Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Б.Билгүүн улсын яллагч Н.Булганчимэг шүүгдэгч Г.У хохирогч Д.Санчирбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Г.Ут холбогдох 1711000120058 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, урьд нь ял шийтгэлгүй, Боржигон овогтой Г.У

 Холбогдсон хэргийн талаар: Г.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.У нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн тасганы 4 дүгээр гудамжны 39а тоотод хохирогч Д.Санчирбямбыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад Г.Уын хэргээ хүлээн өгсөн: “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 4-39а тоотод байх гэртээ эхнэр Санчирбямбатай маргалдаж уурандаа нүдэн тус газарт цохиж гэмтэл учруулсан. Санчирбямба намайг хүнтэй хардснаас болж энэ хэрүүл маргаан үүссэн. Өөр ямар нэг шалтгаан бид хоёрт байгаагүй. Урьд өмнө ямар нэг зодож цохисон асуудал байхгүй. Хэргийн талаар өөр ярих зүйл байхгүй. Эхнэр Санчирбямбатай эвлэрсэн. Манай эхнэр Санчирбямба надад ямар нэг гомдол саналгүй болсон. Хэрэг асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Д.Санчирбямбын өгсөн: “…2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 4-39а тоотод байхад Г.У нь өөрийн фэйсбүүк хуудас нээчихсэн эмэгтэй хүнтэй харилцаад байгааг мэдсэн юм түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Ингээд маргалдаж байх үед Г.У нь миний нүүрэнд нэг удаа цохисон юм түүнээс болоод миний нүд хөхөрсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 16- 17х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8018 дугаартай дүгнэлт “…Санчирбямбын биед баруун зовхи, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь 2017.06.11-ны өдөр үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Г.У нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба түүнийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 03- ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар Г.Уын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Д.Санчирбямба нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн /хх-ийн 44х/, Г.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогтой Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Уыг Эрүүгийн хариуцлагаас чөөлөлсүгэй. 3. Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 5.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Д

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.БАТГЭРЭЛ