Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00130

 

  А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дүгээр шийдвэртэй, А-гийн нэхэмжлэлтэй, Д, М нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.З  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Б аймаг дахь Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Иргэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, Монгол Улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүнд Д, М нар нь дараах тайлбаруудыг бичиж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүтгэсэн учир өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.Үүнд: 

1. Ө сумын оршин суугч Д, М нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд бичсэн тайлбартаа /Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 59 тоот шийдвэртэй захиргааны хэргийн 2 дугаар хавтас, 460 дугаар хуудасны 25, 26 дахь мөр/ “...Үүгээрээ нэхэмжлэгч А мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй юм...”, /461 дүгээр хуудасны 10, 11, 12, 13 дахь мөр/ “...Санаагаараа зохиож, гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгч А-гийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг, Д, М бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна..” гэж тайлбарласан нь, 

  2. Д-ийн нэхэмжлэлтэй, А-д холбогдох түрээсийн төлбөр 6600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт Д-гээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа /Уг тайлбарын 2 дахь хуудасны 3 дахь үндэслэл/ ”...А нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг...” гэж тайлбарласан нь,

3. "Д, М нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд гаргасан тайлбартаа: /Уг тайлбарын эхний нүүрний 34 дэх мөр/ “...Иймд Ж, К гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг А хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан ...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн... гэмт хэрэг байна...” гэж тайлбар гаргасан нь,  

Миний бие улсад 32 жил, үүнээс эмнэлгийн байгууллагад 10 жил, үүнээс Д хотын сангийн аж ахуйн байгууллагад 20 жил, энэ хугацаанд буюу сүүлийн 15 жилд бизнесийн үйл ажиллагааг давхар эрхэлж ажиллаж байгаа ба аливаа ажилдаа үнэнч зүтгэж, бизнесийн үйл ажиллагаанд бусад өрсөлдөгч нарыг хүндэтгэн, шударгаар өрсөлдөх, хувь хүнийхээ ёс зүйг чанд сахиж, аймгийн Засаг даргын жуух бичиг, шилдэг бизнесмен болсон зэрэг хөдөлмөр зүтгэлийг маань үгүйсгэж, Д, М нарын шүүхэд гаргасан тайлбар тус бүртээ намайг хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх, хулгайчаар дуудаж гэмт хэрэгтнээр тооцох, эдийн засгийн боловсролгүй гэж олон нийтэд, тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдлийг нь би тэвчиж чадахгүй. 

Уг тайлбараар зогсохгүй Т захад байдаг худалдаа эрхэлдэг иргэдэд мөн адил миний талаар дээрх тайлбараа тарааж, ямар ч үндэслэлгүй, бүрэн нотлогдоогүй мэдээ тараасанд үнэхээр гомдолтой байна. 

Би Д-г урьд өмнө нь сайн таньдаг, хамт бизнес эрхэлж явсан хүний хувьд түүнийг хүндэлдэг, нэр хүндтэй, шударга залуу гэж бодож явсан. Гэвч бид хоёрын хооронд үл хөдлөх хөрөнгө болон газрын маргааны улмаас шүүхдэх зайлшгүй шаардлага гарсан ба би Иргэн, Захиргааны хэргийн шат шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол, тайлбар гаргах тутамд иргэн Д-гийн хувийн байдлыг доромжилж, гүтгэсэн агуулгатай нэг ч үйлдэл тайлбар гаргаагүй боловч Д миний эсрэг намайг боловсролгүй, хулгайчаар нэрлэж бусдад энэ талаар худал мэдээлэл тарааж, миний хувийн байдлыг доромжилж байгаа нь иргэн А миний нэр төрд ноцтойгоор халдаж байна гэж үзэж байна. 

Би хичнээн шат шатны шүүхийн шийдвэрээр ялагдал хүлээсэн хэдий ч зарим нэг төрлийн нотлох баримтыг тухайн үед мэдэх, олж авах боломжгүйн улмаас дараа нь олдсон нотлох баримтыг дахин үнэлүүлэхээр, ач холбогдолтой нотлох баримт гэж үзээд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасан байх ба үл хөдлөх хөрөнгө болон газартай холбоотой маргаан одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэж хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: “Нэхэмжлэгч А-гийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан хэмээн үзэж нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гэвэл: 

1.Д, М бидний нэхэмжлэгч бөгөөд хариуцагчийн хувьд шүүхийн байгууллагад гаргаж байсан тайлбарт тусгагдсан үг, өгүүлбэрүүд нь А-гийн нэр төр, алдар хүндийг гутаасан, доромжилсон, гүтгэсэн утга агуулаагүй, үг зүй, хэл зүйн үүднээс А-гийн нэр төр, алдар хүндэд нь халдсан утга санаа илэрхийлээгүй учраас түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэхгүй байна. 

2. Д, М бидний шүүхэд гаргасан тайлбарт бичсэн зүйлүүд хүчин төгөлдөр байгаа нь шат шатны шүүхийн шийдвэрүүдээр баталгаажсан. Тухайлбал, А нь өөрөө биднийг гүтгэж, Д газар эзэмших эрхгүй мөртлөө биднийг хууран мэхэлж, тухайн газрыг өөрийн газар гэж төөрөгдүүлж, өөр газрын гэрчилгээг үзүүлж, тухайн газарт үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүр бариулсан, түрээсийн гэрээний зарим хэсэг хүчингүй, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар авсан, ТИА дэлгүүрийн эзэмшил газар Д-ийн эзэмшил газар биш гэх мэт олон янзаар намайг гүтгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь хавтаст хэргээр нотлогдож байгаа. Энэ нь А нь будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй гэж тайлбарт бичих учрыг нөхцөлдүүлж байна. А нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаар бүтэн 4 жил бидний газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 12 удаа шүүх хуралдаан болсон. Дээрх шүүх хуралдаануудаар А-гийн нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болж байсныг шүүхийн шийдвэр, магадлал тогтоолууд нотолж байна. А-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон “Газар эзэмших эрх”-тэй холбоотой нэхэмжлэлүүд нь үндэслэлгүй болж хэрэгсэхгүй болж байсан тул Д, М бид санаагаар зохиож гомдол гаргаж байгаа А-гийн үйлдэл ичгүүр сонжуургүй байдал гэж үнэлсэн явдал бодит байдалд нийцэж байна. Гүтгэсэн явдал биш билээ. Д, М бидний хууль ёсны өмчлөх эрхэд халдаж, шат шатны шүүхэд А үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь биднээс гуйж байж түрээслэн авсан дэлгүүрийн байрыг өөрийн өмч болгох гэж улайм цайм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрүүдээр тогтоогдсон учраас түүнийг тодорхойлохдоо хүний мөсгүй чанарын илрэл гэж тайлбарт бичсэн. Энэхүү хүний мөсгүй зан чанар гаргасан нь шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлээр батлагдана. Мөн А-гийн өөрийнхөө нэхэмжлэлд дурдсанчлан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахад хүсэлтэд нь Муратбек, Женис нарын эзэмшил газрын зургийг нотлох баримтаар хавсаргаж, тэдний тодорхойлолтыг хамт явуулсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийг тухайн шүүх нотлох баримтаар үнэлж, А-гийн хүсэлтийг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр тогтоол байх тул Д, М бидний 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гаргасан тайлбар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох нь батлагдсан байна. Тийм учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн мөнийг нотолж чадаагүй бол хариуцлага хүлээх”-ээр заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “мэдээ тараасан этгээд түүнийхээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол гэм хорын хариуцлага хүлээх”-ээр хуульчилсан байдаг. Гэтэл Д, М бидний А-гийн нэхэмжлэлийн үндэслэлд заасан тайлбарт бичсэн зүйлүүд хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрүүдээр батлагдаж байх юм.

Иймд Д, М бидний шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж А-гийн нэр төр, алдар хүнд гутаагдсан гэж үзэх боломжгүй билээ.

3. Д, М бид А-гийн талаар ямар нэгэн худал мэдээлэл тараасан явдал байхгүй. Харин А нь Д, М бидний шүүхэд гаргасан тайлбарыг нотлох баримтаар өгч, шүүхэд өгсөн тайлбарт бичигдсэн мэдээ тараасан хэмээн үзэж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байдаг. Тийм учраас Д, М бидний зохих шатны шүүхэд гаргасан тайлбар бол нотлох баримтын шинжийг агуулж байгаа учир Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан гутаасан мэдээ тараасан гэж үзэх обьектод хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нь нотлох баримт болохоос биш, мэдээ мэдээлэл бус юм. 

  Иймд А-гийн Иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасныг баримтлан хариуцагч Д, М нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дугаартай шийдвэрээр хариуцагч Д, М нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зарим хэсгийг буюу Д, М нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. 

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нотлох баримтыг бүрэн цуглуулан хүргүүлсэн байхад хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж ийнхүү давж заалдах гомдол гаргасан болно.

1.”....Үүгээрээ нэхэмжлэгч А мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй юм. “...Санаагаар зохиож, гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгч А-гийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг Д, М бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна.. ” гэж тайлбарласан нь,

2.“...А нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг...” гэж тайлбарласан нь,

3.“...Иймд Ж, К гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг А хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан “...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг байна...” гэж тайлбар гаргасан нь, 

Ө сумын 5 дугаар багийн оршин суугч Д, М нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбараар, /Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 59 тоот шийдвэртэй захиргааны хэргийн 2 дугаар хавтас 460 дугаар хуудасны 25, 26 дахь мөр/, /461 дүгээр хуудасны 10, 11, 12, 13 дахь мөр/ Д-ийн нэхэмжлэлтэй, А-д холбогдох түрээсийн төлбөр 6,600,000 тагрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт “Д-ээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны  өдөр гаргасан нэмэлт тайлбараар, /уг тайлбарын 2 дахь хуудасны 3 дахь үндэслэл/, Д, М нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Упсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд гаргасан тайлбараар /уг тайлбарын эхний нүүрний 34 дэх мөр/ тус тус тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч А би улсад 32 жил, үүнээс эмнэлгийн байгууллагад 10 жил, Д хотын сангийн аж ахуйн байгууллагад 20 жил ажилласан бөгөөд сүүлийн 15 жилд бизнесийн үйл ажиллагааг давхар эрхэлж ирсэн ба аливаа ажилдаа үнэнч зүтгэж. бизнесийн үйл ажиллагаанд бусад өрсөлдөгч нарыг хүндэтгэн, шударгаар өрсөлдөх, хувь хүнийхээ ёс зүйг чанд сахиж ирсэн билээ. Энэ ч үүднээс аймгийн Засаг даргын жуух бичиг, шилдэг бизнесменээр шагнагдсан боловч энэхүү хөдөлмөр зүтгэлийг маань үгүйсгэж, Д, М нар шүүхэд гаргасан тайлбар тус бүртээ намайг хуурамчаар нотлох баримт бүрдүүлдэг, хулгайчаар дуудаж гэмт хэрэгтнээр тооцох, эдийн засгийн боловсролгүй гэж олон нийтэд мэдээ тараасан нь мөн дээрх баримтуудаар нотлогдсон болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..." гэж заасан байх ба Д-ийн дураараа авирлан намайг хулгай хийсэн гэмт хэрэгтнээр нэрлэн дуудаж, мэдээ тараасан бөгөөд шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...хулгайч...” гэж дуудсан ч яадаг юм, сэтгэл санааны мэдрэлийн өвчтэй шахуу оюун ухааны хомсдолтой, мөнгө олох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа, угаасаа тухайн баримтыг хулгайлж авсан нь үнэн, Д-гийн бичсэн үгнүүд зөвхөн үг, өгүүлбэр бөгөөд бид энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагаагүй. Тиймээс бидэнд шүүхээс хариуцлага хүлээлгэх боломжгүй... гэж дахин доромжилсон. Тэрээр Д-ийн намайг доромжилж нэр төрийг минь гутаасан хэлбэр нь албан ёсны эх сурвалжаар нотлогдсон байхад тэдний уг үйлдлийг өөхшүүлэн дэмжиж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгч А-гийн талаар ярьсан, бичсэн зүйлийнхээ үнэн, зөв болохыг нотолж чадаагүй. Тиймээс эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн шаардлагаар уг мэдээг няцаах үүргийг хүлээсэн ч мөн няцааж чадаагүй. Түүнчлэн, анхан шатны шүүхээс ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нэр хүндийг гутаасан гэж дурдсан үйл баримтууд нь бусдад тараагдсан гэж үзэх нотлох баримт байхгүй, тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг гутаасан үйлдэл гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бусдад гэдэгт хамаарахгүй... гэж дүгнэсэн нь, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудыг бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч бусдад тараасан гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, энгийн иргэний хувьд түүний тухай худал мэдээлсэн нь бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой бөгөөд тухайн иргэнийг бусад этгээд өөрийнх нь хүсээгүй байдлаар үнэлэхэд хүргэсэн гэдгийг нотлоход хангалттай.

Шүүгч, шүүгчийн туслах нарын хувьд албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн хувь хүний нууцыг задруулахыг хориглоно гэж байгаа боловч энэхүү шийдвэр нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд тавигддаг буюу Монгол Улсын бүх иргэн уншиж танилцах бүрэн боломжтой байх ба бүх иргэдэд мэдээ, мэдээлэл хэлбэрээр тараагддаг болохыг шүүх анзаараагүй.  

Иймд, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, шүүх бүрэлдэхүүний өмнө хулгайн гэмт хэрэгтнээр дуудуулан, таягтай зогсож байсан эмэгтэй хүний сэтгэлийн шаналгааг үл хайхран өнгөрөөж, хариуцагчийн хууль бус үйлдлийг дэмжин, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. 

Тиймээс, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу "Д, М нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх” гэснийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч X.Тасхын нарын давж заалдах гомдол дараах байдлаар үндэслэлгүй гэж үзнэ.

1. Нэхэмжлэгч А нь 2014 оноос эхэлж Иргэний болон Захиргааны хэргийн шат шатны шүүхэд “үндэслэлгүй” нэхэмжлэл гаргаж Д намайг “хариуцагчаар” татан оролцуулахдаа удаа дараа хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байсан нь Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэр (магадлал, тогтоол) зэрэг хүчин төгөлдөр эрхийн актуудаар батлагдаж байгаа. Тийм учраас Д миний бие Захиргааны болон Иргэний шүүхэд гаргасан тайлбарт А-гийн бодит дүр төрхийг илтгэж “А бодит байдлыг мэдэн будилах хэлбэрээр гуйвуулах оролдлого хийж байгаа”, “А-гийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг, хүний мөсгүй чанрын илрэл”, “А эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг”, мөн “А нь Ж, К нарын эзэмшил газрын зургийг хулгайлан авч иргэний хэргийн нотлох баримтаар өгсөн нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн ... гэмт хэрэг байна” гэсэн үг, өгүүлбэрүүд бичсэн маань түүнийг гүтгэсэн, доромжилсон, А-гийн нэр төр алдар хүндэд халдсан явдал биш. Энэ нь А-гийн хийж байгаа бодит үйлдэл, түүний хууль бус үйл ажиллагаанд бүрэн нийцэж байх тул нэхэмжлэгч А-гийн эрх ашиг сонирхол нэр төр, алдар хүнд гутаагдсан зүйл байхгүй.

2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “аливаа мэдээллийн эзэн үнэн зөвийг нотолж чадахгүй бол уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаах” шаардлага гардаг. Гэтэл Д миний тайлбарт бичсэн А-гийн талаарх мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа, тэр нь А-гийн удаа дараагийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан нотлох баримт, өөрийн тайлбар зэргээр батлагдах юм.

3. А-гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д миний шүүхэд өгсөн тайлбарыг “нэр төр, алдар хүнийг гутаасан мэдээ тараасан” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Д миний шүүхэд гаргасан “тайлбар” бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгчдийн өгсөн тайлбар ... нотлох баримт болно” гэсний дагуу “нотлох баримт” болохоос биш, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 -т заасан “нэр хүндийг гутаасан мэдээ" гэдэг нэр томьёонд “зохигчдын тайлбар” хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Д би А-гийн талаар шүүхэд “нотлох баримт” өгсөн, түүнээс биш мэдээ мэдээлэл тараасан явдал байхгүй болно.

4.А нь давж заалдах гомдол гаргахдаа эд хөрөнгийн хохирол нэхэмжилснээс татгалзаж, нэр хүндийг сэргээлгэх хүсэлт гаргажээ. А-гийн нэр хүнд гутаагдаагүй тул сэргээх үндэсгүй гэж үзнэ.

Иймд А болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  өдрийн 559 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Д, М нарт холбогдуулан “ Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд бичсэн тайлбартаа “...Үүгээрээ нэхэмжлэгч А мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй юм...”, “...санаагаар зохиож, гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгч А-гийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг, Д, М бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна...”, Д-ийн нэхэмжлэлтэй А-д холбогдох түрээсийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт Д-ийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа “...А нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг...”, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд гаргасан тайлбартаа “... Иймд Ж, К гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг А хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэг байна...” гэх тайлбаруудад намайг хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх, хулгайчаар дуудаж гэмт хэрэгтнээр тооцох, эдийн засгийн боловсролгүй гэж олон нийтэд, тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдэл гэж тайлбарлажээ.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээ мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дурдсан үйл баримтууд нь бусдад тараагдсан гэж үзэх нотлох баримтгүй, бүх шатны шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдэл гэж тайлбарлаж байгаа боловч шүүгч, шүүгчийн туслах нар нь албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн хувь хүний нууцыг задруулахыг хуулиар хориглосон  байдаг тул нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А давж заалдах гомдолдоо “...энэхүү шийдвэр нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд тавигддаг буюу Монгол Улсын бүх иргэн уншиж танилцах бүрэн боломжтой ба бүх иргэдэд мэдээлэл хэлбэрээр тараагддаг” болохыг шүүх анхаараагүй гэх боловч дээрх тайлбарт бичигдсэн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх хариуцагч нарын тайлбар нь аль шүүхийн хэдэн оны, ямар шийдвэрт бичигдэж, шүүхийн шийдвэрийн цахим санд тавигдсан талаар нэхэмжлэгч нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ