Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанд 

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч Х.Тунгалаг, 

Улсын яллагч  Ш.Насанжаргал, 

Хохирогч Ж.Ууганбат, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Хохирогч П.Мэндбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарансувд

Хохирогч П.Мэндбаярын өмгөөлөгч Н.Нарантуяа

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ................ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2015250000942 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүний машиннист мэргэжилтэй, Арцат Нуга ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 15 хороо Оргил 30-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .........../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч “Арцат нуга” ХХК-ийн захирал Ц.О нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 186662765477 нэгж талбарын дугаартай 200.000 м.кв газрыг 700.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 461.500.000 төгрөг авч тухайн тохирсон газар биш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай 200.000 м.кв газрыг шилжүүлэн өгч бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2012 оны 8 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Жаргалсайхан нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших газар дээр тарилгын үйлдвэр барих сонирхолтой байгаагаа надад Батжаргалаар дамжуулан илэрхийлсэн. Батжаргалыг өмнө нь би таньдаг байсан. Би тухайн газар хятад хүмүүстэй нийлж хаус барих гэж байсан юм. Гэтэл Налайхын уурхайн руу явдаг 35.000 вольтын хүчдэлээс болоод миний төсөл хэрэгжихээ больсон. Батжаргал надад чиний 20 га газар чинь байгаа юу гэж ирж уулзаад асуухад нь би байгаа гэсэн. Тэгвэл чи 20 га газар дээрээ нэмээд 40 га газар надад олоод өгчих, нэн яаралтай 60 газар хэрэгтэй байна гэдэг саналыг надад тавьсан. Энэ саналыг нь би хүлээж авсан. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Арцат нуга ХХК-ний эзэмшлийн 20 га газар, Цэвээнрэгзэнгийн эзэмшлийн хил залгаа 40 га газрын хамт нийт 60 га газар дээр барилга угсралтын үйлдвэр байгуулах зорилгоор Нууц орд ХХК-ний захирал Батжаргал нь Арцат нуга ХХК-тай барилга угсралт, үйлдвэр, орон сууц барих чиглэлээр хөрөнгө оруулах, хамтран ажиллах эхний шатны гэрээ хийсэн. Энэхүү гэрээг газрын зарим хэсэг шилжсэнээр урьдчилгаа төлбөр өгөх байсан. Ингээд авахаар тохирсон 40 га газрыг Батжаргал, Жаргалсайхан нар эхний ээлжид Сүхболдын Зүчи гэдэг хүний нэр дээр шилжүүлээд өгчих гэсэн. Тэгээд Цэвээнрэгзэн 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх, хүлээн авах гэрээг Сүхболд овогтой Зүчитэй байгуулснаар Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 400 тоот захирамжаар Зүчид шилжсэн. Цэвээрэгзэн Зүчи нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх, хүлээн авах гэрээ хийгдэхэд урьдчилгаа төлбөр болох 300.000.000 төгрөг өгсөн. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Нууц орд ХХК-ний захирал Батжаргал нь өөрийн зуучилсан хөлс болох наймааны 25 хувь буюу 75.000.000 төгрөгийг Батжаргал надаас авч, 300.000.000 төгрөгөөс суутгаж 225.000.000 төгрөгийг өгсөн. Уг 250.000.000 төгрөгөөс Цэвээнрэгзэнд 125.000.000 төгрөгийг өгсөн. Бэлнээр газрын төлбөрт тооцож анх тохирсон 60 газрын нийт төлбөр болох 2.100.000.000 төгрөгийн хэлцлийг хийсэн бөгөөд тухайн хэлцэл хийсэн өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20 га газрыг ХХК руу шилжүүлж, газар эзэмшүүлэх, хүлээн авах гэрээгээ байгуулсан. Гэхдээ үлдсэн төлбөр орж ирснээр уг газрыг албан ёсоор авахаар Батжаргалтай тохирсон. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр барилга угсралт, үйлдвэр, орон сууц барих чиглэлээр хөрөнгө оруулах хамтран ажиллах эхний шатны гэрээг бид харилцан тохиролцож, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг хийсэн боловч Жаргалсайхан нь 2012 оны 12 дугаар сард цаашид төсөл хэрэгжихээ больсон талаар мэдэгдсэн. Ингээд Цэвээнрэгзэнгийн авсан 40 га газрыг буцаахаар болсон. Арцат нуга ХХК-ний эзэмшлийн 20 га газрыг авахаар надтай тохирсон. 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг би Батжаргалтай байгуулсан байдгаас гадна уг газрын төлбөрт өмнөх 300.000.000 төгрөгийг тооцсон. Гэтэл Жаргалсайхан нь 2013 оны 10 дугаар сард 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний үүргээ Рояаль прекаст ХХК-д Мэндбаярт бүрэн шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн. Цаашид газартай холбоотой үлдэгдэл төлбөрийг Мэндбаяр хариуцаж төлөх талаар мэдэгдсэний дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээгээ Одхүү миний бие Мэндбаяртай шинэчлэн байгуулсан. 677 дугаартай газар дээр зүү, тариурын үйлдвэр барихдаа бусдын газар руу оруулж барьснаас үүдэж маргаан үүссэн. Миний бие эдгээр хүмүүст газрынх нь хэмжээнд тохируулан мөнгө төлж, үйлдвэр барих ажлыг хэвийн байдлаар явуулж дуусгасан. Нэгж талбарын 1866297654677 дугаартай газрыг Рояаль прекаст ХХК-д нэр дээр шилжүүлэхээр газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээгээ өөрийн өргөдлийн хамт өгсөн. Төлбөр барагдуулах гэрээг харилцан тохиролцож хийсэн. Гэтэл захирал Мэндбаяр нь 12 дугаар сарын эхээр газар дээр чинь очиж үзмээр байна гэхээр нь хамт очиж үзсэн. Үйлдвэр бариагүй газрын талыг энэ газрыг манай компани руу шилжүүлчих би албан бичгээ хийгээд өгье гэж хэлсэн. 12 дугаар сарын 10-ны өдөр 18666298621042 дугаартай 20 га газрыг Рояаль прекаст ХХК-д нэр дээр шилжүүлсэн. Мэндбаяр газрын албатай гэрээгээ байгуулсан. Ингээд Мэндбаяр төлбөр болох 67.000.000 төгрөгийг, дахиад 60.000.000 төгрөгийг нийт 127.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгт тооцож прусс-10 маркийн машиныг, 31.000.000 төгрөгт тооцож бугуйн цаг, лексус 570 маркийн автомашиныг өгсөн боловч энэ машин нь хүний нэр дээр байсан тул буцаагаад өгсөн. Өөрөө уг машинаа зараад 10.000 ам доллар буюу 16.000.000 төгрөгийг надад өгсөн. Өөр хэлбэл 182.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 150.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгон гэж нэмэлт гэрээ хийсэн. Гэтэл Мэндбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ирээд үүрэг дуусгавар болгосон гэрээ хийж, үлдэгдэл 50.000.000 төгрөг дээр тооцож зээлийн гэрээ байгуулъя гэж хэлэхэд нь 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгосон. Миний бие хэн нэгнийг хуурч мэхлээгүй бөгөөд харин ч энэ хүмүүсээс болж хохирсон. Цэвээнрэгзэнгийн 40 га газрыг худалдан авна гээд тухайн газрын төлбөрт 125.000.000 төгрөгийг төлүүлсэн. Жаргалсайхан, Нарантуяа нар үйлдвэрээ барихдаа намайг эзгүй үеэр буюу гадагшаа явсан байхад айлын 2 газар руу хэтрүүлэн орж барьснаас болж хоёр компанид 26.000.000 төгрөгийг төлүүлсэн. Анх 60 га газрыг 2.100.000.000 төгрөгийн газарт зуучилсан учраас төлсөн төлбөр бүрээс 25 хувийг авна гэж Батжаргал 300.000.000 төгрөгөөс 75.000.000 төгрөгийг авсан. Би Батжаргалыг мөрдөн байцаалтад шатанд шалгаж өгөөч гэсэн боловч шалгаж өгөөгүй... гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2000 онд Арцат нуга ХХК-г үүсгэн байгуулж байсан бөгөөд манай компани нь барилга угсралт болон барилгын борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ингээд би 2009 онд барилгын ажил хийж явж байхдаа Капитал группийн захирал Батжаргалтай танилцаж бие биенийгээ таньдаг болсон бөгөөд 2009 онд би Батжаргалтай тааралдахдаа манай компанийн нэр дээр 20 га газар байгаа учир надтай хамтран ажиллах хүн эсвэл газар худалдаж авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл 2014 онд Батжаргал над руу залгаад нөгөө яриад байсан газар чинь байгаа юу гэж асуухаар нь байгаа гэж хэлэхэд миний танил Жаргалсайхан гэдэг хүн Германы хөрөнгө оруулалттай барилгын үйлдвэр барих гээд газар асуугаад байна газрыг чинь очиж үзэж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Батжаргал болон Жаргалсайхан, Жаргалсайханы жолооч болон бас нэг Герман хэлтэй залуу бид тав очиж газраа үзүүлсэн. Тухайн үед уг газар нь Ганшин говь ХХК-ын нэр дээр шилжчихсэн байсан ба учир нь уг 20 га газар нь анх манай компанийн нэр дээр байхад Хятадын хөрөнгө оруулалттай Ганшин говь ХХК-ын Бэхбат гэх нэртэй Өвөр Монгол хүн надтай холбогдоод миний газрыг худалдаж аваад уг газар дээр олон тооны хаус хотхон барьж зарахаар төлөвлөөд надад урьдчилгаа болгож 150.000 ам доллар өгөөд газрыг Ганшин говь ХХК-ын нэр дээр шилжүүлсэн гэтэл Хятад талаас зураг төслийн хүмүүс ирээд уг газар дээгүүр Налайх хотын 35000ВТ-ын өндөр хүчдэлийн шугам явсныг хараад энэ газарт хаус барих ямар ч боломж байхгүй барьсан ч гэсэн өндөр үнээр хүн худалдаж авахгүй юм байна гээд Ганшин говь ХХК уг газрыг худалдаж авахаа больж надаас урьдчилгаа болгон өгсөн 150.000 ам доллараасаа зардлаа хасаад 100000 ам долларыг буцааж өгөхийг хүссэн харин би тухайн мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан учир мөнгийг буцааж өгч чадахгүй гэдгээ хэлсэн Тэгтэл Ганшин говь ХХК-ын зүгээс надад хандан тухайн 20 га газрыг надаар дамжуулан бусдад зараад зарсан мөнгөнөөсөө өөрсдийн 100000 ам долларыг гаргаж авахаар тохиролцсон байсан. Ингээд Жаргалсайхан уг газрыг үзээд би энэ газар дээр чинь эхнэртээ нэг удаагийн тариурын үйлдвэр барьж өгмөөр байна. Харин энэ газартай залгаа зүүн тал руугаа нэмээд 20 га газар нэмж аваад Германы хөрөнгө оруулалттай угсардаг блокийн үйлдвэр баримаар байна гэж хэлсэн. Мөн түүнээс гадна энэ газрын чинь замын урд талын газар маш их таалагдаад байна энэ газрыг авч өгч чадах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би асуусан газрыг чинь судалж үзье гэдгээ хэлээд салцгаасан. Тэгээд 7 орчим хоногийн дараа Ганшин говийн нэр дээр бүртгэлтэй газрын замын урд талын 40 га газрыг эзэмшдэг Цэвээнрэгзэн гэх хүнтэй холбогдоод үнэ тохирвол зарна гэж байна гэдгийг Батжаргал болон Жаргалсайхан нарт хэлсэн. Тэгтэл Жаргалсайхан Ганшин говь ХХК-ын нэр дээрх 20 га газар болон замын урд талын Цэвээнрэгзэн гэх хүний газартай хамт нийлүүлээд 60 га газрыг худалдаж авъя гэхдээ гэрээг миний өмнөөс Батжаргалтай хийгээрэй мөнгийг нь би өгнө гэж хэлсэн. Уг нь би тухайн үед Ганшин говь ХХК-ын нэр дээрх 20 га газрыг 450 сая төгрөгөөр зараад 200 гаран сая төгрөгийг нь Ганшин говь ХХК-д өгөөд үлдсэнийг нь өөртөө авах гэж байсан. Мөн Цэвээнрэгзэн гэх хүний 40 га газрыг 280 сая төгрөгөөр тооцож худалдаж авахаар тохиролцоод Жаргалсайханд үнэ нэмээд зарчихъя гэж бодож байсан. Гэтэл Батжаргал миний үнийг сонсоод наад үнэ чинь арай хямд байна Жаргалсайхан хотоос бүр хол 20 га газрыг 80 сая төгрөгөөр авах гэж байсан юм чинь 20 га газрыг 700 сая төгрөгөөр тохироод нийт 60 га газрыг 2,1 тэр бум төгрөгөөр тооцоод худалдах, худалдан авах гэрээ хийчихье харин би олсон ашгийнхаа 25%-ийг авна гээд Батжаргалын компани болох Нууц ордон компанийн оффист гэрээ хийгээд 7 хоногийн дараа Жаргалсайхан надтай утсаар ярихдаа Цэвээнрэгзэнгээс авах 40 га газрыг Сүхболдын Зүчи гэх нэртэй хүний нэр дээр шилжүүлээд авчих удахгүй мөнгө ороод ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлсний дагуу С.Зүчи болон Цэвээнрэгзэн бид гурав Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар дээр очиж хүсэлтээ өгөөд 1 хоногийн дараа 40 га газрыг С.Зүчийн нэр дээр шилжүүлээд би гэрчилгээг нь өөр дээрээ авч үлдээд Батжаргалд хэлэхэд Батжаргал намайг ажил дээрээ дуудсан. Тэгээд ажил дээр нь очиход Батжаргал гэрчилгээнүүдийг надаас аваад Жаргалсайханаас урьдчилгаа болгож 300 сая төгрөг өгсөн гэхдээ энэ мөнгөнөөс би 25%-аа авна гээд 75 саяыг нь өөрөө авч үлдээд 225 сая төгрөгийг надад өгсөн. Харин би 225 сая төгрөгөөс 180 сая төгрөгийг нь газрынх нь мөнгөний урьдчилгаа болгож Цэвээнрэгзэнд өгөөд үлдсэн 45 сая төгрөгийг нь өөрөө аваад Жаргалсайханаас үлдэгдэл мөнгөө орж ирэхийг хүлээж байтал 1 сар гарангын дараа Жаргалсайхан сая 2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонх болсон учир төсөл хэрэгжихэд хэцүү болчихлоо. Тийм учраас Зүчийн нэр дээр шилжүүлэн авсан 40 га газрыг хүнд нь буцааж өгөөд миний 20 га газрыг 700 саяар худалдаж авъя гэхээр нь би зөвшөөрөхгүй байсан боловч намайг гуйж шалаад байхаар нь Цэвээнрэгзэнд худалдаж авсан газраа буцаая гэж хэлэхэд уурлаад надад авсан мөнгөнийхөө талыг буюу 90 сая төгрөгийг өгөөд үлдсэнийг нь хэрэглэчихсэн учир увуулж цувуулаад өгье гэж хэлээд Зүчи, Цэвээнрэгзэн бид гурав хамт дахин Налайх дүүрэгт очиж газрыг Цэвээнрэгзэнгийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би Ганшин говь ХХК-ын 20 га газрын үлдэгдэл мөнгө болох 400 сая төгрөгийг Жаргалсайханаас гаргуулан авахаар нэхсэн боловч удахгүй мөнгөтэй болно. Надтай хамаагүй битгий утсаар яриад бай миний утсыг чагнаж байж магадгүй гэсээр байгаад 10 сар өнгөрөхөд надад 30 орчим сая төгрөгийг увуулж цувуулан өгсөн. Тэгтэл гэнэт нэг өдөр нэг эмэгтэй миний утас руу залгаад би Жаргалсайханы эхнэр Нарантуяа гэдэг хүн байна та одоо дахин Жаргалсайхан руу битгий яриарай. Жаргалсайханы хэрэгжүүлэх гэж байсан төслийн компанийг Мэндбаяр гэдэг хүн авсан. Мэндбаяр гэдэг хүнтэй чамайг маргааш уулзуулъя гээд намайг Мэндбаяртай уулзуулж өгөөд Наранчимэг хэлэхдээ Мэндбаяр нь 20 га газрын үлдэгдэл 300 гаран сая төгрөгийг чамд өгөөд газраа авах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэндбаярыг Жаргалсайхантай адил үлдэгдэл мөнгөө өгөхгүй байж магадгүй гэж бодоод Ганшин говийн нэр дээрх газрын зэргэлдээ зүүн талын 20 га газрыг Мэндбаярт үзүүлэхэд өөрөө зөвшөөрөөд авахаар болсон тул би Мэндбаяраар өөрөөр нь хүсэлт бичүүлж аваад газрынх нь бичиг баримтыг Налайх дүүргийн засаг даргын захирамжаар гаргуулж өгсөн. Харин Мэндбаяр нь надад газрын гэрчилгээ гарсан өдөр 60 сая төгрөг өгөөд 2-3 сарын дараа дахин 50 сая төгрөг болон 8 сая төгрөгт бодож приус 10 загварын автомашин болон 10.000 ам доллар зэргийг өгсөн. Тэгтэл сүүлд нь Мэндбаяр, Жаргалсайхан нарын дунд мөнгө төгрөгийн маргаан үүсээд Рояаль прекаст ХХК-г буцаагаад Жаргалсайханы хүү Ууганбатад шилжүүлэн өгсөн байсан ба Ууганбат нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа намайг анх үзүүлснээсээ өөр газар өгч залилсан гэж гомдол гаргасан байсан. Тэгтэл сүүлд Налайх дүүргийн засаг дарга Болдбаатарын захирамж гаргаж гэрчилгээ олгосон газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газар болж таарсан.…” гэсэн мэдүүлэг /8-р хавтаст х-18-20/,

 

Хохирогч О.Мөнх-Оргилын “…Миний бие Рояаль прекаст ХХК-ны инженерээр 2011 оноос одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд гадаадаас барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байсан бөгөөд ажлын хүрээнд тоног төхөөрөмжөө Голланд улсаас оруулж ирж барихад газар шаардлагатай болсон юм. Тэгээд 2012 онд төслийн багын ажилтан Батжаргал тухайн барилгыг хаана барих талаар газрын судалгаа хийсэн бөгөөд судалгаа хийх явцдаа Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх Арцат нуга ХХК-ны нэр дээр байх нэгж талбарын 1866297654677 дугаартай газрыг олсон байсан юм. Тэгээд манай байгууллагад үйлдвэрийн тоног төхөөрөмж зарах гэж байсан гадаадын  компанийн инженерийг 2012 оны эхээр Монгол улсад авчран уг газрыг үзүүлэхэд “энэ газар үйлдвэр барихад тохиромжтой газар байна” гэснээр уг газрыг худалдан авах ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн газар эзэмшигч Арцат нуга ХХК-ны захирал Одхүү гэх хүнийг олж уулзан худалдан авах саналаа тавьж тухайн газарт Одхүү болон Батжаргал, Жаргалсайхан хамт очиж газрыг заалгахад хуучин замын цагдаагийн пост байсан барилгын арын тэгшхэн талбайг зааж өгч байсан юм. Тэгээд захирал Жаргалсайхан Одхүүтэй ярилцаад тус газрыг хэдэн төгрөгөөр зарах талаар саналыг Одхүүгээс асуухад “700 сая төгрөгөөр зарна” гэснийг Жаргалсайхан захирал хүлээн зөвшөөрч уг үнээр нь газрыг авахаар болсон бөгөөд мөнгийг төлөх хугацааг тохиролцон урьдчилгаа 300 сая төгрөгийг 2012 оны 08 сарын 17-ны өдөр Одхүүтэй СБД-н 1-р хороо Блю скай тауверын 3 давхарт уулзаад мөнгийг бэлнээр өгч баримт үйлдсэн бөгөөд баримт үйлдэхдээ Одхүү 21 хоногийн дотор тухайн газрын эзэмших эрхийг Рояаль прекаст ХХК-ны нэр дээр шилжүүлнэ гэсэн нөхцөлтэй бичсэн байдаг. Тэгээд түүнээс хойш Одхүү нь эзэмших эрхийг шилжүүлэлгүйгээр янз бүрийн шалтгаан хэлсээр байгаад 2013 оны 12 сарын 10-ны өдөр уг тохиролцсон 1866297654677 нэгжийн дугаартай газрыг шилжүүлэлгүй 18666298621042 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг манай байгууллагад шилжүүлэн өгсөн байсан юм.Бид үүнийг тухайн үед мэдээгүй байсан ба 1866297654677 нэгж талбарын дугаартай газрыг авсан гэж бодож байсан юм.Тэгээд 2012 ондоо багтааж 6.300.000 төгрөгийг дансаар өгч, 25700000 төгрөгийг бэлнээр Ц.Од өгсөн бөгөөд 368.000.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд манай компанийн санхүүгийн байдал хэцүүхэн байдалд ороод компанийн хувьцааг Мэндбаяр гэх хүнд худалдсан бөгөөд Мэндбаяр захирал энэхүү барилгын материалын үйлдвэр барих төслийг үргэлжлүүлэхээр болж Мэндбаяр захирал оруулсан хөрөнгөөсөө үлдсэн 368.000.000 төгрөгөөс 67.700.000 төгрөгийг төгрөгийг 2013 оны 12 сарын 27-ны өдөр Ц.Од өгсөн байдаг бөгөөд үлдсэн мөнгийг Мэндбаяр захирал Ц.Од өгсөн гэж байсан бөгөөд би энэ талаар яаж өгснийг нь сайн мэдэхгүй байна, тэр талаар Мэндбаяр захирал өөрөө ирж мэдүүлгээ өгөх байх. Ингээд сүүлд манай компаниас 2014 оны 12 сарын үед Налайх дүүргийн газрын албан дээр очиж газрын төлбөрийг тушаахаар очиход 1866297654677 нэгж талбарын дугаартай газар нь одоо Арцат нуга ХХК-ны хэвээр байна, харин та нарын авсан газар нь 18666298621042 нэгж талбарын дугаартай газар байна, тэгээд ч энэ газар чинь манай Налайх дүүргийн хилийн цэст харъяалагдахгүй, урьд өмнө нь газрын төлбөр төлж байгаагүй, шинээр гэрээ хийсэн газар байна гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр газар авсан гэдгээ тухайн үед мэдээд бид нар өмнө газрын төлбөр болох 3.500.000 манай охин компани болох Альфа медиа ХХК-ны данснаас газрын албанд төлсөн баримтыг үзүүлэхэд газрын албаны ажилтан нь та нарын энэ төлсөн мөнгийг бид нар Арцат нуга ХХК-ны төлбөрт бүртгэж аваагүй манай дансанд 3.500.000 төгрөг эзэнгүйгээр байршиж байгаа гэж хэлсэн юм.Тэгээд тухайн үед Ц.О гэдэг хүнд мөнгө өгчхөөд тохирсон газраа авалгүй өөр газар авч залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай Рояаль Прекаст ХХК-иас Ц.О гэх хүнд нийтдээ 700.000.000 төгрөгийг өгч хохирсон бөгөөд дээр нь тухайн хүний хэлж зааж өгсөн газар нь бид нар өөрсдийн худалдаж авсан газраа гэж бодоод охин компани болох Альфа медиа ХХК нь 900.000.000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зүү тариурын үйлдвэр, хашаа, худаг зэргийг барьчихсан байгаа бөгөөд энэ газар нь Кунсулу ХХК-ний захирал Цэвээнжав гэх хүний нэр дээр, эзэмшилд байдаг газар юм байна лээ. Манай компаниас энэ 900.000.000 төгрөгийг нэхэмжлэх нь гол зорилго биш Одхүү гэдэг хүний анхнаасаа бид нарт худал хэлж өөр газрыг өөрийнхөө гэж ойлгуулснаас болж ийм хэмжээний алдагдалд орж байгаа гэдгээ хэлж байгаа юм. Эхний ээлжид бид нар энэ хүнээс бодит учирсан 700.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Өөрийн байгууллагын ажилтан Батжаргалаар дамжуулан энэ хүнтэй холбогдож газрыг худалдан авахаар тохиролцсон юм. Батжаргал, Жаргалсайхан, Цэвээнжав болон Налайх дүүргийн газрын албаныхан энэ талаар мэдэж байгаа юм... Ер нь бол Одхүү нь анхнаасаа 1866297654677 нэгж талбарын дугаартай газар нь хазгай байрлалтай газар байсан болохоор хуурч мэхлэх арга хэрэглэн тухайн орчиндоо хамгийн тэгшхэн талбайтай газар болох Кунсулу ХХК, Хөлгөн трейд ХХК нарын эзэмшлийн газрыг бид нарт өөрийн газар гэж итгүүлсэн байх гэж ойлгож байгаа. Бид нарт 1866297654677 нэгж талбарын дугаартай газрыг бус 186662998621042 нэгж талбарын дугаартай газрыг яагаад манай байгууллагад шинээр олгуулсныг сайн мэдэхгүй байна, анхандаа бид нар тохирсон 1866297654677 нэгж талбарын дугаартай газрыг өгч байна гэж ойлгосон бөгөөд тухайн үед бид нар мэдээгүй байсан юм... тухайн үед манай байгууллагын зүгээс энэ асуудлын талаар газрын албанд хандаж тодруулаагүй бөгөөд учир нь тухайн газар манай нэр дээр шилжээгүй урьдчилгаа төлбөр хийсэн болохоор хандаагүй юм... Гомдолтой байна, учирсан хохирлоо барагдуулан авмаар байна... Шүүх хуралд сууна, хэргийн материалтай танилцана...,...Гомдолтой Одхүүгээс Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх 18662976546877 нэгж талбарын дугаартай газрыг 700 сая төгрөгөөр худалдаж авахаар түүнтэй тохиролцож Рояаль Прекаст ХХК-ийн захирлууд болох Жаргалсайхан, Нарантуяа нарын зүгээс 332 сая төгрөгийг бэлнээр болон дансаар 332 сая төгрөгийг төлсөн. Уг мөнгийг Одхүүгээс нэхэмжилж байна. Мөн Одхүүгийн анх Жаргалсайханд зааж өгсөн тэгшхэн газарт 2013 оны намар манай компанийн зүү тариурын үйлдвэр барьсан юм. Гэтэл.үйлдвэр барьсан газар нь 18662976546877 нэгж талбарын дугаартай газрын хажуугийн газар нь болж таарсан. Бидний хувьд уг газрын эзэнтэй нь тохирох гэсэн боловч одоог болтол тохиролцож чадахгүй байгаа юм. Барьсан үйлдвэрээ манай компани зөөвөрлөх зардалгүй болсон бөгөөд хаашаа зөөвөрлөх нь тодорхойгүй байгаа учраас ямар хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байна. Тиймээс 32 сая төгрөгөөс гадна барьсан үйлдвэрээ зөөвөрлөхтэй холбоотой зардлыг нэмж нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас х-18-20/,

 

Хохирогч Ж.Ууганбат шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай Рояаль прекаст ХХК нь 2012 оноос гаднаас барилга үйлдвэр оруулж ирэх гээд хөрөнгө санхүүжилт татсан. Санхүүжилт хийх хүмүүс маань газрын асуудал маш чухал эхлээд газраа олоод өөрийн компанийн нэр дээр болго гэж хэлсэн. Тэгээд үйлдвэр барих газраа судалж эхэлсэн. Тэгээд Батжаргал гэдэг хүнээр дамжуулж Одхүү гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед бид нарын барих үйлдвэр 20 га газар дээр багтана, түүхий эд хурааж, цуглуулах талбай нэмэгдээд 40-60 га газар гэж яригдсан. 8 дугаар сарын эхээр Арцат Нуга ХХК-ний захирал Одхүүтэй гэрээ байгуулж, 8 дугаар сарын 17-ны өдөр мөнгө төгрөгөө өгсөн. Эхлэж ярьсан 40-60 га газар том байсан. Тэгээд үйлдвэрийнхээ хүчин чадлыг багасгахаар болж, уг газрыг Арцат нуга ХХК-д буцааж өгсөн. Буцаж өгөхдөө нэгж талбарын 1866297654677 дугаартай газрыг авч үлдэхээр болсон. Энэ газар нь өөрөө зам дагуу байрлалтай үйлдвэр барихад тохиромжтой газар байсан. Бид нар нийт 332.000.000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгийг Улаанбаатар хотын банкнаас зээл авч өгсөн. Одхүүд тухайн үед газрын гэрчилгээгээ гаргаж өг гэдэг шаардлагыг тавьж байсан. Тэгэхэд та нар миний газрыг авчхаад мөнгийг минь өгөхгүй бол яах юм бэ гэж хэлсэн. Мэндбаяртай уулзаж, ийм зүйл хийх гэж байгаа гэдгээ тайлбарлаж хамтрахаар болсон. Рояаль прекаст ХХК-ний 72 хувийн хувьцааг Мэндбаярт шилжүүлж өгсөн. Мэндбаяр гэрээг ном журмынх нь дагуу хийе гэж хэлсэн. Тэгээд Мэндбаяр Одхүү нар нотариат дээр очоод нэгж талбарын 1866297654677 дугаартай газрыг эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Үүнийгээ дараа нь төлбөр барагдуулах гэрээ болгосон. Арцат Нуга ХХК өөр компанийн нэр дээр байгаа газрыг бид нарт зарсан. Үнэндээ өөрийнх нь нэр дээр байхгүй, зарах эрхгүй газрыг өөрийн эзэмшлийнх мэтээр бусдад зарж, бусдыг залилан мэхэлсэн гэж үзэж байна. Бид нар Улаанбаатар банкнаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй явж байна...гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Манай компаниас тус эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон байсан О.Мөнх-Оргил нь манай компанийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир иргэний нэхэмжлэгч, хохирогчийг өөрчлөх шаардлагатай болсон юм. Иймээс хүсэлт гаргаж миний бие оролцохоор болж байгаа юм. ерөнхийдөө болсон асуудлын талаар нэмж ярих зүйл байхгүй, өмнө би гэрчээр байцаалт өгч байсан. Мөн Мөнх-Оргилын өмнө иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцохдоо тодорхой ярьсан учраас өөр нэмж ярих зүйлгүй... Гомдолтой манай компанийн тухайн Ц.Од газрын төлбөрт 332.300.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн бөгөөд уг мөнгийг түүнээс нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-230/,

 

Хохирогч П.Мэндбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарансувд шүүхийн хэлэлцүүлэгт “…2013 оны 10 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл Мэндбаяр нь Рояаль прекаст ХХК-ний 75 хувийн хувьцааг эзэмшиж захирлаар ажиллаж байсан. Рояаль прекаст ХХК-ний өмнөх удирдлага болох Жаргалсайхан нь Арцат нуга ХХК-ын захирал Одхүүтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо зүүн аймаг явдаг замын хойно байрлах 20 га газрыг 700.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод төлбөрөө төлөөд эхэлчихсэн байсан. Жаргалсайхан нь Одхүүд 332.300.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 367.700.000 тодорхой графикийн дагуу төлнө гэж Одхүү нь Мэндбаяртай тохиролцсон. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан уг гэрээнд үндэслэн нэгж талбарын 1866297654677 дугаартай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Мэндбаяр нь Одхүүтэй 18666295621042 нэгж талбарын дугаартай газрыг нь очиж үзсэн явдал огт байхгүй. 1866297654677 дугаартай газрын үлдэгдэл 295.700.000 төгрөгийг 60.000.000, 110.000.000, 75.000.000, 90.000.000 төгрөг гэх мэтээр өгч 295.700.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг манай гэр бүл тухайн үед зээл авч танд өгсөн. Одоо авсан зээлийнхээ хүүг өгч чадахгүй, маш их хэмжээний өрөнд орсон байна. Энэ бүгд хавтаст хэрэгт нотлох баримттайгаа байгаа. Мэндбаяр өмнө нь хийгдсэн гэрээн дээр төлбөр барагдуулахын тулд компанийнх нь хувыг эзэмшиж, төлбөр барагдуулах үүргийг үргэлжлүүлж явж байсан. Түүнээс биш тантай шинээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Холбогдох бүртгэлийн газраас эрх хүлээн авагчийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор эрх хүлээн авагчийн эзэмших эрх үүснэ гэж байгаагаас үзвэл 1866297654677 дугаартай газрын гэрчилгээг Мэндбаярт хүрээгүй учраас Мэндбаяр энэ гарзыг аваагүй эзэмших эрх үүсээгүй гэсэн үг юм. Би 9 сартай хүүхдээ тэврээд гудамжинд гарсан. Мөн аав маань сэтгэл санаагаар унаж нас барсан. Мөнгийг хүнээс дээгүүр тавьж болохгүй. Би үнэхээр их гомдолтой байна...гэв,

Хохирогч П.Мэндбаяр мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Миний хувьд гомдолтой, Би Одхүүд өгсөн газрын төлбөрийн мөнгө болох 192.200.000 төгрөгийг Одхүүгээс нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-232/,

 

Гэрч М.Мэндсайханы “...Манай дүүргийн нутаг дэвсгэрт газар авахаар болбол тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллага нь газар хүссэн өргөдлөө өгдөг ба тухайн өргөдлийг уншиж үзээд төсөл хөтөлбөр нь хэрэгжих магадлалтай бол тухайн иргэний авахыг хүссэн газрынхаа кадастрын зургийг хувийн байгууллагаар хийлгэн ирэхийг шаарддаг бөгөөд тухайн иргэн нь кадастрын зураг хийлгээд ирвэл манай санд байгаа өөр кадастрын зурагтай давхцах эсэхийг шалгаж үзээд хэрэв давхцалгүй бол дүүргийн засаг даргын захирамж гарч түүний дагуу тухайн иргэн болон аж ахуй нэгж байгууллагатай газар хариуцсан байцаагч нь газар эзэмшүүлэх гэрээг байгуулдаг бөгөөд түүнийг нь албаны дарга нь баталгаажуулж гарын үсэг зурж тамга дардаг юм. Мөн тухайн газар эзэмшүүлэхээр засаг даргын захирамж гарсны дараа тухайн авах гэсэн газарт хувийн компаниар хийлгэн ирсэн кадастрын зургийг хороо хариуцсан газрын байцаагч нь өөрийн компьютертаа корьдинатуудыг шивээд эхний байдлаар гаргаж ирээд түүнийгээ мэдээллийн сангийн ажилтанд өгөхөөр мэдээллийн сангийн ажилтан нь түүнийг аваад өөрийн мэдээллийн сангийн компьютерт шивээд гаргаж ирэхэд нэгж талбарын дугаар автоматаар үүсгэгдэн гарч ирнэ, нэгж талбарын дугаар нь давхцах тохиолдол байдаггүй юм. Нэгж талбарын дугаарыг улирал тутамдаа нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулдаг юм... 18666298621042 нэгж талбарын дугаартай газар байгаа хэсэг нь өөрөө налайх дүүргийн газар нутгийн хилийн зурвасын цэс ордоггүй боловч налайх дүүргийн нутаг дэвсгэр гэж явдаг юм. Тэгээд цагдаагийн постоос налайх дүүргийн талд байдаг газруудад олон газар олголт налайх дүүргээс хийгдсэн байдаг юм. Энийг шийдүүлэхээр Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарын нэр дээр албан бичиг явуулсан байдаг юм. Тухайн бичигт налайх дүүргийн газрын бүс ордоггүй боловч налайх дүүргээс олголт хийгдсэн газруудыг БЗД-ийн засаг даргын юмуу, нийслэлийн засаг даргын захирамжтай болгож өгнө үү гэж утгатай байдаг юм.Энэ асуудал дээр олон маргаан гардаг юм... Ер нь аймаг, сум, дүүрэг, нийслэлийн газар нутгийн байршлаас хамаарч бүсүүдийн зэргэлдээ байгаа газруудад давуулан олголт хийгдсэн олон газрууд байдаг бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын захирамжаар Налайх дүүргийн хилийн цэст хамаарах газарт газар олголт хийгдсэн байдаг юм... , Энэ талаар өмнө шийдвэрлэгдэж байсан талаар миний мэдэхээр байхгүй бөгөөд миний зүгээс энэ асуудлыг шийдүүлэхээр зохих байгууллагад хандаж байгаа юм. Дорвитой арга хэмжээ авагдахгүй бол нийслэлийн засаг дарга юмуу? Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан түүнээс цааш Улсын их хуралд уламжлагдан хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэдэг юм... Энэ талаар би шууд одоо хэлж мэдэхгүй байна, харин энэ талаар тухайн газруудын хувийн хэргээс үзэж байгаад албан бичгийн дагуу хувийн хэргийг хуулбарлан хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлье. Хувийн хэрэг нь манай дээр байж байгаа юм... Бүрдүүлэх материал нь 2 талын өргөдөл, 2 тал нь аж ахуй нэгж байгууллага байвал улсын гэрчилгээний хуулбар, хувь хүн байвал иргэний үнэмлэхний хуулбар хорооны тодорхойлолт, нотариатаар батлуулсан газар шилжүүлэх гэрээ, шилжүүлэх гэж байгаа тухайн ^газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг эх хувиараа байх ёстой байдаг юм...гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-50/,

 

Гэрч Б.Жаргалсайханы “...Миний бие эхнэрийн хамтаар өөрийн танил Батжаргалаар дамжуулан Ц.О гэх хүнтэй танилцсан бөгөөд тэр хүнээс нийтдээ 40 га газрыг худалдан авахаар ярилцаж тохиролцсон бөгөөд тэр газрын төлбөрийг манай эхнэрийн компанитай хамтран ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагч нар төлөх байсан юм. Тэгээд тэр гадаадын хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон тул Одхүүгээс авах гэж байсан 40 га газраа буцаагаад өгсөн ба бид нар тэр газрын замын хойд талд байх 18666297654677 нэгж талбарын дугаартай 20 газрыг 700.000.000 төгрөгөөр Одхүүгээс худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд газрын төлбөрөөс 332.300.000 төгрөгийг Одхүүд өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг өгөхөд хүндрэл учирсан юм. Тэгтэл миний зүс таних танил Мэндбаяр гэх залуу “би танай эхнэрийн компанид хөрөнгө оруулалт олж хийгээд компанийн 75 хувийг эзэмшиж хамтарч ажиллая” гэсэн юм. Тэгэхээр нь тохиролцоод газрын үлдэгдэл төлбөр болох 367.700.000 төгрөгийг Мэндбаяр нь Одхүүд өгснөөр газрыг компанийн нэр дээр аваад үйлдвэр барьж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Тэгээд Мэндбаярыг Одхүүд үлдсэн мөнгөө өгсөн юмуу? Бүү мэд нэг мэдэхэд манай компанийн нэр дээр газар шилжээд гэрчилгээ нь гараад ирчихсэн байсан юм. Tэгэхээр нь тухайн үед бид нар Мэндбаярыг үлдсэн мөнгийг Одхүүд өгөөд газраа yэр дээрээ шилжүүлээд авчихсан байна гэж бодсон юм. Тэгтэл 2014 оны 12 сарын сүүлээр манай эхнэр компанийнхаа нэр дээр байгаа тухайн газрын төлбөрийн тооцоог нийлэхээр Налайх дүүргийн газрын албан дээр очтол манай нэр дээр 18666297654677 нэгж талбарын дугаартай 20 га газар биш харин оронд нь 118666298621042 нэгж талбарын дугаартай газар манай нэр дээр шилжсэн байсан бөгөөд тухайн газар нь мөн газрын албандаа бүртгэлгүй БЗД-ийн нутаг дэвсгэрт харъяалагдах газар(байсан юм.Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм... 118666298621042 нэгж талбарын дугаартай газар сүүлд миний мэдэхээр манай эхнэрийн компанийн нэр дээр байсан бөгөөд одоо хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна... Би мэдээгүй байж байгаад сүүлд тухайн газрыг Мэндбаяр  шилжүүлж авсан байсныг мэдсэн юм. Би анх тохирсноороо 18666297654677 нэгж талбарын дугаартай газрыг өөр дээрээ авч байгаан байна гэж ойлгосон байсан юм... Тухайн газрыг Мэндбаяр нь анх манай компанийн нэр дээр шилжүүлэн авсан байсан бөгөөд тэр үед П.Мэндбаяр нь Рояаль прекаст ХХК-ны захирал байсан юм... манайх анх 40 га газар авна гэж тохирсон байсан бөгөөд түүнийгээ авахад хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон тул буцаасан байгаа юм…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-51/,

 

Гэрч Д.Нарантуяагийн “...Миний бие Ц.О гэх хүнтэй Батжаргал гэх хүнээр дамжуулан танилцсан бөгөөд Налайх дүүрэгт байх 40 га газрыг тэр хүнээс авахаар тохиролцсон юм. Тухайн үед тэр 40 га газрын төлбөрийг манай компанитай хамтран ажиллаж байсан гадаадын компани мөнгийг нь өгөх байсан боловч тухайн гадаадын компани манай байгууллагатай хамтран ажиллахаа больсон юм.Тэгээд тэр газрыг Одхүүгээс авахаа болилоо гэдэг хэлээд харин өөр замын хойд талд байсан 18666297654677 нэгж талбарын дугаартай 20 га газрыг 700.000.000 худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд бид нар өөрсдөөсөө 332.300.000 төгрөгийг Одхүүд өгсөн бөгөөд мөнгийг нь өгч чадахааргүй болтол манай нөхрийн танил Мэндбаяр гэх залуу үлдэгдэл 367.700.000 төгрөгийг Одхүүд өгье харин та нар надад компанийнхаа 75 хувийг шилжүүлж өг гэсэн юм.Түүний дагуу бид нар Рояаль прекаст ХХК-ны 75 хувийг Мэндбаярт шилжүүлсэн бөгөөд Мэндбаяр тэр үлдсэн мөнгийг Одхүүд өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай компанийн  нэр дээр  Налайх дүүрэгт байх  нэг 20 га  газар шилжчихсэн байсан. Тэгээд 2014 оны сүүлээр тухайн газрын төлбөрийн тооцоог тулгах санаатай Налайх дүүргийн газрын албан дээр очтол бид нарын нэр дээр анх тохирсон 18666297654677 нэгж талбарын дугаартай 20 га газар биш харин түүний оронд 18666298621042 нэгж талбарын дугаартай 20 га газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгсөн байсныг мэдсэн юм. Тэгээд бид Одхүү нь тохирсон ёсоороо мөнгөө авчхаад харин түүний оронд тохирсон газраа биш өөр газраа шилжүүлэн өгч бид нарыг залилсан гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм. 18666298621042 нэгж талбарын дугаартай газар сүүлд миний мэдэхээр манай байгууллагын нэр дээр байсан бөгөөд одоо хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэхгүй.Би мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн юм.Би анх ..тохирсноор 18666297654677 нэгж талбарын дугаартай газрыг өөр дээрээ авч байгаа юм байна гэж ойлгосон байсан юм. Тухайн газрыг Мэндбаяр нь анх манай компанийн нэр дээр шилжүүлж авсан басан бөгөөд тэр үед П.Мэндбаяр нь рояаль прекаст ХХК-ны захирал байсан юм...гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-52/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал /2-р хавтаст х-46/, Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /2-р хавтаст х-58/, Кадастрын зураг /2-р хавтаст х-74/, мөнгө хүлээн авсан баримт /2-р хавтаст х-83/, Төлбөр барагдуулах гэрээ /2-р хавтаст х-123-124/, Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ /2-р хавтаст х-181, 182/, Ц.Огийн сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2-р хх-54-56, 205-207/, Шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст х-55, 159-161, 165/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /3-р хавтаст х-180-185/, Хувьцаа эзэмшигчдийн тэмдэглэл, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн дүрэм /4-р хавтаст х-60-100/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-180-181/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-39/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2-р хх-201-204/, Ц.Огийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-2-р хх-213/, баримт, бичиг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-1-2, 6-р хх-137/, шүүх сэтгэц судлалын дүгнэлт /3-р хх-171/, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн засаг даргын захирамж /8-р хавтаст х-61/, Арцат Нуга ХХК-ийн албан бичиг /8-р хавтаст х-51/, Газар эзэмших гэрчилгээ /8-р хавтаст х-45/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /8-р хавтаст х-65-67/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.О нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлах “Арцат нуга” ХХК-ийн эзэмшлийн 186662765477 нэгж талбарын дугаартай 200.000 м.кв газрыг 700.000.000 төгрөгөөр “Рояаль Прекаст” ХХК-д зарахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 461.500.000 төгрөг авч тухайн тохирсон газар биш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай 200.000 м.кв газрыг шилжүүлэн өгч бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч О.Мөнх-Оргил, Ж.Ууганбат, П.Мэндбаяр нарын мэдүүлгүүд, гэрч М.Мэндсайхан, Б.Жаргалсайхан, Д.Нарантуяа нарын мэдүүлгүүд, мөнгө хүлээн авсан баримт, шүүгдэгч Ц.Огийн сэжигтэн, яллагдагч, болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүний “Арцат нуга” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 186662765477 нэгж талбарын дугаартай 200.000 м2 газрыг “Рояаль прекаст” ХХК-д 700.000.000 төгрөгөөр худалдан уг газрыг “Роёаль прекаст” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон бэлэн болон бэлэн бусаар 524.500.000 төгрөгийг авсан атлаа дээрх газрыг бус харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай 200.000 м2 газрыг “Рояаль прекаст” ХХК-д шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ог дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Шүүгдэгч Ц.Огийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч Ж.Ууганбат, П.Мэндбаярын нарын мэдүүлгээс харахад хохирогч нарт нийт 524.500.000 төгрөгийн хохирол учирсан байхад улсын яллагч яллах дүгнэлтэдээ 461.500.000 төгрөгийг авч гэж буруу бичснийг шүүх зөвтгөн шийдвэрлэлээ. 

Иймд шүүгдэгч Ц.Огээс 524.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ууганбатад 332.300.000 төгрөг, хохирогч П.Мэндбаярт 192.200.000 төгрөгийг тус тус олгох зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгч Ц.Огийн эзэмшлийн  Улсын бүртгэлийн Y-2201027469 дугаарт бүртгэлтэй СХД-ийн 18 дугаар хороо, Москва гудамж, 133/3 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот, мөн Улсын бүртгэлийн Y-2206010388 дугаарт бүртгэлтэй ХУД-ийн 1 дүгээр хороо, Стадион оргил Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууцны эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ...................хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Шүүгдэгч Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Огийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Огийн эзэмшлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Огээс нийт 524.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ууганбатад 332.300.000 төгрөгийг, хохирогч П.Мэндбаярт 192.200.000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай. 

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ