| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000490130 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 17 дугаар гудамжнаас иргэн *******ын гээгдэл эд хөрөнгө болох ******* имэй (international Mobile Equipment identity) кодтой Самсунг Галакси ( Samsung galaxy) А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би 3 дугаар багт байх ээжийнхээ гэрээс ач охин *******ын хамт гараад 5 дугаар багийн 16-17 тоотод байрлах гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очиж хувцсаа солиод хоол ундаа хийж идээд ээжийнх рүүгээ охин *******ын хамт гэрээсээ гараад гудамжиндаа явж байхад нэг хар зүйл цасан дээр хэвтэж байхаар нь очоод авахад гар утас байсан. Тэгэхээр нь утсыг аваад ээжийнхээ гэрт очсон. Очоод өөрийнхөө сим картыг хийгээд асаасан. Тэр өдрөөс хойш барьсан. Удалгүй цагаан сарын үеэр над руу цагдаагаас нэг залуу залгаад “Тань дээр А51 гэсэн утас бүртгэлтэй байна. Та хүрээд ир” гэсэн. Тэгээд ирж уулзахад миний нөгөө олсон утасны талаар асуусан. Би олсон гэдгээ л хэлсэн. Утастай өөр зүйл хамт байгаагүй. Утас олсон гэж бодоод л өөрөө сим картаа хийгээд ашигласан....гэх мэдүүлэг /хх-ийн 70/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Овоо сумаас Баянхонгор аймагт ирсэн. Тэгээд тухайн өдрөө дэлгүүрээс 0.33 граммтай “Хараа” нэртэй архи авч уусан. Тэгээд согтсон байсан. Тухайн үедээ би хаанаас таксинд сууснаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн машинд суучихсан явж байсан. Би яаж явснаа санахгүй байна. Манай хамаатны дүүгийнх амьчуулд байдаг. Нэг мэдсэн тэдний гэрт очсон байсан. Тэгээд ... утсаа үзэхэд байхгүй байсан юм. Би А51 маркийн гар утас ... алдсан. Би Улаанбаатар хотоос 2020 оны 11 дүгээр сард лизингээр авч байсан. Гар утасны үндсэн үнийг мэдэхгүй байна... Би өөрт учирсан бүх хохирлоо авсан. Одоо ямар нэг гомдол, санал байхгүй. Би өөрийнхөө түрүүвч, 160.000 төгрөг, бичиг баримт зэрэг зүйлүүдээ дүүгийнхээ гэрээс олсон. Хэд хоногийн дараа манай дүү нь залгаад “Олсон. Орны араар байна” гэж хэлсэн. Тэгээд очоод авсан. Бүрэн байсан. Надад одоо гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39
4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн дугаар одоо надад байхгүй. Миний 88268013 гэх дугаарыг манай дүү ашигладаг. Манай ээж М.*******, манай дүү нар хамт явж байгаад гудамжнаас гар утас олсон гэж надад хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 48/
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай авга ах байгаа юм. ******* нь орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Нэлээн согтуу ирсэн. Тэгээд ирээд байж байгаад утсаа хайгаад “Хаячихлаа” гэж байсан юм... утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд цагдаад өгсөн гэж байсан. ******* нь түрүүвч, бичиг баримт бас нэг хэдэн төгрөг алдсан гээд байсан. Архи уусан согтуу явж байгаад гар утсаа хаясан байх. Харин ******* ахыг явсны дараа би гэрээ цэвэрлэж байгаад орны араас ******* ахын түрүүвчийг олсон. Тэгэхэд ******* ах руу залгаад түрүүвчийг нь өгсөн..... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
6. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн:
1. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 988.500. /Есөн зуун наян найман мянга таван зуун/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 62/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25/, Юнител компанийн албан тоот /хх-ийн 21-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч М.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 17 дугаар гудамжнаас иргэн *******ын гээгдэл эд хөрөнгө болох ******* имэй (international Mobile Equipment identity) кодтой Самсунг Галакси ( Samsung galaxy) А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг, 3 үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Тулгар төр байгуулагдсаны 230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдсэн хүн хуулийн этгээд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нолох баримтаар нотлогдож байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.*******ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйл ”хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 9 дүгээр зүйл “өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөл”-д тус тус багтаагүй тул Шүүхээс шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас нөхөн төлөх төлбөр байхгүй гэж дүгнэж түүний холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. Харин шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир хоёр хоног цагдан хоригдсон бөгөөд түүний эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй боолгосон тул түүнийг 2021 оны 07 07-ний өдрөөс эхлэн цагдан хорих байрнаас суллах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл, 12.8 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас сулласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ