Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00128

 

    С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэртэй, С-ийн нэхэмжлэлтэй, Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө 1500000 төгрөгийг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “С миний бие хот хооронд тээвэр хийдэг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Б аймаг рүү өөрийн автомашинаар ачаа ачиж явахад Х аймгийн Д суманд ВЕIВЕN ND 1250 маркийн автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон. Манайх ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй ба хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, эхнэр А маань тодорхой эрхэлсэн ажилгүй. Манай өрхөд гаднаас орох ямар ч орлогогүй, шатсан автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан. Өнөөдрийн байдлаар амьдрал маань маш хүнд байдалтай байна. Тухайн тэтгэмжийг олгох журамд өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал /жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт/ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэх ёстой. С миний өмчлөлийн ВЕIВЕN ND 1250 маркийн автомашинд гарсан гал түймрийн талаар Х аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Гал түймрийн хохирлын тухай” акт гарсан. С надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар амьжиргааны эх үүсвэрээ алдсан, тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул нэг удаагийн тэтгэмж олгох ёстой гэж үзэж байна. Гэтэл би Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөг гаргуулах тухай холбогдох материалыг өгсөн боловч өгөхгүй чирэгдүүлж байгаа явдалд гомдолтой байна. Одоо өөртөө учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Засгийн газрын 2012 оны 184 дүгээр тогтоолоор Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулан С надад олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “С нь өөрийн өмчлөлтэй ВЕIВЕN 1250 маркийн автомашин нь шатсан тухай Х аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн акт бусад холбогдох материалуудын хамт манай байгууллагад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хуулийн хүрээнд хянан үзээд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул олгох боломжгүй талаар мэдэгдсэн болно. 

Нийгмийн халамжийн тухай 13 дугаар зүйлийн 13.5.1-т “Гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэр алдсан өрхөд олгоно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тэтгэвэр тэтгэмж олгох журмын 6.3.3 заалтад зөвхөн гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрх иргэнд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргахаар тодорхой заасан байдаг. Хууль болон түүнийг хэрэгжүүлэх журмын болзол шаардлагыг хангахгүй байгаа тул С-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. 

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.3, 13.5.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан С-ийн Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

С нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатараас Б аймаг руу өөрийн өмчлөлийн BEIBEN ND 1250 маркийн автомашинаар ачаа ачиж явах замд буюу Х аймгийн Д суманд автомашин шатаж дахин ашиглагдахгүй болсон. С-ийнх айл ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй. Тэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа, эхнэр А нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Тухайн өрхөд гаднаас орох ямар ч орлогогүй, осолд орсон автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан. Монгол улсын Засгийн газраас баталсан төрөөс нэг удаа мөнгөн тэтгэмж олгох журамд өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал, амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал \жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт\ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын акт гарсан тохиолдолд мөнгөн тэтгэмж авах эрхтэй. С-ийн өмчлөлийн “BEIBEN ND 1250” маркийн автомашинд гэнэтийн галын аюул тохиолдон гал түймэрт өртсөн гэдгийг Х аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гал түймрийн хохирлын тухай” акт, автомашин шатсан тухай фото зургууд, аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Х аймгийн Д сумын 3асаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн Х-ийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн тодорхойлолт, Б аймгийн У сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Монгол Улсын иргэн С нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгсэл нь гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул төрөөс нэг удаа олгох ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах ёстой гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 тоот шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд хүчингүйд тооцон нэхэмжлэгч С-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “ Анхан шатны шүүхийн 551 дүгээр шийдвэр нь үндэслэл бүхий хуульд нийцсэн гэж үзэж байна. Тус 551 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээхийг хүсье. Гомдол гаргагч нь анхан шатны шүүхийн 551 дүгээр шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Иргэн С-д учирсан гомдолтой байдлыг болон түүний гэр бүл амьдралын талаар хэцүү байгааг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын хувьд ойлгож мэдэж байгаа хэдий ч хууль, журмыг зөрчиж Улсын хөрөнгийг үрэн таран хийж иргэн С-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөлөгч Я.Сьездийн дурдаад байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг манай байгууллагаас олгох тухай эрх үүсээгүй байна. Ер нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулахыг хүсэж Яам, Ерөнхий газар болон  аймаг орон нутгийн удирдлагад хандаж олгосон бол бидний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд хэрэг гаргасан нутаг дэвсгэрт ч гэсэн хандаж туслахыг хүсэх нь зүйтэй байх.

Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дугаартай шийдвэрийг хэвээр нь үлдээхийг хүсье.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан тус газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулахыг хүсжээ. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ миний бие хот хооронд тээвэр хийдэг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Б аймаг руу өөрийн автомашинаар ачаа ачиж явахад Х аймгийн Д суманд автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон ба манай гэр бүл амьжиргааны эх үүсвэрээ алдсан тул нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулна гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан байдал нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-т заасан шаардлагыг хангаагүй, машин шатсан асуудал нь жолоочийн хариуцлагатай холбоотой гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч С-ийн эзэмшлийн Норд бенз маркийн машин шатсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, гамшгаас хамгаалах улсын байцаагчийн акт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар уг машин нь гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар шатсан гэж үзэх боломжгүй бөгөөд техникийн холбогдолтой гэмтлийн улмаас шатсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1 дэх заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т  зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ