| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/1006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1024 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1024
2021 10 13 2021/ШЦТ/1024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Ц-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0189 50941 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Ц-ийн Ж- нь Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23 дугаар байрны 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 08-09 тоотод 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.О-ийг бусадтай хардан эрүүл мэндэд нь халдаж, дагзанд шарх, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ:
Хохирогч Отгонтөгс нь манай найзын найз эмэгтэй юм. Тухайн үед Буянт, Баянжаргал нар манай гэрт ирсэн байсан. Отгонтөгсийг Баянжаргал дагуулж ирсэн. Архи ууж байхад миний найз эмэгтэй Буянт намайг Отгонтөгстэй хардсан. Тэгэхээр нь би Отгонтөгсийг яв гэж хэлэхэд явахгүй байсан тул түүнийг түлхэж, толгой руу нь 2-3 удаа цохисон. Хохиролд 250.000 төгрөг төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 2108 0189 50941 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “манай ээж хүнд зодуулсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
2. Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ...16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8-9 тоотод байрлах Ням-Очир гэх залуугийн гэрт иртэл ...Баянжаргал, Базаррагчаа, Баяраа буюу Жаргалбаяр, түүний найз эмэгтэй Буянт нар архи уугаад сууж байхаар нь би хамт нийлж архи уусан. Би тухайн үед нэлээн согтоод, ухаан орж гараад байхад Буянт, Жаргалбаяр хоёр хэрэлдээд, мөн хажуу талд Базаррагчаа, Баянжаргал хоёр машины талаар хэрүүл хийж байсан. Тэгтэл нэг мэдэхэд Жаргалбаяр гэх залуу над руу уурлаж, чамаас болж хэрүүл маргаан болж байна, зайл гэж хэлж байх шиг байсан. Тэгээд Жаргалбаяр гэнэт намайг үсдэж, доош нь дарж өвдөглүүлж суулгаад толгой руу маань нэлээн олон удаа гараараа цохисон. Би хоёр гараараа толгойгоо хамгаалахад гар руу маань цохиж байгаад болихоор нь арайхийж тухайн айлаас гарч яваад найз Алтантуяагийн гэрт орсноо санаж байгаа юм. Тэндээ унтаж амарсан. Маргааш нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Даваадолгор хүрч ирээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Би 500.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-хохирогчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Ж надад эмчилгээний зардалд бэлнээр 250.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),
3. Гэрч А.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...Би 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8 дугаар гудамжны 9 тоот гэртээ байхад танил Үнэнбат, Баянжаргал, Баяраа нарын хамт архи ууж байгаад тасраад унтаж амарсан. Тэгээд орой сэртэл манай гэрт Баянжаргал, түүний дагуулж ирсэн Отгоо гэх танихгүй эмэгтэй, Баяраа /Жаргалбаяр/, түүний найз эмэгтэй Буянт нар архи уугаад сууж байхаар нь хамт архи уусан. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай гэрээс Отгоо гэх эмэгтэй ганцаараа гараад явсан. Би 14 цагийн үед Өвөрхангай аймаг руу ажлаар явсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянжаргалтай утсаар ярихад “Отгоо гэх эмэгтэй орж ирээд намайг зодсон гээд дайраад байна” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд “би өөрөө бас мэдэхгүй байна” гэж хэлээд утас нь тасрахаар нь дахин залгатал холбогдох боломжгүй болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
4. Гэрч Б.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Отгоо гэх эмэгтэй гаднаас орж ирээд намайг зодсон байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
5. Гэрч Э.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...гаднаас Отгоо орж ирээд “та нар намайг өчигдөр зодсон байна” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд “ганц шил архины мөнгө байна уу” гэсэн, байхгүй гэхэд гараад явсан. Баяраа /Жаргалбаяр/ Отгоог зодсон байж магадгүй. Яагаад гэвэл Баяраа эмэгтэй хүнтэй ширүүн харьцдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
6. Шүүгдэгч Ц.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8 дугаар гудамжны 9 тоотод найз Ням-Очирын гэрт нь найз хүүхэн Буянт, найз Үнэнбат нарын хамт архи уугаад сууж байтал гаднаас Базаррагчаа, Баянжаргал гэх хоёр найз маань орж ирээд бидэнтэй хамт архи ууж суусан. Буянт надтай хэрүүл хийж байгаад намайг цагдаад барьж өгч эрүүлжүүлэхэд хийлгэсэн юм. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эрүүлжүүлэхээс гарч ирээд Ням-Очирын гэрт ортол Буянт, Базаррагчаа, Баянжаргал нар архи уугаад байж байсан. Ням-Очирыг асуутал хөдөө явчихсан гэж хэлэхээр нь нийлж архи уусан. 16 цагийн орчимд гаднаас Отгоо гэх эмэгтэй орж ирээд надтай танилцаж, бидэнтэй хамт ойр зуурын зүйл ярьж байхад тухайн эмэгтэй урьд шөнө нь Баянжаргалтай танилцаад хамт архи ууж, Ням-Очирын гэрт хоночхоод өглөө намайг ирэхээс өмнө гарч яваад буцаж ирсэн гэсэн. Бид архи уугаад сууж байтал ...Буянт надаас хэрүүл өдөөд янз бүрийн зүйл ярьж, намайг Отгоо гэх хүүхэнтэй хардаж, бид хоорондоо маргалдаж муудалцсан. ...би Отгоо гэх хүүхэнд хандаж “гэртээ харьж амар, яв” гэж хэлсэн чинь явахгүй гээд суухаар нь чамаас болж хэрүүл маргаан болоод байна, яадаг гай вэ гэж хэлээд үснээс нь зулгааж байгаад доош нь дарж өвдөглүүлж, зүүн гараа атгаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохитол хоёр гараараа миний гарыг тавиулаад гараад явсан. Тухайн үед Отгонтөгсийг надаас өөр хүн цохиж зодоогүй. Надаас Отгонтөгс эмчилгээний зардал гэж 250.000 төгрөг нэхэхээр нь би бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7501 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дагзанд 1х0.5 см, 0.5х0.6 см хүрэн өнгийн тав тогтсон шархтай. Зүүн шууны доод хэсэгт 3.5х2.3 см, баруун зүүн сарвууны ар хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Баруун өвдөгт 0.5х0.3 см, 0.3 см, 0.6 см хүрэн өнгийн зулгаралттай.
Дүгнэлт:
1.Д.О-ийн биед дагзанд шарх, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
8. Шүүгдэгч Ц.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Жт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 08-09 тоотод 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.О-ийг бусадтай хардан эрүүл мэндэд нь халдаж, дагзанд шарх, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Ж нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ц.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 08-09 тоотод 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.О-ийг “хэрүүл маргаан үүсгэлээ, яв гэхэд явсангүй” гэх шалтгааны улмаас эрүүл мэндэд нь халдаж, гараараа цохиж дагзанд нь шарх, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буянт, Жаргалбаяр хоёр хэрэлдээд байсан. ...Тэгтэл нэг мэдэхэд Жаргалбаяр гэх залуу над руу уурлаж, чамаас болж хэрүүл маргаан болж байна, зайл гэж хэлж байх шиг байсан. Тэгээд Жаргалбаяр гэнэт намайг үсдэж, доош нь дарж өвдөглүүлж суулгаад толгой руу маань нэлээн олон удаа гараараа цохисон. Би хоёр гараараа толгойгоо хамгаалахад гар руу цохиод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дугаар тал),
-Гэрч Б.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Отгоо гэх эмэгтэй гаднаас орж ирээд намайг зодсон байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-Гэрч Э.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Отгоо орж ирээд “та нар намайг өчигдөр зодсон байна” гэж хэлсэн. Баяраа /Жаргалбаяр/ Отгоог зодсон байж магадгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Шүүгдэгч Ц.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...Бид архи уугаад сууж байтал ...Буянт надаас хэрүүл өдөөд янз бүрийн зүйл ярьж, намайг Отгоо гэх хүүхэнтэй хардаж, бид хоорондоо маргалдаж муудалцсан. ...би Отгоо гэх хүүхэнд хандаж “гэртээ харьж амар, яв” гэж хэлсэн чинь явахгүй гээд суухаар нь чамаас болж хэрүүл маргаан болоод байна, яадаг гай вэ гэж хэлээд үснээс нь зулгааж байгаад доош нь дарж өвдөглүүлж, зүүн гараа атгаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохитол хоёр гараараа миний гарыг тавиулаад гараад явсан. Тухайн үед Отгонтөгсийг надаас өөр хүн цохиж зодоогүй. Надаас Отгонтөгс эмчилгээний зардал гэж 250.000 төгрөг нэхэхээр нь би бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7501 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Жын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл ба, хохирогч Д.О-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Жыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Прокуророос шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулгыг дүгнэж бичихдээ шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Д.О-ийг бусадтай хардаж зодсон мэтээр үйл баримтыг буруу дүгнэсэн алдаатай байх ба хэргийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Жын найз эмэгтэй Буянт нь түүнийг хохирогч Д.О-тэй хардсан байна. Үүний улмаас шүүгдэгч Ц.Жаас хохирогч Д.О-өд чамаас болж хэрүүл маргаан боллоо, гэр рүүгээ яв гэж хэлсэн, улмаар явсангүй гэх шалтгаанаар хохирогчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Яллах дүгнэлтийн дээрх алдааг шүүх зөвтгөн шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж алдааг залруулж шийдвэрлэсэн болно. Цаашид яллах дүгнэлтэд хэргийн товч агуулгыг логикийн болон агуулгын алдаагүй, зөв дүгнэн үйлдэхэд анхаарах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Д.О- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Ц.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид 250.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар хэн аль нь мэдүүлсэн байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Ж нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ц.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ц.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.О-өд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА