Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0364

 

 

Ш.З-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.З-ын нэхэмжлэлтэй О аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн В.Д-гаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 144 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Энэ тухай аймгийн Засаг даргын 2008 оны 248 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу би 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших 10278 тоот гэрээ байгуулж, 0153447 тоот газар эзэмших гэрчилгээг авсан юм. Миний бие Газрын тухай хуулийг биелүүлж газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан. Тухайн газар нь барилгын зориулалтаар анх олгогдсон байсан тул газрыг өөрийн эзэмшилд авсны дараа зориулалтын дагуу ашиглахын тулд зохих бэлтгэл ажил хийсэн. Үүнд хашаа барьсан, мөн барилгын суурийг ухсан, ингээд цаашид барилгын ажлаа үргэлжлүүлэн барихын тулд зураг төсөл гаргах, төсөв хийх, техникийн зөвшөөрөл, нөхцөлийг авах шаардлагатай болсон. Тухайн үед хотын захирагчийн албаны дарга Эрдэнэт хотын ерөнхий архитектор, Мэргэжлийн хяналтын газрын Барилга хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын

 

хэлтсийн галын улсын байцаагч, цахилгаан дулааны инженер, холбооны газар мөн Мэргэжлийн хяналтын газрын орчны эрүүл ахуйн байцаагч гэх мэт захиргааны байгууллага, албан тушаалтны зөвшөөрлийг авах хэрэгтэй болсон.

Ингэж явсаар хоёр жил шахам хугацаа өнгөрсөн. Гэтэл надад газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2008 оны 248 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Оюунбат нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дүгээр захирамжийг гарган хүчингүй болгосон. Энэхүү 301 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сунгуулах тухай хүсэлтээ тухайн үед Засаг даргад гаргаж байсан боловч надад хариу өгөөгүй. Иймд энэ хүсэлтийг албан ёсоор шийдэж хариу өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 186-7 тоот хаягт оршин суух Ш.З нь 2013 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаж аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Ш.Зод холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ш.З нь иргэн Ч.Д-ийн эзэмшилд байсан үйлдвэр, үйлчилгээний зориулалтын 144 м.кв газрыг 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр эзэмшсэн байдаг. Дээрх захирамжийг 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд уг захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /ж/-д заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн дагуу гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “аймгийн Засаг дарга энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах эрхтэй бөгөөд энэ тухай иргэн Ш.Зтой байгуулсан “Газар эзэмшүүлэх тухай" гэрээний 4.3-т тодорхой заасан байдаг.

Иргэн Ш.З нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа ба 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 524, 525 дугаар бүхий албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн

 

байна. Иргэн Ш.З нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дүгээр шийдвэртэй холбогдуулан 2010 оноос 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргад хандаж бичгээр өргөдөл гомдол гаргаж байгаагүй. Энэ тухай нотлох баримт байхгүй байгаа тул Ш.З-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ш.Зоос О аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Ш.З миний Засаг даргад гаргасан өргөдөлд албан ёсоор хариу өгөхийг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй харин ч нотлох баримтыг буруу үнэллээ. Гэрч гэж шүүхийн дүгнэсэн Д.Оюунбат нь тухайн үед өөрөө эс үйлдэхүй гаргасан захиргааны албан тушаалтан юм. Гэтэл уг хүнийг шүүх гэрчээр асуусан. Энэ хүн одоо бол өөрийгөө өмгөөлж ярих нь гарцаагүй, ямар ч албан тушаалтан захиргааны хэргийн шүүх дээр дуудагдахаар өөрийгөө өмгөөлж өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл түүний хэлсэн үгийг нотлох баримтаар үнэлсэн. Д.Оюунбаттай миний "Иргэдийг хүлээн авах байр"-аар биечлэн уулзаж амаар болон бичгээр гаргасан өргөдөлд хариу өгсөн гэдэг нь түүний мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа.

Гэрч Д.Оюунбат нь мэдүүлэгтээ өөрийн гаргасан захирамжаа хамгаалж, үндэслэлийг нь тайлбарласан тухайгаа хэлсэн байхад шүүх түүнийг нь "миний гаргасан өргөдөлд хариу өгсөн" мэтээр дүгнэсэнд гомдолтой. Албан тушаалтан өөрийгөө өмөөрч ярих, иргэний гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, саналд хариу өгөх гэдэг нь 2 өөр ойлголт гэж бодож байна.

Тухайн үед аймгийн Засаг дарга "ийм асуудал олон байгаа, нийлүүлээд Газрын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж хариу өгнө" гэсэн агуулгатай зүйл хэлсэн бөгөөд би хариу өгөх юм байна гэж ойлгож хүлээсэн. Одоо ч хүлээж байгаа. Хариугаа авахаар

 

аймгийн хэмжээний газрын асуудлыг хариуцдаг мэргэжлийн агентлаг болох Газрын алба дээр очиж дарга Ц, аж ахуйн нэгжийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б нартай уулзаж байсан. Энэ явдлаас хойш Газрын зөвлөлийн хурал хэд хэд болсон. Шийдвэрлэсэн эсэхийг би мэдэхгүй. Шийдвэрлээд одоо болтол нуугаад байгаа эсэхийг ч мэдэхгүй. Аймгийн Засаг дарга Газрын зөвлөлийн хурлаар нийлүүлээд шийдвэрлэнэ гэж хэлсэн гэдгийг би шүүхэд мэдүүлсэн. Гэтэл Газрын зөвлөлийн хурлын нэг ч материалыг нотлох баримтаар аваагүй. Миний мэт олон аж ахуйн нэгж, иргэд Газрын зөвлөлөөр асуудлаа шийдвэрлүүлсэн. Миний асуудлыг Газрын зөвлөлийн хурлаар ороод ямар нэг байдлаар хэрэгсэхгүй болгосон ч хамаагүй шийдэгдсэн бол би шүүхэд нэхэмжлэл гаргаж явахгүй байсан.Шүүх "хариу өгсөн нь тогтоогдсон" гэж хийсвэрээр дүгнэсэн. Учир нь, биечлэн уулзаж байх тухайн үед ЗДТГ ажилтан байсан бөгөөд тэрээр тэмдэглэл үйлдэж байсан. Тэр тэмдэглэлээс миний хэлсэн болон аймгийн Засаг даргын хэлсэн үг бүгд харагдах ёстой. Гэтэл түүнийг олж үнэлэхгүй харин тухайн үеийн Засаг даргын өөрийгөө хамгаалж хэлсэн үгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн тухайн тохиолдолд хамааралгүй "газар шинээр хүссэн өргөдөлд өгсөн хариу" гэгчийг үнэлээд 4 гомдолд хариу өгсөн байна гэж шийдлээ. Энэ 2 чинь 2 өөр зүйл шүү дээ гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч О аймгийн Засаг дарга нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дүгээр захирамжаар “Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан хугацаанд газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр Ш.Зод газар эзэмшүүлсэн 2008 оны 248 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Ш.З нь дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ш.З миний гаргасан гомдолд албан ёсоор хариу өгөхийг даалгах” гэж өөрчилжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байна. Нэхэмжлэгч Ш.З хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг дараах үндэслэлээр хэтрүүлсэн байна. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 524, 525 тоот албан бичиг, нэхэмжлэгч Ш.Зоос 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О аймгийн Газрын албанд "... миний газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарсан байсан. ... уг газрыг эзэмших эрхийг сэргээж сунгаж өгч тусална уу” гэж гаргасан өргөдөл болон бусад нотлох баримтуудаар Ш.З нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 301 дүгээр захирамжийн талаар 2010 онд мэдсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ш.З нь Засаг даргын дээрх, 301 дүгээр захирамжтай холбогдуулан Засаг даргад 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “газар хүссэн” утга бүхий хүсэлтийг гаргаж, аймгийн Засаг дарга “дахин зөвлөлийн хурлаар хэлэлцье” гэж амаар хариу өгсөн тухай нотлох баримт /хх-ын 186 талд/ хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь “газар олгох асуудлыг газрын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгнө гэсэн боловч албан ёсоор хариу өгөөгүй” гэж нэхэмжлэл, гомдол гаргадаг боловч энэ асуудлаар эрх бүхий Газрын алба, Засаг даргад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ш.З хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул шүүх түүний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Зын нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.З-ын “Ш.З миний гаргасан гомдолд албан ёсоор хариу өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.