Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0286/З |
Дугаар | 221/МА2016/0261 |
Огноо | 2016-04-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0261
"Г х" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч "Г х" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Г х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Г х" ХХК нь БНСУ-ын "Ж Э К" хувьцаат компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр, үйл ажиллагаа явуулдаг охин компани юм. "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох "Ж Э К" хувьцаат компанийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 5 дугаар сарын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн С М Гийг ерөнхий захирлаар, Монгол улсын иргэн Т.Т гүйцэтгэх захирлаар тус тус томилсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар байгаа мэдээлэлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагчаар БНСУ-ын иргэн С Б, ерөнхий захиралаар С М Г нар бүртгэлтэй байдаг болно. БНСУ-ын иргэн К Ч Х нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гээгдүүлсэн, өөрийг нь ерөнхий захирлаар томилсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх бичиг баримт бүрдүүлэн "Г х" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин хэвлүүлэн авч 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн байранд хүрч ирэн одоо би ерөнхий захирал болсон, тамга тэмдэг, компанийн ажлыг надад хүлээлгэн өг гэсэн шаардлага тавьж шинээр гаргуулж авсан гэрчилгээ, тамга үзүүлсэнээр манай компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин хэвлэгдсэнийг мэдсэн. Тэр үед манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга компани дээр хадгалагдаж байсан. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пд хандан эрхийг сэргээж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч хуулийг зөрчөөгүй байна гэсэн хариу өгснийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан. Дээрх бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар тушаалыг зөрчсөн байна. Мөн тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс өргөдөл хүлээн авсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус зөрчиж бүртгэлд өөрчлөлт оруулж, дахин улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга олгосон нь "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон "Г х" ХХК-ийн гэрчилгээ, БНСУ-ын иргэн К Ч Х-ыг захирлаар томилсон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 000080737 тоот гэрчилгээ олгож БНСУ-ын иргэн К Ч Хыг гүйцэтгэх захирлаар бүртгэхдээ хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд "Г м к" ХХК-ийн гишүүдийн шийдвэр болон холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Т.Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын Голд маунтин кореа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаан шийдвэр гаргаж Монгол улс дахь Газар хэвлий ХХК-ийн захирал Сун Мүн Гёныг компанийн хөрөнгийг бусадтай нийлж завшсан, алтны уурхайд олборлолт хийж олсон алтаа хуурамч материал үйлдэж хувьдаа завшсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй, хувьдаа ашиглан шамшигдуулсан зэргийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлж, Монгол улс дахь "Г х" ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар К Ч Хыг захирлаар томилсон. Энэхүү баримтыг Бүгд найрамдах Солонгос Улсын Нотариатын байгууллагаар батлуулж, Монгол улсаас Бүгд найрамдах Солонгос Улсад суугаа Консулын газраар баталгаажуулан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохих өөрчлөлтүүдийг хийлгэсэн болно. Эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч дээрхи баримтуудыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 269 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд "Г х" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан Газар хэвлий гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон №000080737 тоот гэрчилгээ болон иргэн K C H /К Ч Х/-ыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Т захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан гомдлын хариуг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч анхан шатны шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БНСУ-ын иргэн С Б Сгийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан "Г х" ХХК-ийн бүртгэл хууль зөрчсөн талаарх гомдлын хариуг тус компанийн ажилтан н.Өнөржаргал 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсгийг зөрчин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүй шийдвэр гаргасан. Сун Бу Су-гийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлын хариуг н.Ө, Т.Т нар төлөөлөн авах эрхтэй эсэх талаарх хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүх шийдвэртээ зааж өгөөгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучнаар/ холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон №000080737 тоот гэрчилгээ болон мөн өдөр БНСУ-ын иргэн К Ч Хыг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэх бөгөөд хуулийн этгээдийн эрх баригч өөрчлөгдөж байгаа тохиолдолд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэрээс гадна үүсгэн байгуулах баримт бичиг буюу "Г х" ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтөө гаргаж өгөх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл "Г х" Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6-д Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу С М Г-ыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан байх ба энэхүү дүрэмд заасан албан тушаалтан өөрчлөгдөж байгаа тохиолдолд зайлшгүй дүрэмд өөрчлөлт оруулах ёстой.
Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.2-т Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтална, 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг /цаашид өргөдөл гаргагч гэх/ гаргана, 15.1.1.тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага; 15.1.2.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан; 15.1.3.тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг; 15.1.4.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага; 15.1.5.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга; 15.1.6.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж зааснаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргагч этгээд нь тухайн хуулийн этгээдийн эрх баригч болох нь тодорхой байх учиртай.
Гэтэл БНСУ-ын иргэн К Ч Х нь "Г х" ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтөө гаргаж өгөөгүй, тухайн хуулийн этгээдийн эрх баригч болохыг нотолсон баримтгүй, Голд маунтин кореа компани нь 11 хувьцаа эзэмшигчтэй болохоо нотолсон баримтаа /1-р хавтас 41,42/ хавсаргаж өгсөн байхад зөвхөн 3 хувьцаа эзэмшигчийн гарын үсэг, тэмдэг бүхий шийдвэрийг /1-р хавтас 37/ үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг тус тус зөрчжээ.
Иймд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын иргэн К Ч Хыг "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэл хууль бус байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 8 дугаар зүйлд заасан бүрдүүлвэл зохих баримтуудаа бүрдүүлээгүй, өөрөөр хэлбэл дахин улсын бүртгэлийн гэрчилгээ авах тухай эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр байхгүй, БНСУ-ын иргэн К Ч Хыг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэл хууль бус тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин улсын бүртгэлийн №000080737 тоот гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан улсын бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.
Дээрхийг дүгнэвэл анхан шатны шүүх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан гэрч М.Өнөржаргалын мэдүүлгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хариуг тус компанийн ажилтан н.Өнөржаргал 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдлыг хангах боломжгүй юм.
Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг Т.Т төлөөлөх эрхгүй гэж тайлбарласаныг хүлээн авах үндэслэлгүй. Тодруулбал,
БНСУ-ын Голд маунтин кореа /Gold Mountain Korea/ компани нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээгээр Монгол Улсын хуулийн этгээд болох "Г х" ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авснаар 2013 оны 12 дугаар сарын 20-ний өдөр "Г х" ХХК-ийг Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгон өөрчлөн, захирлаар БНСУ-ын иргэн Сун Бу Су бүртгэгдсэн байх ба мөн БНСУ-ын Голд маунтин кореа компанийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр БНСУ-ын иргэн С М Г-ийг тус компанийн захирлаар томилсоны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, БНСУ-ын иргэн С М Г захирлаар бүртгэгджээ.
Нэхэмжлэгч "Г х" Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг төлөөлж 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Т.Т нэхэмжлэл гаргасан байх ба БНСУ-ын Голд маунтин кореа компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр С М Г-ийг "Г х" Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн ерөнхий захирлаар, Т.Т гүйцэтгэх захирлаар дахин томилсон байх тул "Г х" Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг төлөөлөх эрх Т.Тд олгогдоогүй гэж үзэх боломжгүй юм.
Дээрх шийдвэрийг Голд маунтин кореа компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон гишүүдийн талаас илүү хувийн саналаар шийдвэрлэсэн нь тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хүчин төгөлдөр шийдвэр гэж шүүх дүгнэсэн болно.
Харин С М Г-оос Т.Тд олгосон 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл /1-р хавтас 204 хуу/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлага хангаагүй байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон утга найруулгын өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Г х" Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Г х" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон №000080737 тоот гэрчилгээ болон мөн өдөр БНСУ-ын иргэн Kim Cheolhong /К Ч Х/-ыг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН