Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1630

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

 

шүүгдэгч  Б.Э.Б,  түүний  өмгөөлөгч  Н.Ганбат  ҮД:03-46  нарыг

 

оролцуулан тус шүүхийн хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх

 

хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Бад холбогдох эрүүгийн 1806 0765 21830 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Тэс Петролиум” ХХК шатахуун түгээх станцад дадлагажигчаар ажиллаж байсан, ам бүл 4, эмээ, 13-17 насны 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 2-р хэсэг, 12 дугаар гудамжны 612 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” шатахуун түгээх станцад дадлагажигчаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орлогын бэлэн 2.477.477 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алтан-Урлагийн: …Тэгсэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай шатахуун түгээх станцад Байгалмаагийн Э.Б гэх хүн ирж намайг байж байхад анкет бөглөсөн. Тэгэхээр нь би анкетийг нь төв рүү явуулаад ийм хүүхэд ирсэн гэсэн чинь төвөөс 3-5 хоног дадлага хийлгэ гэсэн. Тэгэхээр нь би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээлжинд Алтанцэцэгтэй хамт гаргасан. Тэгээд маргааш нь амраагаад 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түгээгч Бямбахишигтэй хамт нэг ээлжинд дадлагажуулж гаргасан. Тэгээд шөнө унтаж байхад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны 01 цагийн орчим түгээгч Бямбахишиг над руу утсаар залгаад Э.Б алга болчихлоо, сейфэнд байсан мөнгө алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ явж очоод цагдаад мэдэгдсэн үү гэсэн чинь мэдэгдсэн гэсэн. Тэгээд камерийн бичлэг шүүж үзэхэд Э.Б сейфнээс мөнгө аваад халаасандаа хийгээд гараад явж байгаа нь харагдаж байгаа юм. Ингээд тэр өдрийнхөө бензин түгээсэн мөнгөө тооллого явуулаад үзэхэд 2.477.477 төгрөг дутсан байсан. Би анхны мэдүүлэг дээрээ сандарсан байсан учраас тооллогоо гүйцэт хийж чадаагүй багцаа аваад мэдүүлгээ өгөхдөө 2.780.000 төгрөг гэж буруу өгсөн байна. Тооллого хийсэн баримт байгаа. Хавсралтаар өгнө. Алдсан мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Бямбахишигийн: ...Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эрхлэгч Алтан-Урлаг Э.Б шинэ гэх шинэ хүнийг дадлагажуулж ээлжинд гар гээд надтай хамт нэг ээлжинд гаргасан. Өдөр нь ажлаа хийгээд л байсан. Өдөр нь байн байн гэдэс өвдөөд байна гээд 00 руу гарч гүйгээд байсан. Орой 00 цаг өнгөрөөд бие засчихаад ирье гээд гарсан. Тэгээд 30 минут орчим болоод орж ирэхгүй болохоор нь хойноос нь гараад хайсан чинь олдохгүй байхаар нь буцаж ороод сейфээ үзсэн чинь мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь эрхлэгч рүү залгаад нөгөө хүүхэд чинь мөнгө аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд эрхлэгч ирээд камерийн бичлэг шүүж үзэхэд Э.Б сейфнээс мөнгө авч байгаа нь харагдаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Сейфэнд бол бүхэл мөнгөө багцлаад хийчихдэг юм. Задгай мөнгөнүүдээ халаасандаа хийж байгаад бензин авсан машинд хариулт өгдөг юм. Тэгээд тэр өдрийнхөө бензин зарсан тооцоогоо эрхлэгч гаргаад би халаасандаа байсан мөнгөө тушаагаад 2.470.480 төгрөг дутсан байна гэж эрхлэгч хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 20 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э.Бын: ... Би Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэс петролиум” шатахуун түгээх станцад 2018 оны 09 дүгээр сарын дундуур дадлагажигч ажилтнаар анкет бөглөж ороод 2 дахь удаагаа гараан дээрээ сейфэнд байсан орлогын мөнгийг хулгайлж үрсэн. Би замын машинд суугаад тоолоход 2.500.000 төгрөг байсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр тал/,

 

  • Эрэн сурвалжилсан ажиллагааны баримт /хх-н 9 дүгээр тал/,

 

  • Хохирлын талаарх тооллого хийсэн баримт /хх-ийн 10 дугаар тал/,

 

  • Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 13 дугаар тал/,
 

3

 

  • Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээс: Эд мөрийн баримтаар тооцогдсон дискийг албаны “Acer” брэндийн компьютер дээр нээхэд 1 бичлэг харагдаж байв. Бичлэгийг нээхэд компьютер дээрх камерийн бичлэгийг гар утсаар хийсэн 32 секунтын бичлэг байв. Бичлэг дээр шатахуун түгээх станцын нэг өрөө нь харагдах бөгөөд өрөөний гол ширээ хаалганы хажууд сейф харагдаж уг сейфний хаалга нь онгорхой байв. Бичлэгийн 12 дахь секунтэд улаан өнгийн пүүзтэй юүдэнтэй цамцны гадуур Тэс гэсэн бичигтэй майк өмссөн Б.Э.Б нь гаднаас орж ирээд сейфний урд суугаад сейф рүү гараа оруулаад буцаж гаргаад зүүн халаасандаа гараа хийгээд буцаж босоод өрөөнөөс гарч бичлэг 32 дахь секунтэд дуусав. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгах санал хүсэлтийн талаар хөндлөнгийн гэрч нараас асуухад байхгүй гэсэн тул 19 цаг 40 минутанд дуусав. /хх-н 14 дүгээр тал/,

 

  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч Б.Э.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 32, 33, 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” шатахуун түгээх станцад дадлагажигчаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орлогын бэлэн 2.477.477 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” шатахуун түгээх станцад дадлагажигчаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орлогын бэлэн 2.477.477 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тооллого хийсэн баримт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Э.Быг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

4

 

Иймд Прокуророос шүүгдэгч Б.Э.Бын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь хохирогч Б.Алтан-Урлагт учруулсан 2.477.477 төгрөгийн хохирлоо төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Э.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

 

Гэвч шүүгдэгч Б.Э.Б нь хохирлын 2.477.477 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Э.Бад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх тул цагдан хоригдсон нийт 39 /гучин ес/ хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

5

 

  1. Э.БЭ.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгалмаагийн Э.Быг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э.Бад оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э.Бын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Э.Баас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э.Баас /РД:ТБ99010116/ 2.477.477 /хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Тэс петролиум” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан-Урлагт /РД:ОБ69111006/ олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Э.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ