Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/361

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Б.Дэлгэрдалай

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрдалай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Э-д  холбогдох эрүүгийн 1911 0110 60449 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Их ...........ХХК-д үйл ажиллагааны менежер ажилтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 354 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дахь зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, Баянбүрдийн тойргийн урд өөрийн төрсөн дүү болох хохирогч Б.Т “ээжийн алт болон монетон бөгжийг барьцаанд тавьсан” гэх асуудлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр гэрээ цэвэрлээд илүү дутуу ачаагаа авчирч тавихаар болсон ...17 цаг болж байсан байх тэдний рүү юмнуудаа оруулж тавьчихаад мөн А ахын гадаа машиндаа хүлээгээд сууж байхад гэнэт Э ах машин дотор ороод ирсэн тэгснээ А ирээгүй байгаамуу гэж асуусан. Тэгээд 40 минутын дараа А ах ирээд бид 3 миний машинд суугаад тэгсэн Б.Э ах надад хандан чамтай ярих юм байна ээжийн алтан болон монетон бөгж хаана байна гаргаад ир гэж хэлчихээд миний машины кармануудыг үзээд байхаар нь би яахаараа мэддэг юм битгий хуцаад байгаарай гэсэн тэгсэн чинь миний нүүрлүү цохиод авсан тэгэхээр нь би гарыг нь бариад авсан тэгсэн дахиад нэг зүүн нүд хавьруу цохиод мөн уруул хэсэгрүү толгойгоороо мөргөсөн ...гэмтлүүдийг миний төрсөн ах Б.Э надад учруулсан ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-н 18-20-р хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Төгсбилгүүний машины ард суухад ах Б.Э, Т хандаж чи өвчтэй байгаа ээжрүү олон жил дайрч доромжилж дарамт үзүүлсэн чи ямар санаа сэдэлтэй ийм үйлдэл гаргаад байдаг юм бэ гэхэд Т би ээжид хэлэх ёстой үгээ хэлнэ цаашид ч хэлнэ гэх маягийн зүйл хэлээд хоорондоо маргалдаад байсан тэр үед би доошоо хараад юм бодоод сууж байхад пид пад гээл явчихаар нь хартал манай хоёр барьцалдаад авчихсан байхаар нь та хоёр боль хэл амаараа эв зүйгээ ол гээд салгасан. ...Намайг тонгойгоод сууж байхад тэр хоёр нэг нэгийгээ цохих шиг болсон. Тэрнээс болж л энэ гэмтэл үүссэн байх тэгэхээр Б.Э ах л Т биед гэмтэл учруулсан байх өөр тэр зодоонд оролцсон хүн байхгүй” гэх мэдүүлэг  /хх-н 21-22-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн №4257 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Т биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, цээж, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогтдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 27-р хуудас/

Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би дээрх гэмтлийг үүсгэсэн. Эхлээд би машинд сууж байхдаа нүүрлүү нь зүүн гараараа 2-3 удаа цохисон, мөн цээжрүү нэг удаа цохисон тэгээд буугаад цашдаа дууд гэж хашгираад байхаар нь буцаж суулгах гээд зууралдаад байх хооронд хөлөө юманд цохьчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 39, 38-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 37-р хуудас/

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийн гардуулсан тэмдэглэл /хх-н 59-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.  

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.

Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Баянбүрдийн тойргийн урд өөрийн төрсөн дүү болох хохирогч Б.Т “ээжийн алт болон монетон бөгжийг барьцаанд тавьсан” гэх асуудлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр эрүүл мэндэд  нь  баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Т, гэрч Б.А, яллагдагч Б.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн №4257 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Э-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Э-д сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР