Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0263/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт А.Бд холбогдох эрүүгийн 2018003020310 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт А.Б /РД: /, Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто оператор мэргэжилтэй, уурхайд операторчин ажилтай, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 02 дугаар сард Б.Цийн 750.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын цагаан өнгийн шүрэн толгойтой хөөргийг зарж өгнө гэж хэлэн авч яваад “.............. ..............” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Б над руу залгаад “Нөгөө хөөргийг чинь хүн үзье гэнэ” гэж хэлээд надаас ирж хөөрөг аваад явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь Б рүү залгахад “Хүнд үзүүлж байна. Одоохондоо хүмүүс авахгүй байна. Чи санаа зоволтгүй. Найз нь хөөргийг чинь зарчихвал мөнгийг нь аваад очно” гэж хэлсэн. Тэгээд итгээд хүлээгээд ирэхгүй, сүүлдээ гар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Мөн Б нь “И-баримтын мөнгө орохоор чамаас авсан мөнгийг 2 хуваагаад төлнө”, “Би уурхайд ажилд орсон, цалин буухаар мөнгийг чинь 2 хуваагаад төлнө” гэх зэргээр хэлсэн. Одоо хөөргөө хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Б.Цийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 17/,

- ...туранхай залуу нь цагаан өнгийн, монетон нуухтай, 2 хажуу хэсгээрээ морины сийлбэртэй, 2 мөр дээрээ “гэрэгэ” гэж сийлсэн хөөргийг 250.000 төгрөгөөр барьцаалаад ирж аваагүй тул тухайн хөөргийг зарж борлуулсан... гэх гэрч Р.Дгийн мэдүүлэг /хх-ийн 18/,

- ...2019 оны 5 дугаар сард “.............. ..............” барьцаалан зээлдүүлэх газраас цагаан өнгийн, монетон нуухтай, мөнгөн халбагатай, хажуу бөөр дээрээ морины сийлбэртэй хөөргийг 500.000 төгрөгөөр худалдаж авсан... гэх иргэний нэхэмжлэгч Ж.Эын мэдүүлэг /хх-ийн 20/,

- ...Б нь “би хөдөө явах гэж байгаа. Махны ченж нарт нөгөө хөөргийг чинь өгч явуулахаар боллоо. Малаар солиод аваад ирье гэж байна” гэж хэлээд хөөргийг авч явсан. Тэгээд Бгээс хөөргөө асуухад “зарагдаагүй гэнэ. Буцаагаад аваад ирсэн байна”, “хөөрөг байгаа зарагдаагүй байна”, “хөөрөг алга болсон” гэж хэлсэн. Тэгээд сүүлд сонсоход Б нь хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад алтны уурхай руу замын зардал хийгээд явсан байсан... гэх гэрч Ш.Бгийн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- ...би Б луу залгаад “1.500.000 төгрөгөөр хөдөөний хүнд өгөөд заруулаад өгье” гэж хэлээд гэрт очиж хөөргийг авсан. Тэгтэл надтай ярьсан хөдөөний ах “болилоо” гэхээр нь би тухайн хөөргийг өөртөө байлгаж байгаад алтанд явах гээд мөнгөний хэрэг гарахаар нь барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөгөөр барьцаалаад мөнгийг нь хэрэглэчихсэн... гэх шүүгдэгч А.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96/,

- Ж.Эоос цагаан өнгийн, монетон нуухтай, мөнгөн халбагатай, хажуу хоёр бөөр дээрээ морины сийлбэртэй 1 ширхэг хөөргийг хураан авч Б.Цт хүлээн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/,

“Капитал зууч” ХХК-ийн цагаан шүрэн толгойтой, монетон нуухтай, дунд гарын шүрэн хөөрөг 750.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цт 750.000, иргэний нэхэмжлэгч Ж.Эод 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлсээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс 500.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Цийн “...Одоо хөөргөө хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/, шүүгдэгч А.Бгээс иргэний нэхэмжлэгч Ж.Эод 400.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/, иргэний нэхэмжлэгч Ж.Эын “...эхлээд 400.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөгийг А.Бгээс бүрэн хүлээж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 7/, Ж.Эоос цагаан өнгийн, монетон нуухтай, мөнгөн халбагатай, хажуу хоёр бөөр дээрээ морины сийлбэртэй 1 ширхэг хөөргийг хураан авч Б.Цт хүлээн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/ зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч А.Бгийн 2020 оны 02 дугаар сард Б.Цийн 750.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын цагаан өнгийн шүрэн толгойтой хөөргийг зарж өгнө гэж хэлэн авч яваад “.............. ..............” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А.Б нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, таслан шийдвэрлэх тогтоол болон ялтны хувийн хэргийн хуулбар /хх-ийн 47-69/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бгийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР