Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01226

 

2017 оны 05 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01226                             Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 3а байр, 4 тоотод оршин суух, РД:ЧК86040771, Цахар овогт Отгонбаярын Төгөлдөрий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа хороолол, 709 байр, 63 тоотод оршин суух, РД:ТИ87022111, Элдэн овогт Жаргалсайханы Сайнбаярт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Төгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.    

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Төгөлдөр би Ж.Сайнбаяртай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19 сая төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 4 сая төгрөгийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан, гэрээний хугацаа дууссан боловч Ж.Сайнбаяр нь зээлийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтэрч 2017 оны 02 дугаар сарын 16-нд 10 сая төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4 сая төгрөг өгч үлдэгдэл 9 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданг тооцож 83 хоногийн алданги, үндсэн зээлийн 9 сая төгрөг, түүний хүү болох 4,500,000 төгрөгийн хамт нийт 13,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Сайнбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч О.Төгөлдөр нь хариуцагч Ж.Сайнбаяраас 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч О.Төгөлдөр нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Сайнбаяр 7,500,000 төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 3,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Төгөлдөр нь Ж.Сайнбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь шаардлагынхаа 6,000,000 төгрөгөөс татгалзаж, 7.500.000 төгрөг хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 3.500.000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрч байна.

 

Хариуцач Ж.Сайнбаяр нь Ш.Чинхүүнд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэлээр нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон байна. /хх 14/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сайнбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Төгөлдөрт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Төгөлдөр нь хариуцагч Ж.Сайнбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 6,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Сайнбаяр 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг,  2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 3.500.000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ