| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/2014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2017 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2017
2020 12 08 2020/ШЦТ/2017
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.А д холбогдох 2006 03944 2790 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.А , Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн дотор хохирогч Э тамхи худалдан авсан төлбөр хийхгүй картад байгаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар компьютерын дэлгэц, дэлгэцийн тавиур, архи, шилэн тавиур зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.809.610 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 23 цаг 40 минутын үед үл таних эмэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтуу орж ирээд “Change esse” нэртэй тамхи авсан. Төлбөрөө виза картаар хийх гэсэн боловч виза карт нь уншихгүй байсан. Тэр эмэгтэй картаа авчхаад тооцоогоо хийлгүй гарах гэж байхаар нь “карт чинь уншихгүй байна. Дахин уншуулах хэрэгтэй байна” гэхэд “картаа сайн уншуулахгүй яасан юм. Надад мөнгө байгаа” гэх зэргээр маргалдаад, агсраад тооцоогоо хийхгүй, тамхиа аваад гарах гэж байхаар нь “тамхиа авъя. Манайх хаалаа. Өөр дэлгүүрээс ав” гэхэд манай виза карт уншуулдаг посс машиныг... мөн тамхины лангууг түлхэж унагаан, шалан дээр өрсөн байсан 2 ширхэг 0.75 литрийн “Хараа” архи, 1 ширхэг 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” архи, 1 ширхэг “Тайга” нэртэй 0.5 литрийн архийг хагалсан. Тамхины лангуу унах үед шилэн тавиур болон хяналтын камерын дэлгэцийн доод хэсэг цуурсан. Кассын машины дэлгэц тогтоогч хугарсан. Компьютерын гарын утас тасарсан. Тухайн үед дэлгүүрт үйлчлүүлж байсан 4 хүүхэд байсан ба 14-16 орчим насны Улака гэх эрэгтэй хүүхдийн утасны дугаарыг авсан. Манай хяналтын камерын “hard” гэмтсэн учир засварт өгсөн болохоор дэлгүүрт үйлчлүүлж байсан Лхагваа гэх эрэгтэй хүүхдийн утасны дугаарыг гэрч болох байх гэж бодоод авсан. Дэлгүүрийн 2 давхарт манай 2 хүүхэд болон манай ээж, аав байсан... Виза карт уншуулдаг посс машинд учирсан гэмтэл байхгүй. Тамхины лангууны шилэн тавиур нь 50х40 см хэмжээтэй. Одоогоор шиллүүлж амжаагүй байна. Компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг 30.000 төгрөгөөр дуудлагаар засуулсан... Хяналтын камерын дэлгэц нь “Dell” брэнд ба 32 инч хэмжээтэй. 2019 онд 100.000 орчим төгрөгөөр авч байсан... Компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг 2019 онд авч байсан. Мөн адил Dell брэнд... 4 шил архины мөнгө болон тамхины лангууны шил, компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг засуулсан гэх 30.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хяналтын камерын дэлгэцийн доод хэсэг цуурсан. Шинэ дэлгэж авахуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг[1],
Насанд хүрээгүй гэрч Б.Ариунсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 23 цаг 20 минутын үед ажлаас манай найзууд ирж аваад... Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Хуучин эцсийн тэнд явж байгаад замаараа “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр лүү ганцаар ундаа авах гэж орсон чинь тухайн дэлгүүрийн үл таних ах, үл таних эмэгтэйтэй карт уншуулаагүй талаар хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан юм. Би хажуугаар нь дэлгүүрийн ахаар ундаа уншуулаад мөнгийг нь өгчихөөд буцаж найзууд дээрээ очсон. Дахин идэх юм авах гээд орсон чинь тухайн дэлгүүрийн ах тэр эмэгтэйн нэг гарыг нь барьчихсан “гар” гэж хэлж байсан. Тэгсэн тэр эгч компьютерын утаснаас татаад дэлгэц, гар, хулгана гэх зэрэг бүх эд зүйлсийг нь унагаачхаад дэлгэцэн дээр нь хөлөөрөө дэвсээд байсан ба тэр дэлгүүрийн ах “яагаад компьютер эвдэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тухайн үл таних эмэгтэй дэлгүүрийн ахыг цээж хэсэг рүү нь 2 удаа түлхсэн чинь тухайн ах тамхины тавиур хэсгийг очиж мөргөсөн чинь тамхины тавиур урагшаа унасан...” гэх мэдүүлэг[2],
Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн үед ганцаараа гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Хуучин эцсийн мухар гудамжны 1641 тоот руу алхаад явж байгаад замд байсан “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр лүү тамхи авах гэж ороод “Change esse” нэртэй тамхи аваад өөрийн Хаан банкны картаа уншуулсан чинь болохгүй болохоор нь бага зэргийн ширүүхэн татчих гээд миний карт ингэдэг юм гэж хэлсэн чинь тэр залуу өөдөөс шууд чамд мөнгө байхгүй юм биш үү гэх мэтээр хэл амаар доромжилж хэлхээр нь би хүүхдээ дуудчихъя манай гэр ойрхон гэж хэлсэн чинь намайг гаргахгүй хоёр гараас зуурчхаад намайг түлхээд ард байсан компьютерын дэлгэц нь унасан юм. Өөр зүйл унасан талаар мэдэхгүй байна. Тэгээд л тухайн хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг[3],
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Үнэлгээний дүн: 1.809.610 (нэг сая найман зуун есөн мянга зургаан зуун арван төгрөг)” гэх тайлан[4],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],
Оршин суугаа хаягийн тодорхойлолт[6],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],
Хохирогч Н.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт[8],
Шүүгдэгч Ж.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт[9],
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Мөн шүүгдэгч Ж.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татагалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн дотор хохирогч Э тамхи худалдан авсан төлбөр хийхгүй картад байгаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар шилэн тавиур, архи, дэлгэц тогтоогч, компьютерын дэлгэц, хулгана зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.809.610 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Иргэн Н.Э Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж гаргасан хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11],
Дуудлага лавлагааны хуудас[12],
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 23 цаг 40 минутын үед үл таних эмэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтуу орж ирээд “Change esse” нэртэй тамхи авсан. Төлбөрөө виза картаар хийх гэсэн боловч виза карт нь уншихгүй байсан. Тэр эмэгтэй картаа авчхаад тооцоогоо хийлгүй гарах гэж байхаар нь “карт чинь уншихгүй байна. Дахин уншуулах хэрэгтэй байна” гэхэд “картаа сайн уншуулахгүй яасан юм. Надад мөнгө байгаа” гэх зэргээр маргалдаад, агсраад тооцоогоо хийхгүй, тамхиа аваад гарах гэж байхаар нь “тамхиа авъя. Манайх хаалаа. Өөр дэлгүүрээс ав” гэхэд манай виза карт уншуулдаг посс машиныг... мөн тамхины лангууг түлхэж унагаан, шалан дээр өрсөн байсан 2 ширхэг 0.75 литрийн “Хараа” архи, 1 ширхэг 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” архи, 1 ширхэг “Тайга” нэртэй 0.5 литрийн архийг хагалсан. Тамхины лангуу унах үед шилэн тавиур болон хяналтын камерын дэлгэцийн доод хэсэг цуурсан. Кассын машины дэлгэц тогтоогч хугарсан. Компьютерын гарын утас тасарсан. ... Виза карт уншуулдаг посс машинд учирсан гэмтэл байхгүй. Тамхины лангууны шилэн тавиур нь 50х40 см хэмжээтэй. Одоогоор шиллүүлж амжаагүй байна. Компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг 30.000 төгрөгөөр дуудлагаар засуулсан... Хяналтын камерын дэлгэц нь Dell брэнд ба 32 инч хэмжээтэй. 2019 онд 100.000 орчим төгрөгөөр авч байсан... Компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг 2019 онд авч байсан. Мөн адил Dell брэнд... 4 шил архины мөнгө болон тамхины лангууны шил, компьютерын дэлгэцийн тогтоогч болон гарыг засуулсан гэх 30.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хяналтын камерын дэлгэцийн доод хэсэг цуурсан. Шинэ дэлгэж авхуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг[13],
Насанд хүрээгүй гэрч Б.Ариунсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дахин идэх юм авах гээд орсон чинь тухайн дэлгүүрийн ах тэр эмэгтэйн нэг гарыг нь барьчихсан “гар” гэж хэлж байсан. Тэгсэн тэр эгч компьютерын утаснаас татаад дэлгэц, гар, хулгана гэх зэрэг бүх эд зүйлсийг нь унагаачхаад дэлгэцэн дээр нь хөлөөрөө дэвсээд байсан ба тэр дэлгүүрийн ах “яагаад компьютер эвдэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тухайн үл таних эмэгтэй дэлгүүрийн ахыг цээж хэсэг рүү нь 2 удаа түлхсэн чинь тухайн ах тамхины тавиур хэсгийг очиж мөргөсөн чинь тамхины тавиур урагшаа унасан...” гэх мэдүүлэг[14],
Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн үед ганцаараа гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Хуучин эцсэний мухар гудамжны 1641 тоот руу алхаад явж байгаад замд байсан “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр лүү тамхи авах гэж ороод Change esse нэртэй тамхи аваад өөрийн Хаан банкны картаа уншуулсан чинь болохгүй болохоор нь бага зэргийн ширүүхэн татчих гээд миний карт ингэдэг юм гэж хэлсэн чинь тэр залуу өөдөөс шууд чамд мөнгө байхгүй юм биш үү гэх мэтээр хэл амаар доромжилж хэлхээр нь би хүүхдээ дуудчихъя манай гэр ойрхон гэж хэлсэн чинь намайг гаргахгүй хоёр гараас зуурчхаад намайг түлхээд ард байсан компьютерын дэлгэц нь унасан юм. Өөр зүйл унасан талаар мэдэхгүй байна. Тэгээд л тухайн хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг[15],
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Үнэлгээний дүн: 1,809,610 (нэг сая найман зуун есөн мянга зургаан зуун арван төгрөг)” гэх тайлан[16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.
“Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар[17] шилэн тавиур, архи, дэлгэц тогтоогч, компьютерын дэлгэц, хулгана зэрэг эд хөрөнгөд нийт 1,809,610 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.А нь “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн шилэн тавиур, архи, дэлгэц тогтоогч, компьютерын дэлгэц, хулгана зэрэг эд хөрөнгийг санаатайгаар түлхэж, татаж унагааж, хагалж зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “Эд хөрөнгө устгасан” гэх объектив талын шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ж.А шилэн тавиур, архи, дэлгэц тогтоогч, компьютерын дэлгэц, хулгана зэрэг эд хөрөнгийг санаатайгаар түлхэж, татаж унагааж, хагалж эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас хохирогчид 1,809,610 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан бага хэмжээнээс дээш хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.Э эд хөрөнгөд 1.809.610 төгрөгийн хохирол (“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан) учирсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.А хохиролд 380.000 төгрөг хүлээн авсан байх ба өөр нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтдээ дурджээ.
Иймд шүүгдэгч Ж.А хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ж.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ж.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ж.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2006 03944 2790 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 (ер) хоногийн хугацаанд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 53, 58 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас