Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 9 баг, Рашаант 10 гудамж, 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Жантекей овогтой Маднетийн Ардагүлийн /РД:ПЭ86050200/ нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр ХД 78 байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогтой Дугаржавын Ганбатад /РД: ХЙ65090871/ холбогдох,

        дарамт учруулахгүй байхыг даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2 хүүхдийн орон байраар хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ардагүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч М.Түмэннаст, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Ганбаттай танилцаж, 2013 оны 9 дүгээр сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин Бадамгэрэл, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Сандуй нар төрсөн. Хамт амьдарч байхад хэл амаар доромжилж, дарамтлан, гар хүрч зоддог болсноос хамт амьдрах боломжгүй болж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 хүүдээ аваад би салж тусдаа байр хөлсөлж амьдарч байна. Хүүхдүүд бага насны учраас одоогоор ажил хийх боломжгүй байгаа тул эхлээд тэтгэлэг тогтоолгох асуудлаа шийдвэрлүүлье, хүүхдүүд миний асрамжид өсч торниж байгаа ч асрамжийн хувьд маргах магадлалтай тул асрамжийг тогтоолгоно. Дарамт учруулахгүй байхыг даалгах, 2 хүүхдийг орон байраар хангуулах шаардлагаа тусад нь шийдвэрлүүлэх хүсэлтэй тул татаж авч байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шинжилгээний хариу гараад мөн болох нь тогтоогдвол хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөх болно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ардагүл нь хариуцагч Д.Ганбатад холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Г.Бадамгэрэл, Г.Сандуй нарыг өөрийн хүүхдүүд мөн эсэхэд маргаж, түүний хүсэлтээр шинжээч нь биологийн эцэг мөн болох нь 99.99 хувийн магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Зохигч 2009 онд танилцаж, хамтын амьдралаар амьдарч байсан, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин Бадамгэрэл, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Сандуй нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ гэж, 25.3-т эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2-т эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэйг зохицуулсан ба эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн /2016.02.05/ 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээнэ гэжээ.

 

Дээрх хуулийн заалтуудаар эцэг, эх хүүхдийн асуудлаар тэгш үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж заасныг баримтлан охин Бадамгэрэл, хүү Сандуй нарт сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Ганбатаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар М.Ардагул нь Д.Ганбатыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг асрамжийн хувьд маргах магадлалтай гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч маргахгүй талаархи тайлбараа шүүхэд ирүүлсэн, түүнчлэн гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн асрамжийг шийдвэрлэдэг, харин бага насны хүүдүүд эхийн асрамжид байх хуулийн зохицуулалттай буюу 7 наснаас дээш насны хүүхдийн саналыг харгалзан асрамжийг шүүх тогтоох тул энэ шаардлагыг шийдвэрлэх шаардлаггүй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор амьжиргааны түвшингийн хэмжээг нэг жилийн хугацаагаар тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.528 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Бадамгэрэл, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Сандуй нарт сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогтой Дугаржавын Ганбатаар /РД: ХЙ65090871/ тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар М.Ардагул нь Д.Ганбатыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 50.528 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ