| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00327/И |
| Дугаар | 183/ШШ2017/01487 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2017/01487
2017 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2017/01487 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, 11-32 тоотод оршин суух, Ц.Энхбадралын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ар Зайсан гудамж, 94 байр, 203 тоотод оршин суух, Ч.Ганчимэгт холбогдох,
орон сууц албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Энхбадрал, хариуцагч Ч.Ганчимэг, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар зайсан гудамж 94 байр 203 тоот орон сууц захиалан бариулах 2014 оны 03 сарын 11 өдрийн 109 тоот гэрээнд тусгагдсан хаяг:2в байр, 2-р орц, 2 давхарт 203 тоот/ 164.43 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг “Могултаун” ХХК-иас төлбөрийг 100% бүрэн барагдуулж 213.759.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг орон сууцыг 2016 оны 01 сарын 26 өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өмчлөх эрхийн Ү-2206044556 дугаарт бүртгэгдэн 000452049 тоот гэрчилгээ олгогдсон болно. Тухайн орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авах үед Ч.Ганчимэг нь ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр амьдарч байсан. Түүнийг орон сууцнаас гарахыг удаа дараа шаардсан бөгөөд өдийг хүртэл шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул Ч.Ганчимэгийг Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан арзайсан гудамж 94 байр 203 тоот орон сууцнаас нүүлгэж, албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг Могул таун ХХК иас төлбөр бүрэн барагдуулж 213,759,000 төгрөгөөр 2014 оны 3-сарын 11-нд байгуулсан 109 гэрээний дагуу худалдаж авсан гэжээ. Миний бие өөрийн нөхөр Мэндбаяртай хамт Могул таун ХХК-тай нэхэмжлэлд заасан Хан-Уул дүүрэг, 11-р хороо арзайсан Могул таун 26 байр 203 тоот 4 өрөө байрыг захиалан бариулах гэрээ хийж төлбөрөө бүрэн барагдуулсан. Би Мэндбаяртай 2012 онд гэр бүл цуцлуулахдаа нөхөртөө амьдарч байсан өмчлөлийн байр болох БЗД 1 дүгээр хороо 18,2 дугаар байрны 99,9 мкв 3 өрөө байр үлдээж би өөрөө нэхэмжлэлд заагдаад байгаа байранд 2 хүүхдийн хамт орохоор харилцан тохиролцсон юм. Миний бие нөхөр асан П.Мэндбаярын хамтаар захиалсан байрны төлбөрөө бүтэн төлсөн бөгөөд уг байр нь бид хоёрын дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн. Би байрандаа 2 хүүхдийн хамт 2014 онд орсон. Нөхөр бид 2 гэр бүл цуцлахдаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар ямар нэг маргаан гараагүй байсан бөгөөд гэр бүл болсоноос хойш бий болсон дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох дээр дурдсан 2 байрыг өмчлөхөөр тохиролцсон. Могул таун ХХК гэрээ байгуулсан байр нь 2014 онд ашиглалтанд орох үер байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахыг хүлээж байх хугацаанд П.Мэндбаяр нь надад мэдэгдэлгүйгээр миний өмчлөх эрхийг зөрчиж Ц.Энхбадралтай үгсэн тохирч өөрийн нэр дээр байсан гэрээг өөрчилж түүнийг Могул таун ХХК-тай гэрээ хийлгэсэн мэтээр хүчин төгөлдөр бус хэлцэлийг өөрийн зээлийн төлбөр 90,000 доллорын тооцоонд байрцаалсан байдлаар Энхбадралд шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ц.Энхбадрал нь 213,759,000 төгрөгийг Могул таун ХХК-д байрны төлбөр гэж төлөөгүй харин Мэндбаярт зээлүүлсэн 90,000 доллорын зээлийн тооцоонд барьцаалж авах зорилгоор 2014 оны З сарын 11-нд байгуулсан байдаг. Ц.Энхбадралын Могул таун ХХК, П.Мэндбаяртай байгуулсан гэрээнүүдийн огноо 1 өдөр таарч байгаа гэрээ хууль бус болохыг нотолж байна. Иймд миний бие нэхэмжлэгч Ц.Энхбадралын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Нэг талаас нэхэмжлэгч Цогбаяр овогтой Энхбадрал, нөгөө талаас хариуцагч Чинбат овогтой Ганчимэг нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх орон сууцнаас нүүлгэх, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэв. Хариуцагч Ч.Ганчимэг нь Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар зайсан гудамж 94 байр 203 тоот Ү-2206044556 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас 6 сарын дотор буюу 2017 оны 12 сарын 21-ний өдрийн дотор нүүж, эд хогшлоо чөлөөлж, түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулж өгнө. Хариуцагч нь тухайн орон сууцанд амьдран суух хугацаанд гарсан ашиглалтын зардлыг төлж, өр төлбөргүй хүлээлгэж өгнө. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанаас өмнө нүүлгэх талаар ямар нэг байдлаар шаардлага гаргахгүй, гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхбадрал нь хариуцагч Ч.Ганчимэгт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Хариуцагч Ч.Ганчимэг нь Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар зайсан гудамж 94 байр 203 тоот Ү-2206044556 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас 6 сарын дотор буюу 2017 оны 12 сарын 21 өдрийн дотор нүүж, эд хогшлоо чөлөөлж, түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулж өгнө. Хариуцагч нь тухайн орон сууцанд амьдран суух хугацаанд гарсан ашиглалтын зардлыг төлж, өр төлбөргүй хүлээлгэж өгөхөөр эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Энхбадралыннэхэмжлэлтэй, Ч.Ганчимэгт холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч нь Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар зайсан гудамж 94 байр 203 тоот Ү-2206044556 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас 6 сарын дотор буюу 2017 оны 12 сарын 21 өдрийн дотор нүүж, эд хогшлоо чөлөөлж, түлхүүрийг нэхэмжлэгчид гардуулж өгнө. Хариуцагч нь тухайн орон сууцанд амьдран суух хугацаанд гарсан ашиглалтын зардлыг төлж, өр төлбөргүй хүлээлгэж өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ