Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

 

 

 

 

    

   2020      08            26                                       2020/ШЦТ/92

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                               

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил,

шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт О овогт Ц-ийн Э, В овогт Х-ын Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000091 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

        Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 10-ын задгайд оршин суух, урьд;

1.Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ХМШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон ба уг хугацаа 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дууссан, О овогт Ц-ийн Э /РД:ЕМ96041810/;

         Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин, ам бүл 8, ээж, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжны 7-71 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, В овогт Х-ын Ц /РД:ЕЮ00302811/; 

 Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг “Жирэм” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Э.Баярхүүгийн хониноос 2020 оны 6 дугаар сарын 04-06-ны өдрийн хооронд олон тооны мал буюу 14 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр...Х.Цынд очоод “манайд очиж хамт тэмээ хяргая” гэж хэлээд түүнийг өөрийнхөө гэрт дагуулж ирсэн, тэгээд “хоёуланд нь ярьж байсан юм байгаа, Баяраагийн хонийг “Жирмийн-Ухаа” руу эргүүлчихсэн, хамт очиж таслах юм уу?” гэж асуухад Х.Ц зөвшөөрсөн, “...“Жирмийн-Ухаа”-гийн баруун хонхорт оруулаад нуучихвал харагддаггүй” гэж Х.Ц хэлсэн учраас 26 хонь тасалж, туугаад тийшээ явсан. Тэгээд Х.Ц намайг “орой хүрээд ирээрэй” гэхээр нь 19 цагийн үед явж очиод хонио ялгаад 14 хонь үлдээгээд бусад 12 хонийг нь би тууж Баяраагийн хонинд нийлүүлсэн...Би 6 дугаар сарын 05-ны орой нь “өглөө эрт ачаад өгчихье, очоод манай аав, ээжийн амбаарт хийчих” гэж Х.Цт хэлсэн. Тэгээд 6 дугаар сарын 06-ны өглөө бид хоёр ачаад, Х.Ц машин бариад аймаг явсан. Би хонио усалчихаад 11 цаг өнгөрөөгөөд араас нь явсан. Тэгсэн чинь Баяраа залгаад “хониноос дутаад байна, Х.Ц аваад явчихсан юм уу” гэхээр нь “манай аавын амбаарт хонь нь байгаа, би одоо очиж байна” гэж хэлээд тасалсан. Намайг Сайншандад гэртээ ирэхэд Баяраагийн аав болох Эрдэнэбилэг гуай байж байсан, цагдаа ирээд хонинуудыг харчихаад явсан.” гэв.

Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөө Ц.Э ирээд “хоёулаа манайд очиж тэмээ хяргая, миний цагаан мах эргэчихээд байна, чи жолоо барьчих” гэхээр нь би тэднийх рүү мотоциклийг нь унаад явсан, замдаа Ц.Э “Баяраа ахын хонь ухаа дээр байсныг нь урагшаа хөөчихлөө” гэж хэлсэн, тэгээд бид очиж 20-30 тооны хонь тасалсан...буцаж ирээд хонио хуц, ухнатай нийлүүлсэн...орой Ц.Э эхнэртэйгээ ирээд Баяраа ахын хониноос тасалж авсан хониноос 14 хонь үлдээгээд бусдыг нь туугаад явсан...маргааш нь гэртээ байж байгаад, нөгөөдөр нь гэртээ унтаж байтал Ц.Э ирээд “Чи хонио ачаад аймаг явж бай, би араас чинь яваад очьё” гэсэн...аймагт очоод хонио Ц.Эын аавын хашаанд буулгачихаад ээжийнхээ гэрт очоод байж байтал араас цагдаа нар ирсэн.” гэв.

Хохирогч М.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өглөө малаа бэлчээрт гаргачихаад хариулж явж байгаад манай нөхөр Баярхүү “манай хониноос зүсээр харахад 4-5 хонь алга байна” гэхээр нь сумын төв рүү цагдаад мэдэгдсэн...Х.Цын гэрт очиход гэртээ байхгүй, аймаг руу машинтай мал ачаад явсан шинжтэй хотных нь гаднаас хөдлөөд явсан машины мөр байсан...Х.Ц, Ц.Э нар манай 12 тооны хонийг ачиж очоод айлын амбаарт хийсэн байсан 2 төлөг Х.Цын хариулдаг хуц ухна дотор байсан, 1 төлөг Ц.Эын эмээ болох Ичинхоролын малд байсан. Алдагдсан 14 хонио бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /хх-15-16, 114/,

Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Тухайн үед Х.Ц миний унаж явсан мотоциклийг барьж явсан ба би Баяраагийн хонийг “...“Жирэмийн-Ухаа”-гийн өмнө манай гэрийн хойд дээр байна, сая хойшоогоо шахчихаад ирлээ” гэж хэлээд, “хоёуланд нь мөнгөний хэрэг болоод байгаа, эндээс хэдэн хонь таслая” гэж ярьсан. Тэгсэн Х.Ц “эндээс тэгээд тасалчих юмуу” гэхээр нь би “тэгье” гээд сүүлээр яваа 26 тооны хонийг тасалж аваад, “...“Жирэмийн-Ухаа”-гийн урд энгэр дээгүүр баруун хойшоо хөөгөөд хойд руу оруулчих юм бол харагддаггүй юм” гэж Х.Ц хэлсэн...2020 оны 6 дугаар сарын 06-ны өглөө би Х.Цын гэрт нь очсон, Х.Цыг босгож “хулгайлсан хэдэн хонио аваад аймаг яв” гэж хэлээд Х.Цын ахынх нь машин болох цэнхэр өнгийн портер маркийн авто машины тэвшин дээр өөрийнх нь мотоциклийг ачиж, 9 эр хонь, 2 эм хонь, 1 төлөгийг ачиж Х.Цыг аймаг руу явуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-11-12, 45-46/,

Х.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 04-ний Батаагийн унаж явсан “Dayun” маркийн мотоциклийг нь бариад хамт гэр лүү явж байсан чинь Батаа надад “би Баяраагийн хонийг ухаа дээр байсныг нь урагшаа Элбэгийн улааны захруу хөөчихлөө, тэндээс хонь таслая” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за тэгье” гээд Баяраагийн хонь байгаа газар нь очиж, 30 тооны хонь тасалж аваад манай гэрийн урд дээр байх манай хуц уханд аваачиж нийлүүлчихээд Батаагийн гэр лүү нь очиж, 3-4 тооны тэмээ хяргаж өгчихөөд би гэртээ ирээд байж байсан. Батаа эхнэртэйгээ ирээд тасалж авсан хониноос 14 тооны хонийг үлдээгээд үлдсэн хонийг нь эхнэртэйгээ хамт зүүн тийшээ Баяраа ахын гэрийнх нь зүг туугаад явсан...би эгч Оюунгэрэлийн портер маркийн автомашин дээр Баяраагийн хониноос тасалж  аваад ялгаж үлдээсэн 12 хонийг нь ачиж, 2 хонийг хуц ухна дундаа үлдээгээд, Сайншанд сумын Залуус хорооллын хойно Батаагийн аавынх нь гэх айлд аваачиж буулгаад, хашааны зүүн талд байсан модон амбаар луу хийж орхиод Сайншандад ээж Мөнхтуяагийнд очоод байж байсан чинь араас хэсгийн төлөөлөгч цагдаа ирсэн. Бид хоёр хоорондоо ярьж байгаад мал хулгайлахаар болсон. Ц.Э өөрөө “борлуулах хүнээ олсон, чи зүгээр аваад явчих, хоёулаа мөнгө, төгрөгөө хувааж авна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-8-9, 34-35/,

Гэрч Э.Гантүлхүүр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 6 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд Ц.Э “хөдөөнөөс ярьж байна” гээд нэг дугаараас залгасан, “маргааш өглөө хүн хэдэн хонь ачаад очно” гэж ярьсан...“хашаанд оруулаад амбаарт хийгээд орхичих” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-13/,

Гэрч Х.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...61-06 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхөр Хүрэлчулууны эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгсэл дээр манай төрсөн дүү Х.Ц нь хулгайн мал тээвэрлэж, Сайхандулаан сумаас Сайншанд орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-6/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 577 дугаартай “...эр хонь, 8 ширхэг, нэгжийн үнэ 190.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1.520.000 төгрөг,  

сувиа эм хонь, 2 ширхэг, нэгжийн үнэ 160.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 320.000 төгрөг,

төлөг 4 ширхэг, нэгжийн үнэ 135.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 540.000 төгрөг, нийт дүн 2.380.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-21/,

Ц.Эын Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/,

Х.Цын Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 014 дугаартай “...Хятад мотоцикль /маш хуучин/ зах зээлийн үнэлгээг 2020 оны 7 дугаар сарын байдлаар зэх зээлийн дундаж үнийг 150.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн үнэлгээний тайлан /хх-59-60/, “Dayun” маркийн мотоциклийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-61/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-63-64/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-65-66/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 013 дугаартай “...2004 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн HYUNDAI porter автомашины зах зээлийн үнэлгээг 2020 оны 7 дугаар сарын байдлаар зэх зээлийн дундаж үнийг 9.000.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн үнэлгээний тайлан /хх-68-69/, “HYUNDAI” porter автомашины гэрэл зургийн үзүүлэлт /хх-70/, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хх-71/, 

Х.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-85/,

Ц.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-98/, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-99-106/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ХМШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-109/, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-111/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг “Жирэм” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Э.Баярхүүгийн хониноос 2020 оны 6 дугаар сарын 04-06-ны өдрийн хооронд олон тооны мал буюу 14 тооны хонийг хулгайлж, 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч М.Дэлгэрцэцэгийн “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өглөө малаа бэлчээрт гаргачихаад хариулж явж байгаад манай нөхөр Баярхүү “манай хониноос зүсээр харахад 4-5 хонь алга байна” гэхээр нь сумын төв рүү цагдаад мэдэгдсэн... Х.Ц, Ц.Э нар манай 12 тооны хонийг ачиж, айлын амбаарт хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-15-16, 114/,

гэрч Э.Гантүлхүүрийн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд Ц.Э “маргааш өглөө хүн хэдэн хонь ачаад очно” гэж ярьсан... “хашаанд оруулаад амбаарт хийгээд орхичих” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-13/,

гэрч Х.Оюунгэрэлийн “...61-06 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр манай төрсөн дүү Х.Ц нь хулгайн мал тээвэрлэж, Сайхандулаан сумаас Сайншанд орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-6/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж олон тооны мал буюу 14 тооны хонийг хулгайлж, хохирогч М.Дэлгэрцэцэг /Э.Баярхүү/-д 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, заалтад заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь бусдын мал гэдгийг мэдсээр байж хохирогч М.Дэлгэрцэцэгийн 14 хонийг сүргээс нь тасалсан, улмаар мөнгөний хэрэгцээтэй гэх шалтгаанаар худалдан борлуулахаар 61-06 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж Сайхандулаан сумаас Сайншанд сум оруулж шүүгдэгч Ц.Эын аавын хашаанд буюу Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг, Мааньзавын 4-243 тоот хаягт байрлах амбаарт хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна.” гэж заасан, “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа үндэсний баялаг болсон малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой. “Мал хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь мал бүхий иргэн, аж ахуйн нэгжийн шудрагаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөө, мал сүргийн генетик, нөөцийн аюулгүй байдал хөндөгдөж байдагт оршино.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Дагийнамжилаас “...малыг алдуул гэдэг талаас нь хараагүй. Мал авсан гэдэг дээр маргахгүй, гэхдээ ямар арга замаар яаж авсан нь чухал. Таслаад авсан юм уу?, тасарсан мал авсан юм уу?. Прокурорын зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан үндэслэл тохирохгүй байна” гэсэн тайлбар дүгнэлтийг,  

шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч З.Алтанцэцэгээс “...Прокурорын яллах дүгнэлтэд 6 дугаар сарын 04-06-ны хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дурьдсан, гэтэл шүүгдэгч нар 6 дугаар сарын 04-ний өдөр таслаад авсан гэж мэдүүлсэн. Яллах дүгнэлтээс харахад шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн юм шиг харагдаад байна. Тасарчихсан хонь байсан юм уу, эсвэл зориудаар тасалж аваад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. “Жирмийн-Ухаа”-гаас ч авсан юм шиг, “Элбэгийн-Улаан”-наас ч авсан юм шиг мэдүүлээд, гэм буруугийн тал дээр эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж энэ асуудлуудыг дахин шалгах шаардлагатай” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргав.

          “алдуул мал” гэдгийг хууль зүйн хувьд “гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшилдэг нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, өмчлөгч, эзэмшигч хэн болох нь мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу мал байна” гэж тодорхойлсон тул алдуул мал байсан гэж үзэх, улмаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр...26 хонь таслаж туусан,...6 дугаар сарын 05-ны орой нь “өглөө эрт ачаад өгчихье, очоод манай аав, ээжийн амбаарт хийчих” гэж Х.Цт хэлсэн. Тэгээд 6 дугаар сарын 06-ны өглөө бид хоёр ачаад, Х.Ц машин бариад аймаг явсан” гэж, 

шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөө Ц.Э ирээд...бид очиж 20-30 тооны хонь тасалсан...Маргааш нь гэртээ байж байгаад, нөгөөдөр нь гэртээ унтаж байтал Ц.Э ирээд “Чи хонио ачаад аймаг явж бай, би араас чинь яваад очьё” гэсэн” гэж тодорхой мэдүүлж байх тул эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.

Машин механизмыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно” гэж тодорхойлон заасан. Шүүгдэгч нарыг “Dayun” маркийн мотоцикль ашиглан бусдын хонин сүргээс 20-30 тооны хонь тасалж, хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэсэн гэж үзэх бөгөөд харин хулгайлах үйлдэл төгссөний дараа хонийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зорилгоор HYUNDAI-porter автомашиныг ашигласан гэж үзсэн бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          Хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дэлгэрцэцэгт 2.380.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ болон бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд 14 хонийг буцаан хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр нотлогдож байгаа тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүхээс шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Гэмт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг мөн энэ үндэслэлээр битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигчид нь олгох, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх”  саналыг,

шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Дагийнамжилаас “...Ц.Э гэмт хэрэг илрүүлэхэд идэвхтэй оролцсон, Х.Цыг машиндаа хонь ачаад явсан талаар үнэнч шударгаар хэлсэн. Ц.Э хэдийгээр өмнө нь ял шийтгүүлж байсан боловч хувь хүн талаасаа гэнэн цайлган, саяхан гэрлэж эхнэртэй болсон, эхнэр нь жирэмсэн, айлд хүргэн орж эр хүний хийдэг бүх л ажлыг хийж амьдрах гэж зүтгэж явтал дунд нь ийм зүйл боллоо гэж өөрөө маш их харамсаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч З.Алтанцэцэгээс “...Х.Ц нь 21 насанд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хавтас хэргийн 71 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийг үндэслэн түүнийг насыг тоолвол өнөөдрийн байдлаар 19 нас 10 сар 6 хоногтой. Тухайн хэрэгт холбогдохдоо 20 насанд хүрээгүй, хүний үгэнд итгэсэн, хийж байгаа үйлдлийнхээ цаад хор уршгийг бүрэн мэдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, эгч Оюунчимэгийн асрамж, халамжид даалгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.  

Шүүгдэгч Х.Ц 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, шийтгэх тогтоол гарах өдөр 19 нас 10 сар 6 хоногтой байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байгаа ч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадваргүй гэж тогтоогдоогүй, хэрэг хариуцах чадвартай тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, хөнгөн ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.  

          Харин шүүгдэгч Х.Цын хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан хонийг буцаан хүлээлгэн өгсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

          шүүгдэгч Ц.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлж байсан хэдий ч засрал хүмүүжил аваагүй зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийг хэрэглэж түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

          Шүүгдэгч Х.Цын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ц.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй тул гэмт үйлдэхэд ашигласан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн банктай, банкан дээрээ “Dayun” гэсэн бичигтэй, хуучивтар, мотоциклийн битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О овогт Ц-ийн Э, В овогт Х-ын Ц нарыг “бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.Эыг 1 /нэг/ жил, шүүгдэгч Х.Цыг 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,  шүүгдэгч Х.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн банктай, банкан дээрээ “Dayun” гэсэн бичигтэй, хуучивтар, мотоциклийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.  

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ