| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 500/2019/0010/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 124
В.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,
Б.Бат-Ерөөлт,
цагаатгагдсан этгээд В.Б-, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 732 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд В.Б холбогдох 2017 2502 0025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн В-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
В.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Гыг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2502 0025 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Б-ийг цагаатгаж, шүүгдэгч В.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2017 2502 0025 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч В.Б-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 21.298.205 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг СД-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй энгэртээ цахилгаантай халаастай куртик, саарал өнгийн энгэртээ цахилгаантай өвлийн куртик, ногоон өнгийн урдаа цахилгаантай зүүн энгэртээ спорт гэсэн бичигтэй ноосон цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай цээж хэсгээрээ эрээн өнгөтэй ноосон цамц, хар өнгийн ханцуйтай цамц, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн хоёр хажуу талдаа цахилгаантай өмд, улаан өнгийн оймс, хар өнгийн хагас түрийтэй гутал, хэргийн газраас хураан авсан толь зэргийг устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Хэрэг гардаг өдөр талийгаачийн дүү Г.О сонсоод хэргийн газар очиход цагдаа болон эмнэлгийн түргэн тусламж ирчихсэн, талийгаач байшин дотор дээшээ харсан хэвтэж байсан бөгөөд ширээний дээр тал шил архи, ширээний доор архины хоосон шил 1 ширхэг байсныг харсан байдаг. Гурван хүн 1 шил архи хувааж уухад архинд гүн согтохгүй. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийг “дунд зэргийн согтолттой” гэсэн байдаг.
Шинжээч эмч тархины арын язарсан шархны хэмжээг 1-2 см хэмээн уртыг нь тогтоосон байж гүний хэмжээг тогтоогоогүй байна.
Шаардлага гарвал оршуулгын газар очиж шархны хэмжээг бүрэн тогтоох боломжтой. Цогцост хийсэн шинжилгээгээр тархины битүү гэмтэл үхэлд хүргэжээ гэж тодорхойлсон атлаа согтолтын байдал дунд зэрэг гэж тодорхойлсон байна. Өмнөх тодорхойлолтоо үгүйсгэж, үхэлд хүргэх эмгэг үгүй байна хэмээн будилж В.Б ашигтай дүгнэлт гаргасан. Энэ шийдвэрт гарсан баримтууд нь сэжигтний үгийг үнэлсэн, хэрэгтний талд үйлчилсэн гэж дүгнэж болохоор байна.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмад Д.Буянбат хариуцан мөрдөн шалгасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаад хэргийг шүүхэд шилжүүлэхэд ямар нэг шалтгаан заалгүйгээр гаргасан дүгнэлтээ өөрчил гэж хэргийг буцаасан.
Мөрдөгч Д.Буянбатыг дарамталж, шахсан боловч ажиллагаагаа 3 удаа хийж, өөрийнхөө мөрдсөн, гаргасан дүгнэлтдээ итгэлтэй байсан тул дарамт, шахалтад өртөөгүй тухайгаа надад ярьж байсан. Д.Буянбат нь “би дүгнэлт гаргахдаа Б.Г-ыг В.Б- алсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл В.Б-ийг ялаас чөлөөлж л байдаг, гайхахаас яахав” гэж хэлж байсан. Байцаагчийг дарамталсан, шахсан тухай надад ярьсан учрыг тэгж мэдсэн юм.
Яллах дүгнэлтэд анх “хүндийн хүч буюу цохилтын хүчинд ар дагзаар цохиж унасан нь үхэх шалтгаан болж, нас барсан” гэсэн атлаа түүнийгээ үгүйсгэн “дагзны арын шарх, жижиг гэмтэл нь нас барахад нөлөөлөх шалтгаан биш” гэж дүгнэж байгаа нь Б.Гыг алах хүчин зүйл болоогүй гэж худлаа будилж байгаа зохиомол арга гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр хэрэгтний талд ашигтайгаар гаргасан зохиомол зүйл гэж үзэж байна. Хэргийн газар авагдсан гэрэл зураг, СД бичлэг зэрэг чухал материалуудыг хуулийн хугацаа нь болоогүй байхад санаатайгаар устгасан. Шүүхийн шийдвэр 2 сарын дараа миний гарт ирж байхад холбогдох материалуудыг устгасан нь санаатай хэрэг. Хэрэгт давж заалдах шатны шүүхийн 2 шийдвэр байгаа бөгөөд тэдний шийдвэр гараагүй байхад холбогдох материалыг устгасан нь хэрэг буцсан тохиолдолд үзүүлэх материалгүй болсон байх гэсэн муу санаа мөн.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, В.Б хорих ял оногдуулж, хохирлыг барагдуулж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 732 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд В.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, түүний үйлдэл нотлогдоогүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн, үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл болж чадаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол ...” шүүх цагаатгах тогтоол гаргахаар хуульчилсан.
Гэтэл цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт В.Б-ийн үйлдэл нь нотлогдоогүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж, хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, дух дагз яс руу үргэлжилсэн хугарал, зулай зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал, зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны дунд үенд шарх, зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл авсан бөгөөд гавал тархины гэмтлүүдийн улмаас нас барсан, дээрх гавал тархины гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд өргөн талбай гадаргуутай зүйлээр зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас арагш савж унах үед үүссэн гэмтэл гэдгийг 3 удаагийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Б.Ариунзул, Б.Даваасүрэн нарын мэдүүлгүүдээр тогтоосон байхад анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэг нь В.Б-ийн үйлдлийн улмаас гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.
Шүүхээс энэхүү дүгнэлтээ хэрэгт авагдсан нотлох баримтаар В.Б- талийгаач Б.Г-ыг санаатай алсан гэж үзэх боломжгүй, хэрэг гардаг орой амь хохирогч нь В.Б-ийн гэрт байсан, тэр өдөр Б.Г, В.Б-, Ж.Т нар хамт ууж согтсон болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй болох талаар итгэл үнэмшил төрүүлэхүйц мэдүүлэг өгсөн гэж тайлбарласан байна. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан, ганцхан үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй оролцогч болох В.Б-ийн мэдүүлгийг барьсан дүгнэлт гэж үзэж байна.
Мөн В.Б- нь амь хохирогчийг гадаа унасан байдалтай байхад нь цогцсыг зөөвөрлөж гэрт оруулсан, хэргийн газрыг цэвэрлэж, ул мөрийг балласан, гэрт байсан шкафны толь хагарсан, уг толь нь гэрч Ж.Т, Б.Л нарын мэдүүлгээр өдөр бүтэн байсан ба хэргийн газрын үзлэгээр толь хагарсан, уг хагархай нь шинжээчийн дүгнэлтээр шинэ хагарал болох нь тогтоогдсон, талийгаачид учирсан зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт бүхий гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй, ялангуяа хавирганы хугарал гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд учирсан шинэ гэмтэл болохыг шинжээчийн дүгнэлт болон шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр дан ганц В.Б-ийн биед тэр шөнө бусадтай ноцолдсон, тэмцэлдсэн ул мөр үлдээгүй, ноцтой сэжиг бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн өнгөц дүгнэлт хийж дээрх нөхцөл байдлуудыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг цагаатгасан үндэслэлийг дүгнэн үзэхэд, цагаатгагдсан этгээд В.Б-ийн мэдүүлгийг цагаатгах гол нотлох баримт болгосон гэж ойлгогдохоор байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Улсын яллагчийн хувьд цагаатгагдсан этгээд В.Б-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллах болсон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-р тал хувцасны шкаф нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдал, гэрийн дотоод цэвэр цэмцгэр байдал/,
2. Гэмт хэргийн шинжтэй гомдолд мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, мөн В.Б- нь гэмт хэрэг гарсан өдөр 20 цаг 15 минутад гомдол мэдээллийг өгсөн байдаг. Гэтэл 20 цаг 54 минутад яаралтай түргэн тусламжийн эмч Ц.Оюун-Очир ирсэн тэрээр нас бараад 20-30 минут болж байсан байх гэж мэдүүлсэн байдаг.
3. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/,
4. Гэрч Г.О, Г.Т, Б.Т, Ж.Т, Б.Л нарын мэдүүлгээр талийгаач болон В.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох мөн гэмт хэрэг гарах үед 17-оос 18 цагийн үед талийгаачтай уулзахад биеэ удирдан жолоодох чадвартай байсан талаар гэрчилдэг.
5. Гэрч Б.Л-гийн “... Цэнгэлийн гэрт байсан хувцасны шкафны хаалган дээр дугуй гонзгой толь байсан. Тэр толинд би сандал дээр сууж байгаад хальт харсан юм. Тэгэхэд ямар нэгэн хагархай толь харагдаагүй зүгээр байсан. Тэр гэрт өөр толь байхгүй байсан. Төмөрөө болон Цэнгэл нар согтуу байсан. Гэхдээ хөл дээрээ тогтоод гуйваж дайвахгүй яваад байсан ... В.Б- тухайн үед би Төмөрөөтөй явмаар байна, та одоо гэртээ харь, би хаалгаа цоожлоод явлаа гэж байсан ... тийм ууртай биш “та зүгээр харьж унт” гэж байсан. Тэгээд талийгаач босохгүй болохоор нь хувцаснаас нь татаад хөл рүү нь зөөлөн өшиглөж байгаа харагдсан. Тэгээд талийгаач босохгүй болохоор бид хоёрыг В.Б- ах гараад байж бай гэсэн. Бид хоёр гараад автомашиндаа суугаад 2-оос 3 минут болоод Төмөрөө ах намайг шууд яв гэсэн. Зуслангаас хөдлөхөд 17 цаг болж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 79-81/, мөн энэ талаар шүүх хуралдаан дээр маш тодорхой өгсөн мэдүүлгүүдээр тухайн гэмт хэрэг гарахаас өмнө В.Б-ийн гэрт 17 цаг хүртэл 4 хүн байсан, В.Б- нь талийгаачийг гэрээс гар гэж хөл рүү нь өшиглөж байсан талаар мэдүүлсэн нь цагаатгагдсан этгээд В.Б-, талийгаач Б.Г хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч байсныг гэр дотор байсан толь бүтэн байсныг гэмт хэрэг гарсан талаар дуудлага аваад 3 цагийн дараа Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд толь хагарсан байсныг тус тус гэрчилдэг.
6. Шүүхийн цагаатгах үндэслэлд “В.Б-ийн биед тэр шөнө бусадтай ноцолдсон, тэмцэлдсэн ул мөр үлдээгүй, талийгаач Б.Гыг В.Б- алсан байж болзошгүй ноцтой сэжиг бүхий нөхцөл байдлууд тогтоогдохгүй” гэдэг. Гэтэл талийгаач Б.Гын дээгүүрээ өмсөж явсан гэх саарал өнгөтэй энгэртээ цахилгаантай куртик нь баруун суганд 18 см оёдлоо дагасан урагдалттай, зүүн суганд 28 см оёдлоо дагасан урагдалттай байв. Куртикий дотор хэсэгт үзлэг явуулахад куртикний дотор талын ар хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, мөн ногоон өнгийн урдаа цахилгаантай, зүүн энгэртээ спорт гэх бичигтэй ноосон цамц нь баруун суганд 6 см урттай 4 см өргөнтэй оёдлоо дагасан урагдалттай, баруун ханцуйны дээд хэсэгт 9 см урагдалттай, дотор талын ар хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Хар өнгийн хоёр хажуу талдаа цахилгаантай өмдний салтаа хэсэгт урагдсаныг хар өнгийн утсаар оёсон, өмдний баруун талын өвдөг хэсэгт 8 см урагдсаныг хар өнгийн утсаар оёсон байдалтай байна. Уг өмдний баруун өвдөгнөөс доош 8 см зайд цус мэт хүрэн өнгийн толботой, мөн уг толбоноос доош 6 см зайд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой байсан болох нь хэрэгт авагдсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх 41/,
Цагаатгагдсан этгээд В.Б-ийн өмсөж явсан дээрх хувцаснуудыг шинжилгээнд явуулахад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 412 дугаартай дүгнэлтээр “В.Б-ийн өмсөж явсан хар өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 3 ширхэг шинэ ханзарсан уранхай байна.” гэсэн. Энэ талаар шинжээч Г.Ганзоригоос тодруулахад хувцас татах, чангаах зууралдах ноцолдох зэрэг үйлдэлд үүсдэг болохыг гэрчилсэн /1-р хх 144-146/,
Мөн талийгаач Б.Гын өмсөж явсан хар цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт үүссэн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 413 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Баттулгын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /1-р хх 148, 154/,
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149, 350, 751 дугаартай дүгнэлтүүдээр талийгаач гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хурапт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал болон зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны дунд үенд шарх, зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл учирч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. /1-р хх 108-109, 119, 130/,
Талийгаачид учирсан дээрх гэмтлийг ямар тохиолдолд авсан байж болохыг шинжээч эмч Г.Ариунзул, С.Одончимэг, Ц.Ганболд нар “талийгаачийн толгойд учирсан гэмтэл нь арагшаа савж унах үед үүсэх боломжгүй, харин зулайд өргөн талбай, гадаргуутай зүйлээр цохисон үед хуйханд шарх үүсэхгүйгээр гавлын яс болон тархинд гэмтэл үүсэж болно.” гэх мэдүүлгүүдээр талийгаач нь гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Уг гэмтлийг хэдийгээр В.Б- учруулсныг харсан үзсэн гэрчлэх хүн байхгүй боловч хэрэгт авагдсан дээрх баримтуудаар талийгаач Б.Г, цагаатгагдсан этгээд В.Б- хоёрын хооронд тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэж байсан, мөн тэр хоёрын өмсөж явсан хувцаснуудад татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ уранхай үүссэн болох нь тогтоогдсон.
үүх хуралдаан дээр шинжээч эмч Ц.Ганболд нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр байдлаар мэдүүлэг өгдөг ч энэ асуудлыг дахин тодруулах шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах ёстой байхад зөвхөн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд В.Б холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 732 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна ...” гэв.
Цагаатгагдсан этгээд В.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талийгаач бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан гараагүй, цохиж зодолдсон зүйл байхгүй. Гадагшаа бие засах гээд гарах үед талийгаач газар дээшээ хараад хэвтэж байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан ...” гэв.
Цагаатгагдсан этгээд В.Б-ийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Учир нь, В.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоож чадаагүй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, В.Б холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.
Шүүхээс В.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэн, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, прокуророос яллах үндэслэл болгосон;
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Талийгаач Б.Гын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
- Гэрч Б.Лгийн “... хувцасны шкафны хаалган дээр дугуй гонзгой толь байсан. Тэр толинд би сандал дээр сууж байгаад хальт харсан юм. Тэгэхэд ямар нэгэн хагархай толь харагдаагүй, зүгээр байсан ...” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачид гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадасаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураал 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтод цусархаг няцрал болон зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5 дугаар хурааны дунд үед шарх, зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 149 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Гын бие цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэсэн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн толинд гарсан хагаралт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна ...” гэсэн 1847 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Шинжээч эмч Б.Ариунзулын “... дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Уг гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй. Ер нь цохилтын хүч зулайд үүссэний улмаас арагш унахдаа дагзандаа үүссэн ямар нэгэн юм мөргөсөн гэдгийг тогтоох боломжгүй. Хавирганы гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн ...” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “... дээрх гэмтлүүдээс үзэхэд хүч зулай хэсэгт үйлчилсэн байх боломжтой ...” гэх мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй байх тул тэдгээрийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 732 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх боломжтой байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан давж заалдах гомдлоос “... мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ...” гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 732 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, В.Б холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг тухайн шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцтэл В.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ