Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/01527

 

2017 оны 06 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01527                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                     

Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 43б байр, 43 тоотод оршин суух, Боржигон овогтой Нямжавын Оюунгэрэл /РД:ЦБ62041662/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 15 байр, 34 тоотод оршин суух, Боржигон овогтой Батбаярын Солонго РД:ЦБ84062967/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 хороолол, Хөгжил хотхон 25-3-909 тоотод оршин суух, Боржигон овогтой Батбаярын Одхүү /РД:ЦБ86040574/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 хороо, Өлзийт бурхантын 5-862 тоот, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэрийн гудамж, 101 байр, 39 тоотод оршин суух, Цагаан сүүлт овогтой Улаанхүүгийн Батхүү /РД:УЕ84100112/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороо 171Д-04 тоотод оршин суух, Цагаансүүлт овогтой Улаанхүүгийн Батжаргал /РД:УД89060506/ нарт холбогдох,

 

хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэл, хариуцагч У.Батхүү, У.Батжаргал, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Хан-уул дүүрэг, Өлзийт хороолол, 14 хороо Бурхантын 5 хэсэг 2 гудамж, Н.Оюунгэрэл 861 тоот 699 мкв газрыг, Б.Одхүү 862 тоот 699 м газрыг, Б.Солонго 863 тоот 700 мкв газрыг өмчилдөг.  Бид өөрсдийн өмчлөлийн газруудаа 2006 онд эзэмшиж байгаад 2008 онд Нийслэлийн Засаг даргын  254 тоот захирамжаар өмчилж, эрхээ баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэн 53994, 53993, 53992 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн газар дээр би дугуй зоосон байсан, урд айлдаа бид хашаагаа захиж үлдээсэн. Гэтэл урд айлаас танай газар дээр хүмүүс ирээд кадастрын зураг хийж байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд хариуцагч У.Батхүү байсан бөгөөд тухайн үед би энэ миний эзэмшлийн газар надад холбогдох бичиг баримт нь бүгд байгаа гэж хэлж явуулсан. Дараа нь дахин ирж манай хашаанд ирж байгууламж хийж байна гэж урд айлын хүн хэлсэн. 2012 онд У.Батхүү уулзъя гэж хэлсэн, би тухайн үед хариуцагч У.Батхүү нь эхнэрийн хамт ирсэн байсан. Тухайн газрын эзэмших өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан гэдгээ хэлэхэд хариуцагч У.Батхүүгийн эхнэр нь ойлгосон бололтой болохгүй юм байна гэж хэлж байсан. Дахин урд айлын хүн утсаар ярьж танай газар дээр худаг гаргаж байна гэж хэлсэн бөгөөд намайг очиход худаг барьж байсан. Бид 2014 оны зун газраа эргэж очтол хариуцагч У.Батхүү, У.Батжаргал нар бидний өмчлөлийн газар дээр өөрийн дураар хашаа байшин, вакум цонхны үйлдвэр барьсан байсан. Өмнө нь удаа дараа гэр барьсан байхад нь очиж бидний газар гэдгийг мэдэгдэж байсан ба хариуцагч нар мэдсээр байж, бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар ашиглаж байшин барьсан. Бид У.Батхүүтэй уулзаж, бидний өмчлөлийн газар, нэн даруй чөлөөлж, өмчлөлийн газар дээрх хууль бус үйлдлээ зогсоож, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд минь саад болохгүй байхыг удаа дараа шаардсан өнөөдрийг хүртэл газрыг минь чөлөөлж өгөөгүй байна. Мөн Хан-уул Газрын албанаас удаа дараа албан шаардлагыг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч бидний өмчлөлийн газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, бусдын өмчлөлийн газартай давхцаагүй нь Газрын Харилцаа, Зураг зүйн газрын 2014.08.07-ны өдрийн 2/1054 тоот хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байгаа. Иймд бусдын хуулиар олгогдсон газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа У.Батхүү, У.Батжаргал нараас бидний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүүгийн хамт Хан-уул Өлзийт хороолол, 14 хороо Бурхантын 5 хэсэг 2 гудамж, 862а, 863а дугаар газрыг кадастрын зургийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээтэй, өөрийн газарт хувийн байшин, сууц барьсан. Гэтэл Н.Оюунгэрэл наад газар чинь миний газар, гэх мэтээр хэрүүл маргаан хийж, бидний амгалан тайван байдал, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулаад байна. Би 2011 онд кадастрын зураг хийлгэсэн. Манай урд талд гахай тэжээдэг айл байдаг. Энэ газрыг шалгуулж 2011 онд дахин кадастрын зураг хийлгэж гэрчилгээ авсан байгаа. Би хашаа барьж дээр нь агуулахын зориулалттай үйлдвэрийн 8х8 хэмжээтэй 2 давхар байшин барьсан. Би 2012 онд билүү 2013 онд нэхэмжлэгчтэй очиж уулзсан гэхдээ эхнэртэйгээ биш, ганцаараа очиж уулзсан бөгөөд тухайн үед У.Батхүүгийн газар нь энэ, Н.Оюунгэрэлийн газар нь энэ гэж тайлбарлаж өгч байсан. Би кадастрын зураг болон хэмжилт хийлгэсэн. Би тухайн газар цахилгаан татуулсан бөгөөд гэрчилгээ байхгүй бол цахилгаан татаж өгдөггүй. Үл хөдлөх хөрөнгийн 2 гэрчилгээтэй, хамгийн эхэнд кадастрын зураг болон гэрчилгээг нь үндэслэж дээрх ажиллагааг хийж өгдөг. Үүнд хугацаа их орсон. Анх кадастр хийлгэхэд манай урд талын гахайтай айл модон хашаатай байсан, дараа нь байшингаа барихад блокон хашаа барьсан байсан тул хашаанаас нь 50 метр орчим зай аваад байшингаа барьсан. Гэхдээ би газраа хэмжихдээ урд айлаасаа хэмжээгээ авсан, хэрэв буруу хэмжсэн бол манай урд айл хашаагаа буруу хатгасан байсан байж магадгүйг зургийг хараад сая тэгж бодлоо гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл, Б.Одхүү, Б.Солонго нар нь У.Батхүү, У.Батжаргал нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ манай өмчлөлийн газарт хууль бусаар байшин барьсан гэж, хариуцагч нар нь кадастрын зураг болон хэмжилт хийлгэсэн, үүнийг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн 2 гэрчилгээ авсан, газраа хэмжихдээ урд айлаасаа хэмжээгээ авсан, хэрэв буруу хэмжсэн бол манай урд айл хашаагаа буруу хатгасан байсан байж магадгүйг гэж тайлбарлан маргав.

 

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 254 дугаар захирамжаар Хан-уул дүүрэг, Өлзийт хороолол, 14 хороо, Бурхантын 5 хэсэг, 2 гудамж, 861 тоот 699 м2 газрыг Н.Оюунгэрэл, 862 тоот 699 м2 газрыг Б.Одхүү, 863 тоот 700 м2 газрыг Б.Солонго нарт эзэмшүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нар нь 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 53994, 53993, 53992 дугаар гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

Хариуцагч У.Батхүү, У.Батжаргал нар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/223 захирамжаар Хан-уул дүүрэг, Өлзийт хороолол, 14 хороо, Бурхантын 5 хэсэг, 2 гудамж, 862а тоот 700 м2 болон 863а тоот 700 м2 газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн, Газар эзэмших 384856, 384857 дугаар гэрчилгээг 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.

 

Зохигчийн хэрэгт хавсаргасан газрын байршлын кадастрын зургаар Н.Оюунгэрэл, Б.Одхүү, Б.Солонго нарын 861, 862, 863 тоот өмчлөлийн газартай хариуцагч У.Батхүү, У.Батжаргал нарын 862а, 863а тоот эзэмшлийн газар нь давхцаагүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан ба шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргасан “Дэгжих дэмиуржи” ХХК-иар хийлгэсэн өөрсдийн өмчлөлийн газар дээр барьсан хашааг өмчийн газрын кадастртай давхцуулсан зургаар нэхэмжлэгч Н.Оюунгэрэлийн өмчлөлийн газрын 96.5 м2, Б.Одхүү, Б.Солонго нарын тус бүрийн өмчлөлийн 700 м2 талбайд тус тус хариуцагч нар нь хашаа, үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь нотлогдож байх тул хариуцагч нарыг хууль бусаар бусдын газрыг эзэмшигч гэж үзнэ.

 

Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзал үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй буюу үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагын хэмжилтийг үндэслэн өөрсдийн хууль ёсны эзэмшлийн газарт барьсан талаар баримтыг гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч У.Батхүү нь кадастр хийлгэхэд урд айл модон хашаатай байсан, байшингаа барихад блокон хашаа барьсан байсан тул хашаанаас нь 50 метр орчим зай аваад байшин барьсан, буруу хэмжсэн бол урд айл хашаагаа буруу хатгасан байж магадгүй гэж тайлбарлаж байгаагаас бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд Хан-уул дүүрэг, Өлзийт хороолол, 14 хороо, Бурхантын 5 хэсэг, 2 гудамж, Н.Оюунгэрэлийн өмчлөлийн 861 тоот 699 м2, Б.Одхүүгийн өмчлөлийн 862 тоот 699 м2, Б.Солонгын өмчлөлийн 863 тоот 700 м2 газрыг хариуцагч У.Батхүү, У.Батжаргал нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Цагаансүүлт овогтой Улаанхүүгийн Батхүү /РД:УЕ84100112/, Цагаансүүлт овогтой Улаанхүүгийн Батжаргал /РД:УД89060506/ нарын хууль бус эзэмшлээс Хан-уул дүүрэг, Өлзийт хороолол, 14 хороо, Бурхантын 5 хэсэг, 2 гудамж, Н.Оюунгэрэлийн өмчлөлийн 861 тоот 699 м2, Б.Одхүүгийн өмчлөлийн 862 тоот 699 м2, Б.Солонгын өмчлөлийн 863 тоот 700 м2 газрыг тус тус чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ