Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 97

 

2016.09.05 Дугаар-97

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0097/Э 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Б.Алтансувд,
Улсын яллагч              Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч                         М.Отгонжаргал
Хохирогч:                 Н.Долгормаа    
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Гангантөгс,
Шүүгдэгч                 Ц.Адъяа нарыг оролцуулан

     Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Адъяад холбогдох эрүүгийн 201623000157 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын Ёлын нуур гэх газар оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Их чонод овогт Цэвэгмидийн Адъяа /РД: СБ91021711/ 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Шүүгдэгч Ц.Адъяа нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт иргэн Н.Долгормааг ТОЗ-8 маркийн буугаар цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Хохирогч Н.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 04 дүгээр сард Мөнхбаяр, Цогзол гэх 2 найз нь Адъяаг дуудаж архидсан. Тухайн үед хүү халуунтай байхаар нь эмнэлэг орсон чинь цоожтой байхаар нь Батаа гэх ахынд орсон. Батаа ахын гэрийн түлхүүр надад байсан. Батаа ахынд ороод байж байтал орой нь Адъяа Мөнхбаярын утсаар над руу залгаад “чи хаана байгаа вэ юу хийж байна” гэж асуухаар нь би төв дээр байна, хүү халуураад байна гэж хэлсэн чинь чи битгий худлаа яриад бай янхан минь би чамайг ална гээд утсаа тасалсан. Намайг Батаа ахынд байж байхад өөрийнхөө калибрь буутай хүрч ирээд намайг зодсон. Калибрь буу нь сумласан цэнэгтэй байсан. Миний толгой руу нэг цохиод би ухаан алдаад юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Намайг удаа дараа зодож байсан эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэн бичиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 тал/
 
Гэрч Г.Цогзолын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Мөнхбаяр бид хоёр манай гэрт байж байгаад Адъяагийн гэр рүү явсан. Гэр рүү нь явахдаа нэг шил архитай явсан. Тэгээд авч очсон архиа Ёлын нуурын хажууд гурвуулаа хуваагаад уусан. Тэгээд архиа дуусгаад дахиад нэг шил архи авч уусан. Бид нар архиа ууж дуусгаад Адъяагийн гэрт орсон чинь гэрт нь хүн байгаагүй, тэгээд бид сумын төв орж бааранд байхдаа 0.75 гр ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд баарнаас гараад би гэр рүүгээ ганцаараа явсан. Тэгсэн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө намайг гэртээ байж байхад Адъяа өөрийнхөө хүүхдийг тэврээд манай гэрт орж  ирээд би эхнэрээ зодчихлоо гэж хэлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41хуу/
Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Адъяа, Цогзол бид гурав гурван шил архи уусан. Баарнаас гараад баарны гадаа хашаанд архиа хувааж уусан. Тэгээд Цогзол гэр лүүгээ ганцаараа явсан. Харин Адъяа бид хоёр очиж унтсан. Ц.Адъяа гэрээсээ хэдэн цагийн үед гарсан эсэхийг мэдээгүй. Намайг өглөө сэрэхэд Адъяа байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн  42хуу/
Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирсэн чинь Адъяа эхнэр хүүхдүүдтэйгээ байхгүй байсан. Намайг гэртээ байж байхад эхнэр хүүхдээ аваад хүрээд ирсэн. Эхнэрийгээ зодсон байхаар нь би Адъяаг загнасан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43хуу/
Гэрч С.Бумаажавын мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг дуудлагаар очоод байхад Адъяа би эхнэрийгээ 2 хоногийн өмнө зодсон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45хуу/
Шүүх эмнэлгийн 6615 тоот дүгнэлт:
Долгормаагийн биед тархи доргилт зүүн чамархайн суурийн тархины эд дэх олон тооны цус хуралт, эдийн няцрал, шулуун синус, тенториумын зүүн хэсэг, зүүн дагз, бага тархины зүүн дэлбэнгийн субарахниод зай, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн субарахнондаль зайн цус харвалт, зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, бараан зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 50хуу/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ц.Адъяа нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын төвд иргэн Батаагийн гэрт Н.Долгормааг ТОЗ-8 маркийн буугаар толгойн тус газар нь цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдож байх бөгөөд аймгийн Прокурорын газраас Ц.Адъяад холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Адъяа нь үйл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогч Н.Долгормаагийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь Н.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн “... Адъяа Мөнхбаярын утсаар над руу залгаад чи хаана байгаан бэ? Юу хийж байна гэж асуухаар нь би төв дээр байна, хүү халуураад байна гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай, янхан минь, би чамайг ална гэж хэлээд утсаа салгасан. Намайг Батаа ахынд байж байхад өөрийнхөө калибр буутай хүрж ирээд намайг зодсон. ...” гэх мэдүүлгээр мөн тогтоогдож байна.

Хохирогч Н.Долгормаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Ц.Адъяад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргээ хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, түүний эдлэх хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашгилсан ТОЗ-8 маркийн бууг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Их чонод овогт Цэвэгмидийн Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
     2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяаг 05 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ц.Адъяад оногдуулсан 05 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 4.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  150408 гол төмрийн дугаартай, 59879 замгийн дугаартай ТОЗ-8 маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 
6.Шүүгдэгчийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Адъяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ                       Ц.МӨНХТУЛГА

                                           ШҮҮГЧИД                                      Л.УЯНГА

                                        С.НАСАНБУЯН