| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/01018/И |
| Дугаар | 183/ШШ2017/01445 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2017/01445
2017 оны 06 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2017/01445 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 гудамж, Алтай центр, 610 тоот, “Аргатайн гол ББСБ” ХХК-ийн /РД:4397622/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын 17 гудамж, 617 тоотод оршин суух, Их монгол овогтой Цогтгэрэлийн Дэлгэрмөрөнд /РД:УХ90020521/, холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1.117.767 /нэг сая нэг зуун арван долоон мянга долоон зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвбат, хариуцагч Ц.Дэлгэрмөрөн, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ нь Ц.Дэлгэрмөрөнтэй 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ЗП6/02/001 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 500,000 тегрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2016 оны 5 сарын 02-ны өдөр хүртэл зээлж, гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан, Зээлийн гэрээний хугацаанд Дэлгэрмөрөн нь хүү, нэмэгдүүлсэн хүү, ундсэн зээлийн хамт 634.800 төгрөг төлөхөөс 134,800 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2016 оны 7 сарын 06-нд 100,000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 1,117,766.84 төгрөгийг гаргуулна. Манайх нэхэмжлэл гаргаснаас хойш 500.000 төгрөг төлсөн гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 сарын 15-нд 500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 617.767 төгрөгийг 2017 оны 8 сарын 10 гэхэд төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Аргатайн гол ББСБ” ХХК нь Ц.Дэлгэрмөрөнгөөс зээлийн гэрээний үүрэгт 1.117.767 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн, шаардлагаас үлдэх 617.767 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зөвшөөрлийг батлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31.376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 31.376 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Аргатайн гол ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1.117.767 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч Ц.Дэлгэрмөрөн нь 500.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн,үлдэх 617.767 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31.376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 31.376 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ