Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00538

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02950 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2161 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.А-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчирын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн ..-р хороо, ..-р байрны ... тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, эрхийн бүртгэлийн Ү-..... тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг О.Д-гийн гуйлтаар иргэн Т.Б-гээс зээл авах үед нь түүнд туслах зорилгоор зээлийн барьцаа болгон барьцаалуулсан. О.Д- нь үүргээ бүрэн биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. 2018-11-16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Р.А- нь орон сууцыг анх битүүмжлэх ажиллагаа явуулсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019-03-18-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019-05-17-ны өдөр давж заалдах журмаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа 2019-08-22-ны өдөр орон сууцыг битүүмжлэх ажиллагааг дахин хийхдээ хуулийг зөрчиж гүйцэтгэсэнд гомдолтой. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дадлага хийж буй оюутнуудыг оролцуулсан нь хууль бус гэж үзэж байна. Үүний дээр 2018-11-16-ны өдөр хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрахыг оролцуулсан нь хууль бус гэж урд өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад дахин 2019-08-22-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч-г оролцуулсан явдал нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019-08-22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: БГД-н ИХАШШ-н 2018-06-22-ны өдрийн 2078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1833 дугаартай магадлалаар О.Д-гаас 93,680,000 төгрөг гаргуулж, Т.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.Д-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ЧД-н ..-р хороо, ..-р хороолол, ..-р байрны .. тоотын 98 м.кв орон сууцыг 2019-08-22-ны өдөр битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 102/ШШ2019/02950 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ... дугаар байрны .. тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2161 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ..Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Р.А- нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчээр тус газарт дадлага хийж буй оюутнуудыг оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дадлага хийж буй оюутнуудыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш, дадлага хийж буй оюутан нь тухайн ажиллагаанд ажил үүргийн холбоотой этгээд биш гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.А- 2019-09-18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019-08-22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчирын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-22-ны өдрийн 102/ШШ2018/02078 дугаар шийдвэрээр О.Д- нь Т.Б-д төлөх 94.680.000 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ...дугаар байрны .. тоот Л.А-гийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

        2018 оны 102/ШШ2018/02078 дугаартай уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн тул хариуцагч 2019-09-18-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот орон сууцыг битүүмжилжээ.  

        Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. Шаардлагатай бол бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

        Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41, 301 дүгээр зүйлийн 301.1 болон уг хуулийн бусад зохицуулалтыг зөрчөөгүй, хэргийн 9-14 дүгээр талд буй баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхгүй байна.

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02950 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2161 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчираас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020-01-29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ