хүлээн авсан өдрөөс хойш 2015 оны 10 дугаар сарын 10-ны өрийн дотор барааны төлбөрийг төлөх үүрэгтэй боловч хугацаандаа төлөөгүй. Төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардаж албан бичиг өгч байсан ба 2016 оны 11 дүгээр сард 2 компани зөвшилцөж 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос эхлэн гэрээний үүргийн дагуу алданги болон үндсэн төлбөрөөс төлж эхэлсэн. Гэрээний 7.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасны дагуу нийт 402 хоногийн алдангид 20.003.575 төгрөг, нийт 60.10.725 төгрөг болсноос алдангийг болон үндсэн төлбөрөөс 14.996.425 төгрөг төлж, үлдэгдэл 25.010.725 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: “Тэнүүн өлзий” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, “Хан хур холдинг” ХХК харилцан тохиролцож нийт 7.500.000 төгрөг болгон, хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид 5 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр эсвэл бараа материалаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлнө. Гэрээг талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамж гарснаар хүчин төгөлдор болно. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнүүн өлзий” ХХК нь “Хан хур холдинг” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 25.010.725 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь шаардлагынхаа 17.510.725 төгрөгөөс татгалзаж, 7.500.000 төгрөг хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид 5 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр эсвэл бараа материалаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр эвлэрч байна.

 

Нэхэмжлэгч “Тэнүүн өлзий” ХХК нь Р.Хангалд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр болон хариуцагч “Хан хур холдинг” ХХК нь Ц.Мөнөнхөлөгт 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх олгосон байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 283.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа 17.510.725 төгрөгөөс татгалзаж, 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр эсвэл бараа материалаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 283.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ