Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2009

 

2020           12               07                                                       2020/ШЦТ/2009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

 

улсын яллагч Я.Сансар,

 

хохирогч Д.Армангүл, түүний өмгөөлөгч Энхтуяа,

 

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2006 03766 2725 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан 12 дугаар төвд дотоод аудитын мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 71б байрны 1104 тоотод иргэн Д.Армангүлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн

 

2

 

гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Армангүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “04 дүгээр сард манай нөхрийг Солонгос улсад байхад нь Алтынгүлийн үеэл дүү нь түүн рүү мессенжерээр “эхнэрээсээ сал” гэж бичдэг байсныг би нөхрийнхөө мессенжер чатаас олж мэдсэн. Тэгээд би Алтынгүлийн нөхөр болох ахдаа “ийм зүйл болоод байна болиулаад өгөөч” гээд хэлсэн. Тэгтэл Алтынгүл “чамд ямар хамаатай юм бэ, би өөрийн дүүг танай нөхөртэй суулгана. Чи энэ талаар цааш ярих юм бол би чамайг хүний нэр төрд халдсан хэргээр цагдаа шүүхэд өгнө, ална” гээд намайг янз янзаар доромжлоод байсан ба би энэ талаар өөрийн ээжид хүртэл хэлсэн. Тэгэхэд чи ээждээ хэлсэн байна гээд намайг өнчин, өрөөсөн, гичий, нохой, аавгүй, өргөмөл, би чамайг зодно гээд ээжид чинь хэлчихсэн байгаа гээд ээж рүү хүртэл залгаад дарамтлаад байсан. Хэрэг гардаг өдөр гэртээ байж байтал Алтынгүл манай гэрт дайрч орж ирээд шууд намайг 2 хүүхдийн маань дэргэд цохиж, үсдэж, зодоод эхэлсэн. Тэгээд байж байтал манай хүү ээжийг зодоод байна гээд цагдаа дуудахад, манай хүүхдийг цагдаа дуудсан байна гээд цохисон. Тухайн үед хамт явсан охин нь эхэлснээс дуусах хүртэл бичлэг хийсэн. Тэгээд цагдаа дуудсаныг мэдээд явах гээд байхаар нь би цагдаагаар шийдүүлнэ гээд энэ хүнийг явуулахгүй тэврээд байж байсан. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоод цагдаад өргөдөл гаргасан. Энэ хүний үйлдлээс болж надад сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байсан. Ялангуяа намайг өнчин өрөөсөн гэж хэлж байхад надад маш хүндээр туссан. Мөн бие махбодын хувьд хүртэл энэ хүний зодуурыг үнэндээ дийлээгүй. Нөхөр маань Солонгос улсад байдаг болохоор хоёр хүүхэд маань хүртэл маш их айсан. Цаашид цагдаагаар ямар нэгэн байдлаар хамгаалуулахыг хүссэн. Мөн энэ хэрэг явдал гарахад хүйтэрсэн байсан учраас гутлаа өмсөж чадахгүй болоод 5 хоног ажилдаа явж чадаагүй. Бие махбодын хувьд гэвэл миний хөлийн хумс унасан, хөдөлсөн. Энэ хугацаанд би толгойгоо бариачид бариулж эмчлүүлсэн. Миний хувьд 1.200.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Армангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай бэр эгч Алтангүл 2020 оны 04 дүгээр сараас хойш намайг фэйсбүүк чатаар доромжилж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл фэйсбүүкээр маргалдаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны 19 цагийн орчимд намайг гэртээ байж байхад бэр эгч Алтангүл, охин Нуршуахын хамтаар орж ирсэн. Надад хандаж хэлэхдээ чи яасан яасан гэлээ гэж хэлсэн би хариуд нь та өөрөө яах гэж намайг өргөмлөөр нь дуудаж доромжилсон юм бэ би хэлэх ёстой асуудлаа хаана ч байсан хэлнэ гэж хэлсэн. Тэгсэн Алтангүл нь чи хов ярьдаг, чи хүмүүст хэлсэн байна гээд над руу дайраад байсан. Ингээд Алтангүл ширээн дээр байсан шилэн савтай усыг надруу цацаад шилээ бас шидсэн. Тэгээд надруу дайраад намайг үсдээд гараараа цохиод байсан. Би цагдаа дуудна гээд утас руугаа гүйхэд Алтангүл миний араас үсдээд татаад газарт унагасан ... Зүүн хөлний эрхий хурууны хумс бүхэлдээ хөдөлгөөнд орсон цус гарсан байна. Миний үснээс зулгааж татсан болохоор үсний уг өвдөөд байна ... 2020 оны 09 дүгээр сарын 06-ны 19

 

3

 

цагийн орчимд Алтангүл нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 71б байрны 1104 тоотод манай гэрт Алтангүл нь охин Нуршуахтай орж ирээд Алтангүл нь намайг зодож эхэлсэн ... Алтангүл нь намайг зодож байхдаа би чамайг зодох гэж ирсэн гээд орилоод байсан ... Алтангүл нь миний хоёр хүүхдийн нүдэн дээр ширээн дээр байсан варьены шилтэй хүйтэн усыг аваад миний нүүрэн тус газар цацаад дараа нь варьены шилийг надруу шидсэн гэхдээ намайг оноогүй ч гэсэн миний хоёр хүүхдэд хохирол учрах бүрэн боломжтой байсан. Алтангүл нь үргэлжлүүлэн миний толгойноос 2 гараараа үсдээд толгойн тус газар олон удаа 2 гараараа ээлжлэн цохиж байсан, мөн миний нуруу тус газар цохиод миний зүүн гарын шуу хэсгийг хазсан, бас миний гэдсийг гараараа чимхээд, намайг үсдэж байхдаа газар унагаасан энэ үед миний эрхий хурууны хумс унасан ... чи дуудлага өгч болохгүй гэж Алтангүл нь надад хэлээд миний гар утсыг надаас булааж аваад буйдан руу шидсэн. Манай хүү Хасен нь буйдан дээр байсан гар утсыг авч цагдаад дуудлга өгсөн. Алтангүл нь манай хүүг цагдаад дуудлага өгснийг мэдээд миний хүүгийн нуруу тус газар нь 1 удаа гараараа цохиод гэрээс зугтаагаад гараад явчихсан. Тэгэхээр нь би хойноос нь орцруу гараад ар нуруунаас нь тэврэхэд намайг тавь гээд Алтангүл нь орилоод миний гарнаас чимхээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10246 дугаартай “*******ийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зүүн ташаан толгойн арьсны зулгаралт, зүүн тавхайн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.Армангүл нь өөрийн нөхөр Дауренбектэй 2020 оны 03 сараас гэр бүлээ цуцлуулахаар болж маргаантай байсан ба 2020 оны 04 дүгээр сараас Дауренбекийг миний үеэл дүү Т.Жанеркектэй холбож, хардаж гүтгэснээс болж бид хоёрын хооронд маргаан үүссэн юм. Үүний улмаас Д.Армангүл нь фэйсбүүкэд миний оруулсан постны доор янз бүрийн байдлаар доромжилсон коммент бичдэг байсан ба энэ талаар Д.Армангүлийн ээжид хэлж байсан боловч Д.Армангүл нь уг үйлдлээ зогсоохгүй байсан. Ингээд би Д.Армангүлтэй ярилцах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71б-1104 тоотод оршин суугч Д.Армангүлийн гэрт очсон ... би ширээн дээр байсан устай шилэн савыг авч усыг нь түүний нүүр рүү нь цацсан ... Би Д.Армангүлээс ...

 

зууралдсан ба зууралдаж байгаад гэрээс нь гарч гадаа гарсан ... Би Д.Армангүлийг цохиж зодоогүй бөгөөд түүнтэй хэсэг хугацаанд зууралдсан ... миний хувьд Д.Армангүлтэй зууралдаж байх үед түүний биед дээрх гэмтлүүд учирсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Хохирлын талаарх баримтууд, цалингийн тодорхойлолт /хх-ийн 34, 35

 

4

 

дугаар хуудас/,

 

Хувийн байдалтай холбоотойгоор

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 71б байрны 1104 тоотод иргэн Д.Армангүлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан

 

зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Д.Армангүл нь *******ийн үеэл дүүг нөхөр лүү нь фейсбүүк чатаар эхнэрээсээ сал гэж бичсэн гэж үзсэн атлаа *******тэй хэрүүл маргаан үүсгэсэн, бусдын фэйсбүүк рүү зөвшөөрөлгүй нэвтэрч орсон үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай

 

5

 

учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч *******ийн зүгээс шүүх хуралдааны явцад хохиролд 142.000 төгрөг төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Армангүл нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн байх тул тус хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч ******* нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч ******* нь гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан 12 дугаар төвд дотоод аудитын мэргэжилтэн ажилтай ажилтай, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд

 

6

 

оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. ******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

 

  1. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдьсугай.

 

  1. Хохирогч Д.Армангүл нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг
 

7

 

эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ