Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01176

 

2017 оны 05 сарын 23 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01176                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, өөрийн байр “Сайн констракшн” ХХК-ийн /РД:2766965/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 хороо, Засгийн газрын 14 байрны өргөтгөл, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох,

 

гэрээ цуцалснаас учирсан хохиролд 106.832.423 /нэг зуун зургаан сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ундрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.    

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2003 оноос эхлэн барилга угсралт, засал чимэглэл, интерьер дизайн, сантехникийн угсралт салхивч агааржуулалт, гадна дотно цахилгааны угсралт, тусгай зориулалтын бетоны ажлыг хийх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны 2 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3-р давхрын шинэчлэлт, засвар, 3-р давхрын өргөтгөл барих, зургийн хамт ЭХХТ-2016\02 дугаар бүхий зарласан тендерт манай компани оролцохоор материалаа явуулж, хамгийн сайн үнэлгээ авч ялан 2016 оны 3 сарын 30-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвтэй ЭХХТ-21\2016 “Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих, зургийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гайгуулсан гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу дээрх барилгын ажлыг нийт 289.656.418 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Бид барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд хамгийн эхэнд зураг төслөө “Голден моргон” ХХК-иар “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн барилгын ажлын зураг төслийг 29 000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн, барилгын ажлыг эхлүүлэхээр 190.000 юанийн үнэ бүхий барилгын материалыг БНХАУ-аас худалдаж авчирсан. Бид Эрчим хүчний хөгжлийн төвийн засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажпыг хийхээр зураг төсөл гаргуулах болон барилгын материал худалдаж авах зэрэг бэлтгэл ажилд 29.000.000 төгрөг, 190.000 юань буюу (нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны юанийн ханш 361.37) 68.660.300 төгрөг, нийт 97.660.300 төгрөгийг зарцуулсан. Гэтэл хариуцагчаас 2016 оны 8 сарын 29-ны өдрийн 1\597 тоот албан бичгээр манай компанитай 2016 оны 3 сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг цуцалсан тухайгаа мэдэгдсэн. Манай компани Эрчим хүчний хөгжлийн төвтэй гэрээ байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурсан байсан тул барилгын ажлаа эхлүүлэхээр зураг төсөл зуруулах, барилгын материал худалдан авах зэрэгт зарцуулсан төлбөрөө нэхэмжилж байна. Гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлэхээр бараа материалаа татаж, зураг төслөө гаргуулчихаад байхад гэрээг цуцалж байгаа нь эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Зөвхөн Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг хийж гүйцэтгэхийн тулд зураг төслийн мэргэжлийн компаниар зураг төслийн ажлыг хийлгэсний 29 сая төгрөг, БНХАУ-аас зураг төслийн дагуу авчирсан тухайн барилгад л ашиглагдах барилгын материалын үнэ 68.660.300 төгрөг, гааль болон НӨАТ-т төлсөн 9.172.123 төгрөг, нийт 106.832.423 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвөөс 97.660.300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ зураг төсөл, барилгын матөриалууд нь зөвхөн Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгад л зориулагдсан цаашид ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай төв болон “Сайн констракшн” ХХК-тай 2016 оны 3 сарын 30-ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төвийн 1,2,3 давхрын шинэчлэлт, засвар, 3-р давхарын өргөтгөл барих” гэрээг байгуулан, гэрээнд заасан үндсэн нөхцөл болох барилга угсралтын ажил хийгдээгүй нь захиалагч байгууллагын төсөвт тусгагдсан орлого хугацаандаа төвлөрөхгүй байгаа зэргээс хамаарч биелэгдэх боломжгүй болсон бөгөөд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцалж байгааг мэдэгдсэн. Гүйцэтгэгч “Сайн констракшн” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 сарын 30-ны өдрийн гэрээний 7-д “Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна” гэсэн байх бөгөөд захиалагчаас ажил гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоогүй билээ. Иймд гүйцэтгэгчид бодит хохирол учирсан байх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь “Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг хийж гүйцэтгэхийн тулд зураг төслийн мэргэжлийн компаниар 29 сая төгрөгийн зураг төслийн ажил хийлгэсэн” гэх боловч шүүхэд гаргаж өгсөн гүйцэтгэгч талаас “Голден Морган” ХХК-тай хийсэн “Зураг төсөл боловсруулах талаар” байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй. Учир нь “Сайн констракшн” ХХК-иас тендерийн материалд хавсаргасан “Голден морган” ХХК-тай хийсэн “Зураг төсөл боловсруулах талаар” байгуулсан гэрээ нь 25 сая төгрөгийн үнийн дүнтэй байх бөгөөд төлөх нөхцөл нь харьцангуй өөр байдлаар тогтоосон байна. Мөн “Голден Морган” ХХК нь зураг төсөл боловсруулах талаар “Сайн констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан боловч уг зургийг “Дукат” ХХК-иар 3 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээтэй болгож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн, материал болон зургийн үнэ 97.660.300 төгрөгийг шаардах эрх зүйн үндэсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сайн констракшн” ХХК нь хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 97.660.300 төгрөг, гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гааль болон татварт төлсөн 9.172.123 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалсан тул хохирлоо гаргуулна гэж, хариуцагч нь гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн, материал болон зургийн үнийг шаардах эрх зүйн үндэсгүй гэж мэтгэлцэж байна.

 

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ нь “Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих ЭХХТ-2016/02 дугаар тендерийг зарлаж, “Сайн констракшн” ХХК-иас ирүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөн, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/198 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосны дагуу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЭХХТ-21\2016 “Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих, зургийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулан, барилгын ажлыг нийт 289.656.418 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Тендерийн урилгаар хариуцагч нь барилгын зургийн хамт битүүмжилсэн тендер ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын дагуу барилгын зураг төслийг нэхэмжлэгч нь “Голден моргон” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 42.1.1-д захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч Гэрээний ерөнхий нөхцлийн 42.1-д заасны дагуу гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн гэрээг цуцалж болохоор тохиролцон, цуцалсан тохиолдолд Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ нь гэрээний 42.1.3-т зааснаар 42.1.1.а-д гэрээг цуцлах өдөр хүртэл гүйцэтгэсэн байгууламжийн хэсэгт оногдох гэрээний үнийг болон 42.1.3.в-д заасан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчдэд төлөх ёстой аливаа төлбөрүүдийг төлөх үүргийг үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан ба 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, гэрээгээ цуцалсан бол ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг захиалагч нь нөхөн төлөх үүрэгтэйг 355.6-д зохицуулжээ.

 

Хариуцагч нь тус төвийн 2016 оны батлагдсан төсөвт тусгагдсан орлого хугацаандаа төвлөрөхгүй байгаагаас шалтгаалан засварын ажил эхлээгүй, гэрээг сунгах, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 1\597 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн байх тул ажил гүйцэтгэгч тал болох “Сайн констракшн” ХХК нь гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах ч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр захиалагчийн шаардах эрхийг зохицуулсан байх тул татгалзал үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл “Сайн констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой тохиолдолд Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын шаардлага гаргах эрхийг зохицуулсан бөгөөд төсөвт орлого хугацаандаа төвлөрөөгүйгээс гэрээ хэрэгжээгүй байх тул доголдлын талаархи зохицуулалтаар татгалзаж байгаа нь үгүйсгэгдэж байна.

 

“Голден Морган” ХХК-тай “Сайн констракшн” ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгад хийгдэх барилгын засварын ажилд зориулж зураг төсөл хийлгэсэн байх тул гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх гэрээ болон 29.000.000 төгрөгийг төлсөн Бэлэн мөнгөний баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн “Сайн констракшн” ХХК-ийн тендер шалгаруулалтад бүрдүүлсэн баримтад хавсаргасан зураг төслийг 25.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр “Голден Морган” ХХК-тай тохиролцсон гэрээг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгчийн Эрээн хотоос худалдан авсан бараа матөриалын үнэд төлсөн 190.000 юань буюу 68.660.300 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь шаардлагын үндэслэлээ болгосон Бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг БНХАУ-ын Мөн да ган өнгөт хавтангийн компанитай нэхэмжлэгчтэй байгуулсан гэж үзэхгүй буюу гэрээний эх хувь дээр “Сайн констракшн” ХХК, Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ гэж байгаа боловч гэрээ байгуулсан огноогүй, төлбөр төлсөн этгээд нь тодорхойгүй буюу гарын үсэг тамга дарагдаагүй байна.

 

Гэрээний дагуу барилга угсралт, засварын ажлыг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 88 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцон, эхний 30 хоногт зураг төсөл зохиох, 5 хоногийн хугацаанд бэлтгэл ажлыг хийхээр Календарчилсан график гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэхэд барилгын улаан шугамыг тавих ажлыг эхлүүлэх, Ажлын үе шатны хуваариар дээрх хоногт эхний 25 хувийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

Энэ хугацаанд ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгөөгүй буюу санхүүжилтийг /урьдчилгаа 72.414.000 төгрөг/ олгоогүй байхад 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болон 6 дугаар сарын 20-ны өдөр Эрээн хотоос бараа татсан гэж шүүхэд өгсөн Мөн да ган өнгөт хавтангийн компанитай гэрээ, төлбөрийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн, зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал зөвхөн хариуцагчийн барилгад л зориулагдсан, цаашид ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч ямар барааг юунд зориулж авсныг болон тухайн барилгын ямар ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байсан, өөр байдлаар ашиглах боломжгүй нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул барааны үнэд 68.660.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч компаниас 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гааль болон татвар төлсөн баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүйгээс учирсан хохирол гэж тооцон хариуцагчаас 9.172.123 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас гэрээнээс учирсан хохиролд /25.000.000+9.172.123/ нийт 34.172.123 төгрөгийг гаргууулж, нэхэмжлэгч “Сайн констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72.660.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807.952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 328.810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас гэрээнээс учирсан хохиролд /25.000.000+9.172.123/ нийт 34.172.123 /гучин дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргууулж, нэхэмжлэгч “Сайн констракшн” ХХК-д /РД:2766965/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72.660.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807.952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 328.810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ