Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 123

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ч.Батбаяр,

          шүүгдэгч Ж.Б-,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1652 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806 0598 01810 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ж-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дундговь аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. оршин суух, ял шийтгэлгүй /РД:.............../;

Ж.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 3 дугаар гудамжны 41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.О-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, 11, 22, 23, 43 дугаар шүдний булгарал, 21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Б- нь хохирогч М.О-т хохирлын төлбөр болох 450.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М.О-т хохиролд нийт 450.000 төгрөгийг төлсөн. Хохирогч цаашид гарсан эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгвөл хохирлыг төлж барагдуулна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж, хийсэн үйлдэлдээ харамсаж байна.

Миний бие 2018 оны 10 дугаар сард Нэгдсэн 2 дугаар эмнэлэгт шулуун гэдэсний мэс засалд орсон. Мэс заслын дараах шархны эдгэрэлт муу байгаа тул дахин мэс засалд орох шаардлагатай байна.

Иймд эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Б- нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй. Иймд шүүгдэгч Ж.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Ж.Б-ы давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8662 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  “... М.О-ын биед тархи доргилт, 11, 22, 23, 43 дугаар шүдний булгарал, 21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...4 шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15 хувь алдагдуулна ...” гэжээ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2 дугаар зүйлд “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэж, мөн журмын 4.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52-т зааснаар 4-өөс 6 шүд унасан бол ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдана гэж тус тус заасан байна.

Мөн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн хүснэгтийн 52-т заасан тайлбарт “Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байх тул хохирогч М.О-ын 5 шүд гэмтлийн улмаас унасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8662 дугаартай дүгнэлтэд хохирогч М.О-т учирсан гэмтэл нь  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15 хувь алдагдуулна гэсэн атлаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зүйл, хэсэг, заалттай зөрчилдөж байна.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэнэ.

Иймд хохирогчид учирсан гэмтлийн зэрэг бүрэн гүйцэт, эргэлзээгүй тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Б-ы гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1652 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ