Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 202/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар А.Азжаргал

Шүүгдэгч Б.М, Б.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мо, Б.Хл нарт холбогдох эрүүгийн 2034000000270 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.М, Б.Х нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боорчийн өргөө” амралтын газарт 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Ууган-Эрдэнэтэй “манай найзыг зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж Б.Ууган-Эрдэний биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт зулгаралт, баруун, зүүн мөр, зүүн, баруун дал, нуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун шуу, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М, Б.Х нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.М, Б.Х нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боорчийн өргөө” амралтын газарт 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Ууган-Эрдэнэтэй “манай найзыг зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж Б.Ууган-Эрдэний биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт зулгаралт, баруун, зүүн мөр, зүүн, баруун дал, нуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун шуу, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 1 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 36 тал\
  • Шүүгдэгч Б.Х, Б.М нарын мөрдөн байцаалтын шатанд хэргиыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт \хх-ийн 99-100 тал\
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол \хх-ийн 101 тал\
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн №209 дугаартай “...Б.Ууган-Эрдэнийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт зулгаралт, баруун, зүүн мөр, зүүн, барун дал, нуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун шуу, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/
  • Хохирогч Б.Ууган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боорчийн өргөө” гэх амралтын газарт амрах гээд найз нарын хамтаар очсон ба тодорхой хэмжээгээр ууж идээд тэгээд би унтсан юм. Тэгээд байж байтал Хонгорзул, Маралаа гэх хоёр эмэгтэй намайг цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Юунаас болж зодох болсныг мэдэхгүй байна. Тухайн амралтын гэрт архи пивоны шил, сандал, хайруулын таваг болон гарт таарсан болгоноор толгой, биеийн бүх хэсэгт цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан...Миний эрүүл мэндэд хохирол учруулсан Хонгорзул, Маралгоо нарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналтай байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг,/хх-ийн 3-4 тал/
  • Гэрч Э.Өгөөдэйн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотод таксинд яваад байж байтал өглөөний 05 цаг 30 минутын орчим Андуудын буудал дээрээс 2 эмэгтэй гар өргөөд Цонжинболдог гэх газар луу 50.000 төгрөгөөр тохироод явахаар болсон. 06 цагийн үед Цонжинболдог гэх газар “Боорчийн өргөө” нэртэй амралтын газар ирээд хамт явж байсан хүмүүс амралтын газрын гэр лүү ороод би 3-5 минутын зайтай араас нь ортол надтай хамт очсон эмэгтэйгийн 1 нь газар уначихсан нөгөө нь жижиг биетэй залуутай зодолдоод байсан. Дараа нь тэр залууг Ууганаа гэдэг юм байна гэж нэрийг нь мэдсэн....Нөгөө хоёр охин ахиад Ууганаа гэх залуу руу зэрэг дайраад зодолдоод эхлэнгүүт Ууганаа гэх залуу гараад зугатаачихсан. Намхан бор царайтайг Хонгороо гэж байсан. Ууганаа гэх залуутай хоорондоо зууралдаад байсан. Тэгээд 2 эмэгтэйг дайраад байхаар нь Ууганаа гэх залуу түлхэж унагаад байсан ба тэр 2 эмэгтэй Ууганааг хогийн шүүрний ишээр цохиод байсан” гэх мэдүүлэг./хх-ийн 6 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед 3 залуу 2 эмэгтэйгийн хамт орж ирээд амралтын гэр авъя гэсэн. Тэгээд гэрээ үзүүлээд 2 номерын гэрт орсон. Манайх амралтын газрын дүрэм журмаа танилцуулаад цагаан хэрэглэл, аяга таваг хүлээлгэж өгсөн. Тэгээд хэрэгтэй юм байвал хэлээрэй гэсэн. Тэгээд 1 цагийн үед унтахад ямар нэг чимээ байхгүй байсан. Өглөө манай манаач залуу над руу залгаад гэрийн хүмүүс хоорондоо муудалцаад байна гэсэн. Намайг гараад очиход танихгүй 2 эмэгтэй 1 эрэгтэй хар өнгийн приүс машинтай ирчихсэн байхаар би гэр лүү яваад ортол хамаг юм тараагаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...Тэр хоёр танихгүй эмэгтэй нэг модон сандал, нэг хогийн шүүрний иш хугалсан юм. Тухайн сандалыг тэр дор нь янзалж өгсөн ба хогийн шүүр авч өгч хохирол барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 7, 191-192 тал/
  • Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Өглөө үүрээр унтаж байхад 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирээд манай найзыг зодож хүчирхийлсэн байна гэж хэлээд Ууган-Эрдэнэ бид 2-ыг зодож танхайран миний толгойн дээр нэг нь архины шилээр цохиж Хонгорзул гэх эмэгтэй нь миний хөл рүү байн байн өшиглөж миний хөлийг гэмтээсэн. Нэг харсан манай найз Ууган-Эрдэнэ байхгүй байсан. Тэгээд хайгаад гарсан чинь амралтын газрын манаачийн өрөөнд зугатаагаад орчихсон цагдаа дуудсан байсан. Миний толгой хавдсан. Хөлийн шилбэний хэсэгт энд тэндгүй зулгарсан байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 8 тал/
  • Гэрч Ц.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай найз залгаад бид нар 21 цагийн үед “Боорчийн өргөө” гэх амралтын газар ирцгээсэн. Тэгээд бүгд ууж идээд согтоцгоогоод Ууган-Эрдэнэ гэх залуутай би хэрэлдэж маргалдсан чинь намайг боогоод би 2 эмэгтэйгээ аваад Улаанбаатар хот ороод гэрийн гадаа буулгасан. Гэртээ ортол Хонгорзул, Маралгоо 2 байж байснаа намайг хүзүүгээ яачихсан юм гэхээр нь би Ууганаад боолгуулаад гэж хэлсэн чинь алив явъя гээд шууд такси бариад амралтын газар луу яваад өглөө 06 цагийн үед очоод амарч байсан гэр лүү нь ороод Хонгорзул, Маралгоо 2 тэр 2-ыг сэрээгээд хоорондоо маргалдаад эхэлсэн" гэх мэдүүлэг,/хх-ийн 9 тал/
  • Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээр мэдүүлсэн: “Улаанбаатар хотод гэртээ Хонгорзул бид хоёр байж байсан чинь Мягмардорж 2020 оны 04 сарын 10-ны шөнө орж ирээд хүзүү нь улайсан орж ирээд Хонгорзул бид хоёр яасан талаар асуусан чинь Мягмардорж Ууган-эрдэнэ намайг цохиж зодоод гэсэн. Тэгэхээр нь Хонгорзул бид хоёр тухайн үед архи согтууруулах ундаа уусан байсан болхоор тэд нар хаана байна гэсэн чинь амралтын газар байгаа гэсэн. Тэгээд Мягмардорж Хонгорзул бид гурав гэрээс гараад гудамжинаас такси зогсоогоод тохиролцож Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боорчин өргөө” нэртэй амралтын газарт очоод аль гэр юм гэсэн чинь Мягмардорж нэг гэр заасан тухайн гэрлүү Хонгорзул Мягмардорж бид нар орсон чинь Ууган-эрдэнэ Анхбаяр нар унтаж байсан юм. Тэгэхээр нь Ууган-эрдэнэ Анхбаяр хоёрыг алгадаж сэрээсэн чинь Ууган-эрдэнэ босож ирээд Хонгорзул бид хоёрлуу дайраад байсан. Тэгхээр нь гэрт байсан саандал, хогийн шүүрний ишээр Ууган-эрдэнэ Анхбаяр нарыг цохиж зодсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 тал,
  • Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээр мэдүүлсэн: “...Маралгоо бид хоёр Улаанбаатар хотод гэртээ байсан чинь Мягмардорж шөнө хүнд зодуулсан гээд ороод ирсэн ба тухайн үед Маралгоо бид хоёр архи согтууруулах ундаа уусан байсан. Тэгээд Маралгоо бид хоёр Улаанбаатар хотоос такси хөлслөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боорчийн өргөө” амралтын газарт очоод Ууган-Эрдэнэ болон Анхбаяр нарын амарч байсан гэрт ороход Ууган-Эрдэнэ болон Анхбаяр нар унтаж байсан. Тэгхээр нь Маралгоо, Ууган-Эрдэнийг алгадаж сэргээд Ууган-эрдэнэ боссож ирээд намайг түлхэж унагаагаад Маралгоог ширээ рүү түлхэж унагаахаар нь Маралгоо бид хоёр гэрт байсан хогний шүүрний иш болон сандалаар Ууган-эрдэнийг цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                                

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М, Б.Х нар нь 2020 оны 5 сарын 04-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 41, 49, 99-100 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 26-ны өдөр 44 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-101, 107 тал/ 2020 оны 5 сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.М, Б.Х нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Б.М, Б.Х нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М, Б.Х  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.М, Б.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.М, Б.Х нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Мо, Б.Хл нарыг бүлэглэн хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мог таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Хлыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М нь таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Б.Хл нь долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.М, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА