Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2017/00908/И |
Дугаар | 183/ШШ2017/01260 |
Огноо | 2017-06-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2017/01260
2017 оны 06 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2017/01260 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, 21 хороолол, 68 байр, “Эс эн эн” ХХК-ийн /РД:2725177/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэрийн гудамж, 60В-25 тоот, “Мөнх замбала корпораци” ХХК-д /РД:5070562/ холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.012.052 /долоон сая арван хоёр мянга есөн тавин хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь вафли, печень үйлдвэрлэдэг бөгөөд борлуулалтын гэрээний дагуу аж ахуйн нэгж байгууллагад өөрийн үйлдвэрийн барааг түгээн борлуулдаг. Тус компани нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Мөнх замбала корпораци” ХХК-тай гэрээ байгуулан, бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Бид гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2016 оны 8 сарын 12-нд төлөх график гаргаж өгсөн ч барагдуулахгүй байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.012.052 гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эс эн эн” ХХК нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.012.052 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Нэхэмжлэгч нь “Мөнх замбала корпораци” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Борлуулалтын гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна.
Гэрээгээр “Эс эн эн” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан печень, жигнэмгийг нийлүүлэх, борлуулагч нь Замбала бөөний төв болон дэлгүүрээр дамжуулан зах зээлд борлуулан сар бүрийн 19-ний өдөр нийлүүлсэн барааны үнийг төлөхүүргийг хүлээсэн байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцлөөс дүгнэхэд зээлээр худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу барааг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гэрээгээр тохирсон барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 талын нягтлан бодогч нар 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны барааны үлдэгдэл төлбөрийг тооцож, баталгаажуулан баталжээ.
Тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 7.012.052 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь төлбөрийг шаардах эрхтэй байх тул хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас гаргуулж, “Эс эн эн” ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгч мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 127.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас /РД:5070562/ гэрээний үүрэгт 7.012.052 /долоон сая арван хоёр мянга есөн тавин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эс эн эн” ХХК-д /РД:2725177/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 127.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ