| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 101/2017/01531/И |
| Дугаар | 183/ШШ2017/01543 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/01543
2017 оны 06 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2017/01543 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Их тойруу, Логос оффис 302 тоот, “АБТС ББСБ” ХХК-ийн /РД:2674769/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 хороо, Өлзийт бурхантын 5-862 тоот, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэрийн гудамж, 101 байр, 39 тоотод оршин суух, Цагаан сүүлт овогтой Улаанхүүгийн Батхүүд /РД:УЕ84100112/ холбогдох,
гэрээний үүрэгт 131.857.500 /нэг зуун гучин нэгэн сая найман зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, хариуцагч У.Батхүү, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас У.Батхүү нь 2015 оны 5 сарын 25-ны өдөр 64 дугаар зээлийн гэрээг байгуулан 80,000,000 тегрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн үүргийн баталгаа болгон 000-370599 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206040632 дугаартай Хан-Уул дүүргийн 14 хороо, Бурхант 5-2 гудамж 863 а тоотод байрлах 96 м2 талбайтай хувийн сууц, 000-370600 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206040637 дугаартай Хан-Уул дүүргийн 14-р хороо, Бурхант 5-2 гудамж 863а тоотод байрлах 312 м2 талбайтай агуулах, 0-384857 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Хан-Уул дуүргийн 14-р хороо, Бурхант 5-2-863а тоотод байрлах 700 м2 газар зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 2,607,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээл авснаас хойшх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Манай байгууллагаас зээлийн төлбөрөө төлөхийг утсаар холбогдож шаардсан, ирж уулзсан, бичгээр мэдэгдсэн боловч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахгүй байна. Иймээс 64 дугаар Зээлийн гэрээний 2.1.10-т “ноцтой зөрчил" гэж зээлдэгч зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн хүү төлөх хуваарьт хоёроос дээш удаа хэтрүүлснийг ойлгоно” гэж, гэрээний 6.2.4.4-т “зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” бол зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, ундсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхийн дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 451.1-т “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасныг болон 87 дугаар Зээлийн гэрээг үндэслэн зээлдэгчээс үндсэн зээл 80 сая, хүү 43.200.000, нэмэгдүулсэн хүү 8.640.000, нотариатын зардал 17.500, нийт 131.857.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд 80 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авсан. Зээлийг барилгын материалын үйлдвэрлэн барилгад нийлүүлсэн боловч тухайн үеэс одоог хүртэл төлбөр мөнгөө төлөөгүй учраас зээлийн төлөлт хойшлогдсон. Иймд одоогийн үүссэн нөхцөл байдлыг хурдан хугацаанд шийдвэрлэж чадахгүйд хүрээд байна. Нэхэмжлэгч талын төлбөрийг өөрийн эзэмшлийн агуулахын байр, 8х8 байшин, газрын хамт худалдан борлуулах, нэг бол тухайн обьектэд үхрийн ферм үргэлжлүүлэн эхлүүлж явуулах, сар бүрийн эргэн төлөлтөө төлөх боломж байгааг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх газар нь Оюунгэрэл, Одхүү нарын газартай хойд хэсгээрээ давхцаж байгаа тул давхацсан хэмжээгээр арилгуулж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай “АБТС ББСБ” ХХК нь У.Батхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 131.857.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч У.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч болно гэж, 106.5-д ийнхүү зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй бол хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул У.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 817.237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч У.Батхүү нь “АБТС ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт 131.857.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул У.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 817.237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс гаргуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ