Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/451

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч: Ц.Х-г оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д  холбогдох эрүүгийн 1911 0062 50304 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1959 оны 5 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Ц.Х

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Х нь 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргинй 19 дүгээр хороо, Доод салхитын 10-199 тоотод орших М.Ганцэцэгийн монгол гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, суваг хүлээн авагч, плитка зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 446.100 төгрөгийн хохирол, 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-71 тоотод орших Ж.Даариймаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хүүхдийн унадаг дугуй хулгайлан авч бусдад 156.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-10, 84-87-р хуудас/

Хохирогч М.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод Салхит 10-199 тоотод байдаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн эзэнгүй байгаа бөгөөд манай хашаанд байдаг аав маань манай гэрийг хардаг байсан. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай аав Мөнхөө над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн бөгөөд би нөхрийн хамт гэртээ яваад очиход хаалганы цоожийг нь эвдэж гэрт хулгай орсон байсан, манай гэрээс 32 инчийн TCL загварын зурагт, кабелын хүлээн авагч, MNBC марк тодорхойгүй газан плитка, 10 литрийн баллонтой байсан 2 литрийн ягаан өнгийн халуун сав алдагдсан” гэх мэдүүлэг  /хх-н 14-16-р хуудас/

Хохирогч Ж.Даариймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын 1-71 тоотод саяхан газар худалдаж авсан бөгөөд эзэнгүй хашаа байлгаад байсан чинь хүмүүс хашааны банзыг нь хуулж аваад байхаар нь нөхөр бид хоёр саяны 1 дүгээр сарын сүүлээр нүүж очин гэрээ барьсан, нөхөр хөдөө ажилаар явчихаар нь би хүүхдүүдээ дагуулаад 2019 оны 3 дугаар сарын 20-ны орой 22 цагаас хойш ээж Энхцэцэгийн гэрт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-204 тоот дээр байж байсан чинь өнөө өглөө цагдаа нар манай ээжийн хаяган дээр ирээд Ар Согоотод танайхаас хүмүүс амьдардаг уу гэж асуусан тэгээд би цагдаа нарт би амьдардаг гэж хэлсэн чинь танай гэрт өчигдөр орой хулгай орсон байна гэж хэлсэн, тэгээд цагдаа нар утсан дээр манай хаалганы цүү эвдсэн, хаалгыг нь татаад онгойлгочихсон бичлэг үзүүлсэн үзүүлсэн, тэгээд гэртээ яваад очтол гэрийн хаалга гажчихсан, цоожны толь майхсан, цоож нь цүүндээ зүүлттэй байсан. ...Манайхаас хүүхдийн унадаг дугуй алдагдсан байна лээ. Тэр нь цагдаа дээр байгаа гэрээс өөр алдагдсан эд зүйлс байхгүй, 2018 оны 8 дугаар сарын 10-нд Төв Нарантуул захаас 280.000 төгрөгөөр авч байсан, рам нь улаан алаг, дугуйны сэнс нь хар, олон араатай дугуй байсан” гэх мэдүүлэг /хх-н 90-р хуудас/

Гэрч Б.Дарханбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 2 сарын 10-ний өдөр Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 13-272 тоотод Х ахынд очиж хоносон. Өглөө босоод би цай чанаж байсан чинь ” гэх мэдүүлэг Ц.Х ах би найзындаа очоод хүрээд ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нээх удалгүй орж ирэхдээ шуудайтаа юм барьчихсан орж ирсэн, тэгээд над руу хоёулаа долоон буудал орж энийг заръя ах нь эмний мөнгөтэй болъё гэсэн тэгээд тэр шуудайтай эд зүйлсээ манай найз өгсөн юм аа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр долоон буудал орж зам дагуу явж байсан явуулын хүнд модон иштэй сүхыг нь 3000, халуун савыг нь 1500 төгрөгөөр өгсөн, 1 хос ботинк, 1 хос пүүз байсанг нь хүн авахгүй байсан болохоор нь долоон буудлын тэр хавьд хаясан, тэгээд бид хоёр нийт 4500 төгрөгтэй болоор тэр мөнгөөрөө 1 шил Хандгайт нэртэй арих авч уусан, бид хоёр архи хувааж уугаад салсан” гэх мэдүүлэг  /хх-н 16-р хуудас/

Гэрч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо долоон буудлын автобусны буудлын ойролцоо дугуй түрчихсэн хүн зам хөндлөн гарч явахыг харахад сэжиг бүхий санагдсан тул иргэнийг саатуулж шалгахад тухайн иргэн хаанаас ямар учиртай дугуй авч яваагаа хэлж чадахгүй байсан тул түр саатуулсан, мөн тус хэлтэс дээр хэд хэдэн удаа ирж байхыг харж  байсан санагдаад асуусан чинь тухайн дугуйг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотод байдаг айлаас хулгайлж авсан талаараа хүлээн зөвшөөрсөн, тэгээд тухайн иргэнийг машинд суулган авсан айлыг нь заалгуулан очиход тухайн айлын хашааны том хаалга нь нурчихсан, хашаандаа ганц монгол гэртэй айл байсан бөгөөд тухайн айлын гэрийн хаалга онгорхой, гэрийн хаалганы цүү нь эвдэрсэн байдалтай байсныг Ц.Х гэгч эвдэж орон гэрийн үүдэнд байсан дугуйг нь авсан талаараа хэлсэн. Тэгээд энэ тухай тухайн үед эргүүлийн офицероор гарч байсан цагдаагийн хошууч Ц.Батдоржид энэ талаар мэдэгдэж дугуй болон Ц.Хыг бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч гэрийн эздийг ойр орчмын айлуудаас асуухад мэдэхгүй байсан, хэсгийн байцаагчаас нь асуухад мөн мэдэхгүй байсан тэгээд тухайн айлын хөргөгч дээр байсан ломбардны бичигт бичигдсэн хаягаар явж шалгаж байж гэрийн эздийг олж гэрт нь хулгай орсон талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 29-30/

Дамно ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №ЧД2-19-114 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...TCL брэндийн 32 инчийн зурагт 269.600 төгрөг, MNBC кабелийн телевизийн төхөөрөмж 62.000 төгрөг, Газан плитка 86.000 төгрөг, 10л хоосон баллон 28.500 төгрөг, нийт 446.100 төгрөг /хх-н 46-47-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №ЧД2-19-169 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...унадаг дугуй 156.000 төгрөг /хх-н 96-97-р хуудас/

Яллагдагч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө манай ард талд байдаг айлын хашааны дөрвөн банз онгорхой байхаар нь завсараар хашаанд ороход хашаанд нэг монгол гэр байсан бөгөөд үүдэндээ хар амбаартай байсан, уг амбаарыг цагаан өнгийн төмөр цоожоор цоожилсон байсанг арматурын төмрөөр хөшиж эвдээд ороход гэрийн хаалга нь цоожгүй байсан, гэрлүү ороод гэрийн үүдэнд гарын зүүн талаас 1 хос гутал, 1 хос пүүз, баруун талын ширээн дээрээс 3 литрын том халуун сав, гэрийн хойд талд дөрвөлжин хавтгай зурагт, хажууд нь зурагтын хүлээн авагч байсан, үүдрүү гарах гэсэн чинь гэрийн зүүн талд модон иштэй сүх байсныг аваад тэр айлаас гарч гэрлүү орж Дарханбаярт таньдаг хүн маань өгсөн хоёулаа энэ эд зүйлийг долоон буудал орж зараад мөнгөтэй болъё гээд бид хоёр долоон буудал орж явуулын хүмүүст сүхийг 3000, халуун савыг 1500 төгрөгөөр, зурагт хүлээн авагчийг 11.000 билүү 12.000 төгрөгөөр зарсан, хулгай хийж олсон эд зүйлсээ зараад тэр мөнгөөрөө 1 шил Хандгай гэдэг нэртэй архи авч уугаад долоон буудлаас Дарханбаяр бид хоёр салсан, ...эргэж ороод газан плитка авсан, зурагтыг нь аваад гарсан тэгээд зурагтыг нь долоон буудалд 15.000 төгрөгөөр тэр хавьд явж байсан нэг эрэгтэйд зарсан газан плиткаг аваад дамба руу явж байгаад зам дагуу явж байсан хүүхэн залуу хоёрт 5000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-н 68-69-р хуудас/

“...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ар Согоот руу гудамжаар уруудаад шил лааз түүж явж байсан чинь нэг онгорхой хашаатай ганц гэр байсан, хашаан дотор нь шил лааз харагдахаар нь тэрийг нь авах гээд хашаа руу орсон, тэгээд тухайн үед тэр айлын хаалга нь цоожтой хүнгүй байсан, тэгэхээр нь очоод хаалгыг нь татсан чинь цоож нь мултраад хаалга нь онгойсон. Тэгэхээр нь гэрлүү нь орсон чинь хаалганы баруун талд хүүхдийн хар алаг өнгөтэй 2 дугуйтай унадаг дугуй байсан тэгэхээр нь тэр дугуйг нь аваад долоон буудал орж зарах гэж яваад машинт эргүүлийн цагдаад баригдсан” /хх-н 104-105-р хуудас/

Шүүгдэгч Ц.Хын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Ц.Х нь 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10-199 тоотод орших М.Ганцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, суваг хүлээн авагч, плитка зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 446.100 төгрөгийн хохирол, 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-71 тоотод орших Ж.Даариймаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хүүхдийн унадаг дугуй хулгайлан авч бусдад 156.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 10-199 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын задга тоотод хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч М.Ганцэцэг, Ж.Даариймаа нарын мэдүүлэг, гэрч Б.Дарханбаяр, Н.Ганзориг нарын мэдүүлэг,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний №ЧД2-19-169, ЧД2-19-114 тоот тайлангууд, яллагдагч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Ц.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч аван хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-71 тоотод орших Ж.Даариймаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хүүхдийн унадаг дугуй хулгайлан авч бусдад 156.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хулгайлан авч эд зүйлийг хүлээлгэн өгөх замаар хохирлыг барагдуулсан байна.

2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргинй 19 дүгээр хороо, Доод салхитын 10-199 тоотод орших М.Ганцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, суваг хүлээн авагч, плитка зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 446.100 төгрөгийн хохирол учруулсныг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 446.100 төгрөгийн хохирлыг хохирогч М.Ганцэцэгт хүлээлгэн өгсөн байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, Ц.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураар хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Х нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан мөн зүйл, хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухай зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэсний дагуу Ц.Хын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч аван хулгайлах гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэг байна. Ц.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доош нь ял оногдуулах боломжтой гэж үзлээ.  

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь бусдад төлөх төлбөргүй, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 70 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч аван хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-н цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Х-г цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР