| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2015/07084/И |
| Дугаар | 183/ШШ2017/01353 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2017/01353
2017 оны 6 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2017/01353 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Өргөө 68-53 тоотод оршин суух, Йөншөөбүү овогт Доржпаламын Батхүүгийн /РД:ЧГ53051618/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 34-15 тоотод байрлах, “Лагуна Нүхт” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 34 байр 15 тоотод оршин суух, Лодон овогт Дамдингийн Батмөнх /РД:ЧГ53051618/ нарт холбогдох
Гүйцэтгэсэн ажлын хөлс 27.308.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн, ыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Даваажав, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК-ийн захирал Д.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн аманд байрлах, 3 давхар барилгын гадна ханын хавтангийн нийт 899.04 м2 талбай бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр “Лагуна Нүхт” ХХК, уг компанийн захирал ажилтай Д.Батмөнхтэй тохиролцсон юм. Д.Батмөнх нь ажлыг хийж гүйцэтгэх саналыг 2014 оны 5 сарын 13-ны өдөр тавьсны дагуу м.кв бүрийн үнийг 36.000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 5 сарын 27-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Ингээд миний бие 15 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн 2014 оны 7 сарын 07-ны өдрийг хүртэл 899 м2 ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь нэмэлт ажил гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тул 304 м2 талбай бүхий хавтан угсралтын нэмэлт ажлыг 7 сарын 18-ны өдрөөс 9 сарын 09-ний хооронд хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь ажлын хөлсөнд 40.308.000 төгрөг хүлээлгэн өгөх байсан боловч 2014 оны 6 сарын 12-нд 6 сая төгрөг, 2014 оны 7 сарын 01-нд 7 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2014 оны 9 сарын эхний 7 хоногт төлөх байсан ч одоог хүртэл төлөхгүй байгаа тул “Лагуна Нүхт” ХХК болон Д.Батмөнх нараас ажлын хөлс 27.308.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэгч Д.Батхүү нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах захиалагч “Лагуна Нүхт” ХХК-ийн 3 давхар барилгын гадна хавтангийн 899 м.кв ажлыг хийж гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэл дутуу, чанаргүй доголдолтой, хийж гүйцэтгэж улмаар шаардлага биелүүлэхгүй ажлыг хаяж явснаас өөр хүмүүсээр хийж гүйцэтгүүлсэн тул гаргасан зардалд 23.357.300 төгрөг, шатны түрээс 6.000.000 төгрөг, нийт 29.357.300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 17.308.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, Д.Батмөнх нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор 10.000.000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн гэжээ.
Шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батхүү нь хариуцагч “Лагуна Нүхт” ХХК болон Д.Батмөнх нарт холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 27 308 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Лагуна Нүхт” ХХК нь гэрээнээс учирсан хохиролд 29.357.300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 17.308.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, Д.Батмөнх нь 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.500 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 304.736 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК-иас хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Батхүү нь нэхэмжлэлийн 17.308.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК нь 29.357.300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж, захирал Д.Батмөнх нь 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.500 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 304.736 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК-иас хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ