| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0310/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/360 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/360
2018.03.16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Т.З /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ямаачин овогт Төмөрийн Т.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0336 40292 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ямаачин овогт Төмөрийн Т.З, 1981 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*************/,
Шүүгдэгч Т.З нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны нийтийн байранд иргэн М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 1 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч М.Шинэтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Энхсувдын гэрт 2 дахь удаагаа очиж байгаа юм. Тэгээд түүний амьдардаг өрөөнийх нь хаалгыг цохиод орсон чинь Энхсувд байхгүй. Нэг залуу хаалга тайлсан бөгөөд би түүнээс Энхсувд хаана байгаа юм бэ гэж асуусан чинь үгийн зөрүүгүй шууд намайг цохиод, гэртээ татаж оруулаад зодсон. Гэрт нь Соко гэх эмэгтэй хүүхэдтэйгээ байсан. Би тэр хүмүүсийн талаар сайн мэдэхгүй. Тухайн хүнийг тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №14264 дугаартай дүгнэлт:
Гэрч О.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад 2 хүүхдээ цэцэрлэгээс аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны 6 тоотод түр оршин суух найз Энхүүшийнд очсон. Тэгээд яриад сууж байгаад Энхүүшийн утас дуугараад найз нь гялс гарчихаад ирье гэж хэлээд 23 цаг өнгөрч байхад гарсан. Т.З болон 2 хүүхдийнхээ хамт унтаж байхад хаалга нүдээд, балбаад согтуу эрэгтэй хүн хашгираад Энхүүшээ хаалга тайл гээд чарлаад байсан....хэнтэй хаашаа явсан Зоригоотой хамт явсан ууЮ гэж хэлээд орилоод байхаар нь унтаж байсан Т.З орон дээрээс босож хүрч ирээд би Т.З байна гэж хэлэхэд сүүлд нэрийг нь мэдсэн Шинэтөр гэдэг залуу “би Энхүүшийн найз залуу байна, найз охиноо авах гэж ирлээ” гэж хэлээд согтуурхаад эхэлсэн. Хоорондоо барьцалдаж аваад Т.З Шинэтөрийг гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Т.З гартаа юм бариагүй. Дандаа нүцгэн гараараа цохьсон...” гэх мэдүүлэг. /хх-26/,
Яллагдагч Т.З мэдүүлэхдээ: “...Тэгээд би тэр залууг явахгүй болохоор нь учирлаж хэлэхэд наад хаалгаа тайлж гээп хашгираад хаалга үүд ханз татчих гээд цамнаад байхаар нь хаалгаа нээгээд хартал жижигхэн шар, дэлдэндүү нөхөр байсан. Яах гээд байгаа талаар асуухад Энхүүш гээд танил эмэгтэйгээ нэхээд байхаар нь би хэлсэн. Энд тийм хүн амьдардаггүй, тэгээд ч тэр хүнийг бараг танихгүй, тэгээд ч алга гэж хэлэхэд чи яахаараа танидаггүй юм, Зоригоо гэгч нь хаана байна гээд байхаар нь би тэр Зоригоо чинь байна гэж хэлэхэд өө чи байсан юм уу гэхээр нь би яасан юм, тэгээд гэж асуухад...аль түрүүн нэг охин гараад явсан. Манай Сокогийн танил байж магадгүй гэж хэлсэн...би өрсөөд нүүр рүү нь гараараа атгаж байгаад зүүн нүд рүү нь хэд хэд, хамар руу нь хэд хэдэн удаа цохиж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг. /хх38-39/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.З нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны нийтийн байранд иргэн М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.З нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гэм буруутай этгээдэд гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ямаачин овогт Төмөрийн Т.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Зыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Зт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Т.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР