Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 020/2014/0360/З |
Дугаар | 221/МА2014/1006 |
Огноо | 2014-12-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2014/1006
Б- сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б- сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б- сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Б дүүргийн 1 дүгээр хороо XII хороолол 21 дүгээр байрны урд буюу Сансарын тунель дээр иргэн П.О-ад Нийслэлийн засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот захирамжаар 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүний дагуу 12x12 м хэмжээтэй зоорьтой гурван давхар цутгамал төмөр бетон каркасан барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн.
Энэхүү 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот захирамжийн П.О-ад холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчиж, Б- СӨХ-ны 21 дүгээр байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна.
Нэгдүгээрт, иргэн П.О-ад үйлчилгээний зориулалтаар олгосон гэх газрыг дүүргийн хөрөнгөөр 2010, 2012, 2013 онуудад зүлэгний хайс босгож, зүлэг цэцэг тарьж тохижуулсан. Мөн чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүд, хүүхдийн тоглоом суурилуулсан тул хүүхэд, хөгшид бүгдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, дасгал хөдөлгөөн хийн нарлаж салхилдаг ганц газар юм.
Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар; нийтийн эдэлбэр газарт хот тосгон бусад суурины гудамж талбай зам иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт зугаалга биеийн тамирын зориулалттай газар цэцэрлэг оршуулгын газар хог хаягдлын цэг цэвэршүүлэх талбай зэрэг нь нийтийн эдэлбэр газарт хамаарна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар нийтийн эдэлбэр газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах ёстой. Маргаж буй газрыг 2014 оны 06 дугаар сарын эхээр мөн л төсвийн хөрөнгөөр зүлэгжүүлж тохижуулсан. Өөрөөр хэлбэл хууль зөрчин нийтийн эдэлбэр газарт газар эзэмших эрх олгогдсон болно.
Гуравдугаарт, иргэн П.О-ын гурван давхар барилга нь олны ярьж заншсанаар Сансарын тунель дээр баригдахаар зөвшөөрөл олгогдсон. Үүний улмаас тунель нурах, ан цав үүсэх, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох эрсдэл гарч болзошгүй байгааг зайлшгүй анхаарах ёстой юм.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот захирамжийн иргэн П.О-ад холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 21 дүгээр байрны урд байрлах 140 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 222 тоот захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар ашиглуулах эрх олгосон бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжаар уг газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 327 тоот захирамжаар иргэн П.О-ыг эзэмшил газраа ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 388 дугаар шийдвэрийн дагуу 2011 оны 02 дугаар сарын 02 сарын 21-ний өдрийн 143 тоот захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сэргээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд П.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд гаргасан энэ газрыг анх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь заалт , 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Хот байгуулалт газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2000 оны 9 сарын 1 ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2002 онд 08/02 шифртэйгээр боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 88 тоот тогтоолоор батлагдан олгогдсон. Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 388 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаар шийдвэр гарч 5 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ олгосон.
Бид барилгын зургаа хийлгэн экспертизийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25/2010 дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх зургаан инженер хянаад өөрийн тэмдэг гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамж, дулаан хангамж, усан хангамж, цахилгааны, холбоо дохиоллын техникийн нөхцөлүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүгнэлт, Онцгой байдлын газрын дүгнэлт зэргээр Барилгын хөгжлийн агентлаг дүгнэлт гаргасан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Дээрх дүгнэлтийг үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 15-ны 0000534 №508/2013 дугаар бүхий Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь газрын болоод барилгын талаар зөвшөөрөл олгодог төрийн олон байгууллага хууль зөрчин захирамж, зөвшөөрөл, дүгнэлт, баталгаа гаргах үндэслэлгүй учир нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441 дүгээр зүйлийн 441.1.5-д заасныг тус тус баримтлан Б- сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдөр гарсан 143 тоот захирамжийн иргэн П.О-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 467 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүхээс Б- СӨХ-ны нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэгдүгээрт, 467 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь СӨХ-ны эзэмшлийн нийтийн эдэлбэр газарт барилга барихаар төлөвлөж байгаа нь тус харьяанд буй 21 дүгээр байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхээс явуулсан газрын үзлэг, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр иргэн П.О- болон Б- СӨХ-ны эзэмшил газрууд нь ямар нэг байдлаар давхцаагүй, Б- СӨХ-ны эзэмшил газар дээр барилга баригдахаар төлөвлөгдөөгүй, эзэмшил газрын гадна маргаан бүхий газар байгаа нь нотлогдсон болно гэжээ.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйл., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэг, мөн холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад СӨХ-ны эзэмшлийн нийтийн эдэлбэр газар, хот тосгон суурины нийтийн эдэлбэр газар гэсэн тус тусдаа ойлголт байхгүй.
Харин хот тосгон суурины гудамж, талбай, зам, иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нь ямар ч тохиолдолд нийтийн эдэлбэр газарт хамаарч, уг газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлж болохгүй газарт иргэн П.О-ад маргаж буй газрыг эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт өгсөн.
Хоёрдугаарт, 467 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт хамруулсан гэх үндэслэл нь баримтаар нотлогдоогүй юм гэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар маргаж буй хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр заасан байдаг.
Хавтаст хэрэгт маргаж буй газрыг нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй, харин холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан гэх ямар нэг нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичгийн нотлох баримт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээс уг газарт Б дүүргийн хөрөнгөөр 2010, 2012, 2013, 2014 онуудад төмөр хайс босгож, зүлэг ногоо цэцэг тарьж тохижуулсан, хажуудаа чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүд, бас хүүхдийн тоглоомууд суурилуулсан болох нь харагддаг.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүх маргаж буй газрыг нийтийн эдэлбэр газар биш гэсэн хэт өрөөсгөл, үндэслэлгүй дүгнэлт болсон.
Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болохгүй газрыг иргэн П.О-ад эзэмшүүлсэн нь баримтаар тогтоогдож байхад буруу дүгнэлт өгсөн, нийтийн эдэлбэрийн газар биш гэсэн хэт өрөөсгөл, үндэслэлгүй дүгнэлт болсон гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг орчны газар гэх бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441 дүгээр зүйлийн 441.5-д зааснаар дээрх орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болохоор хуульчилсан ба Б- СӨХ-д газар ашиглуулах гэрээгээр[1] тус СӨХ-д 13300 м.кв газрыг ашиглуулахаар гэрээ байгуулжээ. Гэхдээ нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны ашиглах орчны газартай гуравдагч этгээдийн эзэмшлийн газар давхцсан гэсэн үндэслэлээр биш, харин Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нийтийн эдэлбэр болох газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах ёстой байхад гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэж маргажээ.
Гэтэл шүүх нэхэмжлэгч Б- СӨХ-ны 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн газрын албатай байгуулсан Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-ний дагуу эзэмшиж буй 13300 м.кв газартай нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар давхцаагүй, барилга барихаар төлөвлөгдөөгүй гэх дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж буй үндэслэлтэй холбоогүй боловч маргааны үйл баримтыг шалган тогтоож, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль ёсны байсан эсэх талаар дүгнэхэд ач холбогдолтой тул шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйн дээр анхан шатны шүүх маргаан бүхий газар нийтийн эзэмшлийн газар биш талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу мөн зүйлийн 6.2.2 дахь хэсэгт тодорхойлон заасан хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нийтийн эдэлбэрийн газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж маргаж байх боловч иргэн П.О-ад эзэмшүүлсэн газрын баталгаат хэмжээг актаар тогтоож[2], Нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар захирамжаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний барилгад зориулж 0,014 га газрыг олгосныг мэдэгдэж[3] байсан бөгөөд 2001 онд Хот, газрын харилцааны газрын даргын баталсан Сансар үйлчилгээний төвийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд[4] тусгагдсанаар маргаан бүхий газар болон түүнтэй зэргэлдээх газруудыг П.О- нарын нийт найман этгээдэд олгосон байна.
Тодруулбал, иргэн П.О- нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар Б дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны урд байрлах 140 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжаар уг газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан нь хэргийн оролцогчдын тайлбар[5], хэрэгт авагдсан иргэн П.О-ын Нийслэлийн газрын албанд гаргасан өргөдөл, Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ зэрэг баримтаар[6] тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Нийтийн эдэлбэрийн газар гэдэгт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газрыг хамааруулах бөгөөд маргаан бүхий газрыг Газрын тухай хууль батлагдахаас өмнө иргэн П.О- ашиглаж байснаас гадна 2001 онд батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу маргаан бүхий газрыг иргэд болон хуулийн этгээдүүдэд олгохоор төлөвлөгдсөн байсан тул маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүй нийтийн эдэлбэрийн газар гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... иргэн П.О-ын барилгын улмаас тунель нурах, ан цав үүсэх, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох эрсдэл гарч болзошгүй талаар дурдсан байх боловч Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/51/1248 дугаар дүгнэлтээр[7] ... Сансрын үйлчилгээний төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хууль, дүрэм, журамд нийцүүлэн боловсруулагдсан, ... Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийг зөрчсөн гэх үндэслэлгүй, ... талаар дүгнэсэн ба 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 508/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр иргэн П.О-ын 3 давхар, үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл[8], Зураг төсөл, хайгуулын ажлын улсын экспертизийн 25/2010 дугаартай дүгнэлтээр ... иргэн П.О-ын үйлчилгээний барилгын зураг төсөл нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон техникийн нөхцөл олгосон байгууллагуудтай зөвшөөрөлцсөн гэж дүгнэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь барилгажих талбайн хэмжээг тогтоохдоо хууль, журам зөрчсөн байгаа бөгөөд тэрхүү зөрчилтэй Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар шалгаж үзэх хэрэгтэй гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч Б- СӨХ-ны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот захирамжийн П.О-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу иргэн П.О-ад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруугүй.
Иймд иргэн П.О-ад Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ