Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 212/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

-улсын яллагчаар А.Азжаргал

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан

-шүүгдэгч Ц.Пн нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Пнд холбогдох эрүүгийн 2034000410212 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Пн нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байх иргэн Ш.Одсүрэнгийн гэрт архидан согтуурч, улмаар Ш.Одсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг нүүрэн тус газар болон цээжин хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дэвсэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Пн мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ш.Одсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 6-11 тал/, гэрч Ц.Бямбадолгорын мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/, гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 18 тал/ гэрч Ц.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/, гэрч Ц.Пнгийн мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Ш.Болдсайханы мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, гэрч З.Мөнхчулууны мэдүүлэг /хх-ийн 28, 29-30, 36-38, 41-43 тал/ болон шүүгдэгч Ц.Пнгийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Пн нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байх иргэн Ш.Одсүрэнгийн гэрт архидан согтуурч, улмаар Ш.Одсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг нүүрэн тус газар болон цээжин хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дэвсэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1081 дугаартай: “...1.Ш.Одсүрэнгийн биед баруун 2-3-4-р хавирганы гурвалсан хугарал, 5-р хавирганы хоёрлосон хугарал, 6-7-р хавирга, зүүн 3-4-8-9-10-р хавирганы хугарал, цээжний хөндийн баруун талд хий хуралт, баруун уушигны авчилт, хамар ясны хугарал, нүүр хүзүү их бие мөчдөд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт./хх-ийн 36-38 тал/
  • Хохирогч Ш.Одсүрэнгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 60 тал/
  • Хохирогч Ш.Одсүрэнгийн эмчилгээний карт, хохирлын баримтууд /хх-ийн 88-91 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 50 тал/
  • Хохирогч Ш.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 сарын 31-нд эхнэр Бямбадолгор, Пүрэвсүрэнгийн адуучин Мөнхнасан нарын хамт гэртээ байж байтал манай баз хүргэн Пүрэвдорж эхнэрийн хамт манай гэрт ирээд хоол идээд би авдарт байсан хараа нэртэй 0,5 гр архи гаргаж иртэл би уухгүй машин барьж яваа гээд уугаагүй. Би тэр архинаас 2 татаад байж байтал Пүрэвсүрэнгийн адуучин Мөнхнасан нэг шил оргилуун дарс гаргаж ирээд манай эхнэр бид 3 хувааж уугаад байж байтал удаагүй утас дуугараад Пүрэвсүрэн Мөнхнасантай утсаар яриад байсан. Тэгтэл манай хүнээс Мөнхнасан Пүрэвсүрэн ах ирнэ гэнэ захих юм байна уу эгч гэж асуутал 1 торт аваад ир гэж байсан. Тэгтэл удаагүй хотоос Пүрэвсүрэн эхнэр Мөнхцэцэг мөн 2 хүүхэд нь бас нэг танихгүй залуутай 5-лаа орж ирсэн. Манай хүн хоол хийж өгөөд цай уугаад дуусаад Пүрэвсүрэн машинаас Хараа нэртэй 0,5 граммын 1 шил архи, 0,75 гр 2 шил Хараа архи оруулж ирээд Пүрэвсүрэн, Мөнхнасан, Мөнхцэцэг манай эхнэр танихгүй залуу бид хэд хувааж уусан. Тэгээд 2020 оны 01-р сарын 01-ний 01 цагийн үед маргалдаж эхлээд намайг заамдан гал дээр түлхэж унаган намайг нүүр нүдгүй балбаад миний дээрээс дэвслээд зодоод эхэлсэн. Би зодуулж байхад миний уусан архи гарч “за ахын дүү одоо боль ах нь зодуулж дийлэхгүй юм байна” гэж хэлтэл миний цээжнээс базаад мөн 2 хөхнөөс зулгааж татаад байсан. Миний ухаан балартаад хэвтэж байхад Пүрэвсүрэнгийн охин нь “ааваа та хүн алчихлаа” гээд ээжээсээ зуураад орилоод байсан. Цуг ирсэн найз гээд байгаа залуу нь намайг зодуулж байхад хараад суугаад байсан. Эхнэр Мөнхцэцэг нь орон дээр хараад суугаад байсан. Тэгтэл гаднаас манай эхнэр орж ирээд “та нар арай ч дээ ингэж зодоод байхдаа яахав дээ” гээд намайг босгосон. “За эгчээ би ахыг арай дэндүү зодсон байна намайг уучлаарай” гээд байсан. Би орондоо хэвтэж байтал 2020 оны 01 сарын 01-ний үдээс хойш Пүрэвсүрэн Цагаан хөтөл яваад ирлээ гээд 1 шил Улаанбаатар архи 3-н ширхэг өвчин намдаах эм толгойны эм барьж ирээд надад өгсөн. Би эмийг нь уусан. Тэгсэн надад архи задлаад хийж өгөхөөр нь би уугаагүй. Тэгсэн “ах дүүгээ уучлаарай арай л дэндүүлсэн байна дүү нь таныг” гээд хажууд суугаад байсан. Би эм уугаад арай гайгүй болохоор нь босоод гадаа гарч бие засаад гайгүй явчих юм шиг санагдаад байхаар нь хөрш айлын Цогтбаатарын гэрт очиж цагдаа дуудуулсан...Бид хоёр малын өвснөөс болж маргалдсан. Намайг 11-н сард мөн л малын өвснөөс болж зодсон, тэр үед манай эхнэр Бямбадолгор Мөнхнасан тухайн үед хамт байж байгаад салгасан...миний 8 хавирга хугарч баруун уушиг агшсан цус хуралттай хий орсон байна гэсэн хариу гарсан...Эмчилгээний хохиролд 5 сая төгрөг бэлнээр өгч барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Эмчилгээ хийлгэсэн зардал мөнгө бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-11 тал/
  • Түүний гэрчээр өгсөн: “...Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Хуучин Баянцогт гэх газарт байрлах Бат-Эрдэнэ гэдэг хүний жуулчны баазад сахиул хийдэг. Манай эхнэр жуулчны баазын хойд талд Цог-Эрдэнэ гэдэг хүний үхрийн ферм дээр 12 бяруу малладаг. Манай эхнэрийн ажилладаг үхрийн ферм дээр 2 сарын өмнөөс Цог-Эрдэний хүүхдийн найз гэх Пүрэвсүрэн гэдэг хүн 20 тооны адуугаа авч ирээд адуугаа хариулуулахаар Мөнхнасан гэдэг хүнийг манайд үлдээсэн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвсүрэн нь адуугаа эргэж ирэхээр нь би “адууныхаа өвс тэжээлийг бэлдэж өгөөч” гэхэд “танд хамаа байхгүй” гээд намайг 2 удаа алгадсан.12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээ тэмдэглэх гээд Пүрэвсүрэн нь эхнэр хүүхэдтэйгээ Мөнхнасан, найз гээд нэг залуутай манайд орж ирээд баяр тэмдэглээд архи дарс уугаад суусан. Би тухайн үед нилээд архи уучихсан байсан ба тэр архины халуундаа Пүрэвсүрэнд “та нар энэ адууныхаа өвс тэжээлийг бэлдэж өгөөч” гэхэд Пүрэвсүрэн намайг толгой түрүүгүй зодож цохисон. Намайг сууж байхад өшиглөөд би гал дээр цээжээрээ унаж түлэгдсэн. Тэгээд миний хөхнөөс зулгааж тамлаж зовоосон...Пүрэвсүрэн эхлээд намайг сууж байхад гал руу өшиглөж унагаасан. Тэгэхэд миний цээж түлэгдсэн. Дараа нь миний хөхнөөс зулгаагаад цээжин дээр дэвсээд толгой чих рүү цохиод хөлөөрөө дэвссэн. Миний хүзүүгээр боогоод цээж гар гээд бүсэлхийнээс дээш эрүүл юм үлдээгүй. Мөн өвлийн хүйтэнд намайг гадаа үүдний амбаарт хоёр цаг гаран гадаа зогсоосон...Миний цээж түлэгдсэн, хоёр чих, хоёр гар хайрагдсан, шалбарч гэмтсэн. Тохой, нүүр, хүзүү, гэдэсний хэсгээр гэмтсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14 тал/
  • Гэрч Ц.Бямбадолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орой миний ажилладаг Цог-Эрдэнэ гэдэг хүний фермд адуугаа маллуулж байгаа Пүрэвсүрэн гэдэг хүн эхнэр хүүхэдтэйгээ нэг танихгүй залуутай хамт манайд ирээд адуу малаа эргэсэн. Тэр хүмүүс шинэ жилийн баяр болж байна гээд манайд архи уугаад сууцгаасан. Тэгээд сууж байхад манай нөхөр Одсүрэн та нар энэ маллуулж байгаа адуундаа өвс тэжээл авч өгөлдөө гэхэд Пүрэвсүрэн манай хүнийг “чамд ямар хамаатай юм пизда минь” гээд толгой руу нь гараараа цохисон. Манай нөхөр унангуут нь цээж рүү өшиглөсөн. Тэр хоёр тэндээ хоорондоо маргалдаж нилээн байж байгаад манай нөхөр гарч бие засаад орж ирээд галын урд талын сандал дээр суусан. Тэгээд сууж байхад нь Пүрэвсүрэн сууж байсан сандлыг нь өшиглөхөд цээжээрээ гал дээр унасан.Тэрнээс хойш би болсон асуудлыг нэг их сайн санахгүй байна...Пүрэвсүрэнгийн адуунд үхрийн фермийн өвсийг тавьж өгөөд байсан. Тийм болохоор манай нөхөр Одсүрэн Пүрэвсүрэнд “адуундаа өвч, тэжээл авч өг тэгэхгүй бол фермийн эздүүд нь ирээд бид нарт уурлана” гэж хэлсэн. Тэрнээс болж манай нөхрийг зодсон...Манай нөхрийг Пүрэвсүрэн толгой цээж рүү цохисон. Мөн гал дээр унагааж цээжийг нь түлсэн...Манай нөхөр Одсүрэн, Пүрэвсүрэн хоёр хоёулаа нилээн согтсон байсан...бид хэд ширээ засаад ууж идээд байж байгаад бүгд халж эхлээд юм ярьцгааж байсан чинь миний сахиул хийдэг баазын эзэн “очиж байна гал түлээд байж бай” гэхээр нь би гал түлэх санаатай яваад өгсөн. Би галаа түлээд иртэл манай нөхрийг зодсон байсан. Намайг ирсэний дараа өшиглөж унагаагаад мөн сандал дээр сууж байхад нь сандлыг нь өшиглөж унагасан тэр үед зуух руу унасан. Тэгээд унаад босох гэтэл дээрээс нь дэвслээд байсан манай нөхрийг” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/
  • Гэрч Б.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 01 сарын 01-ний орой гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байтал Одсүрэн үдээс хойш цагийг нь санахгүй байна манай гэрт орж ирээд хүнд зодуулсан гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би болсон талаар нь асуугаад биеийг нь үзтэл хоолой нь боолгосон байдалтай зулгарсан нүүр нь шалбарчихсан чих нь хөлдсөн цээж нь түлэгдсэн байдалтай байсан...Манайд орж ирэхэд эрүүл байсан...Одсүрэн тухайн үед манайд байдаг адуучин залуугийн ах нь намайг зодсон гэж ярьж байсан...Тухайн үед дээрх хэлснээс өөр гэмтэл анзаараагүй цээж өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 тал/
  • Гэрч Ц.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Пүүжээ ах Одсүрэн ахын хөхнөөс нь базаад нуруу руу нь цохисон...”, дахин өгсөн: “...Пүрэвсүрэн ах уурлаад Одсүрэн ахын цээжний хөхнөөс нь чимхээд татсан мөн хүзүү рүү нь гараараа 2 удаа цохисон би яг аль хэсэг рүү нь цохисныг би сайн санахгүй байна ямар ч л байсан Пүрэвсүрэн ах Одсүрэн ахыг зодсон тэгээд зодуулаад унахдаа цээж баруун билүү зүүн хэвлий цээж хавиараа ширээний өнцөг мөргөөд унасан тэгээд Одсүрэн ах “чи намайг зодлоо” гэж Пүрэвсүрэн ахад хэлээд гэрээс гараад үүдэнд нүүрээрээ газар унаад нүүрээ шалбалчихсан тэгээд эргэж гэр лүү орж ирээд пийшин дээр унаад цээжээ түлчихсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-25 тал/
  • Гэрч З.Мөнхчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одсүрэн гэх хүнийг мөөмнөөс нь базаад Одсүрэнгийн цээж рүү Пүүжээ гэх залуу 2-3 удаа цохиход Пүүжээгийн хүүхэд “ааваа та хүн зодоод байна” гээд уйлаад байсан...Одсүрэн орон дээрээс босоод пийшингийн тийшээ явсан чинь Пүүжээ Одсүрэнгийн араас нь очоод барьж аваад мөөмнөөс нь базаад байсанг харсан...Би нилээн согтуу байсан...Би мэдэхгүй нэг мэдсэн маргалдаад эхэлсэн Пүүжээ Одсүрэн гэх хүнийг мөөмнөөс нь базаад байсан. Мөн цээж рүү нь 2-3 удаа хоёр талаас нь алгадаж байсан...”, дахин өгсөн: “...Пүрэвсүрэн Одсүрэнгийн цээж рүү нь 2-3 удаа гараараа цохисон цээжнийхэн махнаас чимхэж шувтраад байсан ямар ч л байсан Одсүрэнг Пүрэвсүрэн зодсон би бас өөрөө согтуу байсан болохоор яг тодорхой нарийн санахгүй байна миний санаж байгаа харсан зүйл бол энэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 тал/
  • Гэрч Ш.Болдсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 01 сарын 02-нд дуудлагын жижүүрийн эмчийн ажилтай байхад 02 цагийн үед хүнд зодуулсан хүн ирсэн байна гэсэн. Миний анхны үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, нүүр хүзүү зулгарсан, цээж болон гарын ар хэсэг түлэгдсэн, цээж дарахад хөндүүрлэн өвдөлттэй байсан...Би асуухад хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 тал/
  • Гэрч Г.Амармөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ГССҮТ-н өдрийн ээлжинд хүлээн авах эмчээр ажиллаж байхад 54 настай эрэгтэй Ш.Одсүрэн гэх хөдөөнөөс ирсэн яасан гэж асуухад 2-3 хоногийн өмнө унасан гэж хэлж байсан. Тухайн үед манайх ачаалал ихтэй байсан болохоор та толгой цээжний зураг авахуулаад ир гээд түлэгдсэн хэсэгт нь мөнгөжүүлсэн тос түрхэж боолт хийж өгөөд рентген зураг авахуулаад ир гээд явуулсан...Одсүрэн гэх хүн зургаа авдахуулаад над дээр ирсэн...цээжний зурганд нэг хавирга хугаралтай бага зэрэг зөрүүтэй, 3-4-р хавирга, мөн зөрүүгүй хугаралтай 5-6-р хавирга нь зөрүүгүй хугаралтай, зүүн талын 7-8-р хавирга зөрүүгүй хугаралтай гарсан. Толгойн зургаар илэрхий гэмтэл тогтоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
  • Шинжээч О.Болороогийн: “...Тухайн ил харагдах шарх нь нүүр хүзүү, их бие мөчдөд зулгаралт цус хуралт тогтоогдсон...”, “...Хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Харин цээж болон баруун, зүүн тохой зүүн бугуйнд үүссэн түлэгдсэн гэмтлүүд нь өндөр хэмжийн үйлчлэлээр үүсэх боломжтой...Одсүрэн гэх хүний баруун 2,3,4,5 хавирганы хоёрлосон болон гурвалсан хавирганы хугарал уналтаас үүсэх боломжгүй. Тухайн хүний хавирганы хугарал өөр өөр түвшинд байрлах хугаралтай хавирганууд нь дандаа хоёрлосон гурвалсан хугаралтай болохоор уналтаас үүсэх боломжгүй. Зүүн талын 3,4,8,9,10-р хавирга мөн дан хугаралтай уналтаас үүсэх боломжгүй олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...Хамар ясны хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уналтаас үүсэх боломжтой гэмтэл...Хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Мохоо зүйл гэдэг нь гараар цохих, хөлөөр өшиглөх гэх мэт зүйлийг ойлгож болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41- 46 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

         Шүүгдэгч Ц.Пнгийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.Пн нь хохирогч Ш.Одсүрэнг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд Ц.Пнгийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Пнг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хохирогч Ш.Одсүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “..хохирол барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ц.Пн нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ц.Пнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “Шүүгдэгч Ц.Пн нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Пнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Пнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Пн нь “Ногоон өндөрийн хишиг” ХХК-нд туслах ажилчин, малчинаар ажилладаг, түүний төрсөн эгч болох Ц.Бямбасүрэн нь Барс худалдааны төвд нарийн ногоо, амтлагчийн худалдааг 2003 оноос тасралтгүй түрээслэж байгаа, Ц.Пн нь эгч Ц.Бямбасүрэнгийн туслах ажилтнаар ажилладаг бөгөөд торгуулын ялыг биелүүлэх боломжтой болох нь хэрэгт авагдсан Ц.Бямбасүрэнгийн “...миний дүү Пүрэвсүрэн нь 2008 оноос өнөөг хүртэл надад туслах ажилчнаар ажиллаж сар бүр 700.000 төгрөгийг цалин авдаг тул торгуулын ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх хүсэлт /хх-ийн 157/, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №02/33 дугаартай “Ногоон өндөрийн хишиг” ХХК-ны албан бичиг /2-р хх-ийн 18/, Ц.Бямбасүрэнгийн Хаан банк дахь депозит дансны харилцагчийн хуулга зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Пнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Пн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.Пнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Пнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 \арван нэгэн сая\ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пнд оногдуулсан арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/  төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пнд арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Пн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА