Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/01586

 

2017 оны 07 сарын 04 өдөр

     Дугаар183/ШШ2017/01586                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян Өндөр сум, Амарын талбай-1 байрлах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /РД:2074192/ нэхэмжлэлтэй, 

 

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Грийн вилла, хотхон 208 дугаар байр, 103 тоотод оршин суух, Тайжийнхан овогтой Жамбалын Мягмаржаргалд /РД:ЧВ63112238/ холбогдох,

3.751.269,58 ам доллар буюу 6.327.453.964 /зургаан тэрбум гурван зуун хорин долоон сая дөрвөн зуун тавин гурван мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн, 1.222.419 ам доллар буюу 2.376.675.916 /хоёр тэрбум гурван зуун далан зургаан сая зургаан зуун далан таван мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, Д.Нямхүү, Д.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат /ШТЭҮ-0217/, прокурор Х.Батчимэг, шинжээч Д.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гонконг улсад бүртгэлтэй байсан “Хенлон” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2005 оны 5 сарын 24-ний өдөр 10,000 тонн  ган бөмбөлөг 5.200.000 доллароор нийлүүлэх тухай H-L240305 тоот гэрээ, 2006 оны 6 сарын 23-ны өдөр 10,000 тонн ган бөмбөлөг 5.150.000 ам доллараар нийлүүлэх H-L230606/052327 тоот гэрээ тус тус байгуулж, “Хенлон” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 1.337.230,65 ам долларын бараа болон 439.130,07 ам долларын бараа нийлүүлээгүй тул гэрээний 6.1-т зааснаар нийлүүлээгүй барааны өртгийн 8 хувьтай тэнцэх торгууль 106.978.452 ам доллар, 35.130.405 ам.доллар болж байгаа юм. Эдгээр 2 гэрээний үлдэгдэл ган бөмбөлгийн нийт үнэ 1.776.360,72 ам.доллар, торгууль 142.108.857 ам.долларын хамт 1.918.468 ам доллар,

- Гонконг улсад бүртгэлтэй байсан “Гриет глобал интернейшнл” ХХК-ийн нэрээр Ерөнхий захирал Ж.Мягмаржаргал 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх 3.160.000 ам долларын 2007/05-581 тоот гэрээ байгуулж урьдчилгаанд 1.580.000 ам доллар аваад гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.1-т зааснаар торгууль 252.800 ам долларын хамт 1.832.000 ам доллар, нийт 3.751.269,58 ам долларыг нэхэмжилж байна. Тухайн үед дээрх компаниудад ам доллар байршуулж түүнийгээ авахын тулд данс нээж улмаар татан буулгасан байдаг. Энэ нь Ж.Мягмаржаргалтай холбогдсон эрүүгийн хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Ж.Мягмаржаргалаас нийт 3.751.569,52 ам доллар буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны Монгол банкны ханшаар 1 ам доллар 1686.75 төгрөгт хөрвүүлж 6.327.453.964 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             Ж.Мягмаржаргал нь “Хенлон” ХХК болон “Гриет глобал интернэшнл” ХХК-ийг БНХАУ-ын Засаг захиргааны тусгай муж болох Гонконг улсад үүсгэн байгуулсан. Ж.Мягмаржаргалтай холбогдсон эрүүгийн хэргийн баримтад ЦЕГ-ийн УМБГ-т 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Гонконг улсын Aall & Zyleman компаниас ирүүлсэн албан бичигт дээрх компаниудын дүрмийг хүчингүйд тооцож үйл ажиллагааг нь зогсоосон, үүсгэн байгуулахад зуучилсан нарийн бичгийн үйлчилгээний төлбөр төлөөгүй, өөрөө хүсэлт гаргасан зэрэг байдлаас хамаарч компаниуд татан буугдсан. Энэ Ж.Мягмаржаргалын шууд санаатай үйлдэл байдаг. Иргэний хуулийн 186.1-д заасан нөхцөл байдал үүссэн тул манай компани түүнээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан. Түүнд үүргээ гүйцэтгэхэд нэмэлт хугацаа өгч, бүх талын боломжийг өгч байсан. Энэ нь удаа дараагийн уулзалт, манай явуулсан баримтуудаар нотлогдож байгаа. Мөн хуулийн 222.1-т зааснаар тэр үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс бидэнд дээрх шаардах эрх хуулийн дагуу үүссэн. Манай компани түүнтэй байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225.1-т зааснаар татгалзсан. Энэ нь түүнтэй удаа дараа уулзаж байсан протокол бусад баримтуудаар батлагддаг. Хариуцагч нь компаниудынхаа нэрийг ашиглан манай компанитай их хэмжээний урьдчилгаа төлбөртэй гэрээ байгуулж, улмаар урьдчилгаанд авсан мөнгөний тодорхой хувийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Компанийн дуусгалтын тайлан балансыг шүүхэд нотлох баримтаар хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Компанийн тухай хуулинд компани татан буугдсан ч бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагаас компанийн гүйцэтгэх удирдлага чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг хуульчлан заасан. Тэр компанийн субъектив эрхийг хэрэгжүүлэгч өөрөө захирал нь байсны хувьд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Иргэний хуулийн 243.1, 232.4 дэх заалт, Компанийн тухай хуулийн 9.5-т хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна, Компанийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах тухай эрх зүйн зохицуулалтыг Иргэний хууль болон бусад хуулийн заалтыг мөрдөнө гэж заасан тул Ж.Мягмаржаргал хариуцагч байх хууль зүйн үндэслэлтэй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тооцоо болон холбогдох баримтууд, “Далай ван” аудитын 2011.11.15-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012.04.16-ны өдрийн 063 тоот, 2014.09.02-ны өдрийн 123 тоот шижээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудаар “Хенлон” ХХК болон “Гриет глолбал интернэшнл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өглөгтэй болох нь бүрэн тогтоогдсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс тооцоо нийлэх тухай Ж.Мягмаржаргалд удаа дараа мэдэгдэж байсан ч янз бүрийн шалтгаан гаргаж, тооцооны үед үндэслэлгүй маргаан үүсгэх байдлаар тооцоо нийлэх баримтууд дээр гарын үсэг зурахаас санаатайгаар зайлсхийсээр өнөөг хүрсэн. КРМG олон улсын аудитын байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүд аудит хийж байх үед 2007 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дээрх 2 компани нь 2.8 сая ам.долларын авлагатай байсан мэт дансны үлдэгдэл тооцоон дээр харагдаж байгаа ч өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр лүү шилжүүлсэн 4.6 сая ам доллар нь Хенлон ХХК-ийн нэрийн өмнөөс шилжүүлснийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 2008 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн мэдээлэл эцэслэн тогтоож, тооцооны зөрүүтэй байдал нь баримтаар тогтоогдож, Хенлон ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК авлагатай нь хэрэгт өгсөн төлбөрийн баримтуудаар давхар нотлогдож байгаа. Ж.Мягмаржаргал гэрээнүүдэд заасан үүргээ гүйцэтгээгүй ба олон улсын зах зээл дээр төмрийн үнэ огцом өссөнөөс гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон гэх тайлбар хийж байгаа ч энэ тухайгаа нотолсон баримтгүй, төмрийн үнэ өссөнийг нотолдоггүй, ийм байдал үүссэн бол авсан мөнгөө буцааж, гэрээнээс татгалзах эрх нээлттэй байсан. Гэтэл авсан мөнгийг хувьдаа ашиглаж, зориулалтын бусаар зарцуулсан учраас дээрх учир битүүлэг тайлбар хийх болсон гэж бид үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Ж.Мягмаржаргалаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны санхүүгийн тайланд 2.812.419 долларын авлагатай байсан. 4.600.000 долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “Хенлон” ХХК-ний өмнөөс шилжүүлсэн. 4.600.000 долларыг Дарханы төмөрлөгийн тооцоон дээр бичсэн байж байгаад 2008 оны 6 сард Хенлон бүртгэлд бичсэн. 4.6 сая доллараас Хенлон” ХХК-д өгөх байсан 2.812.419 доллар хасч, 1.700.000 ам доллар гарч байгаа гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хувь хүний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулж байгаагүй учраас бидний хооронд өглөг авлагын асуудал, маргаан байхгүй. Миний бусад хүмүүстэй хамтран үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан “Хенлон” болон “Грийт глобал” компаниуд Эрдэнэт үйлдвэртэй 1996 оноос хойш ган бөмбөлөг болон бусад бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Түүгээр ч зогсохгүй манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авлагатай юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2007 оноос хойш очсон удирдлага улс төрийн болон эдийн засгийн сонирхлоор манай компаний үйл ажиллагааг саатуулах, маш их хэмжээний төлбөр төлүүлэх, өмнө байгуулсан гэрээнүүдийг цуцлах, өөр хүмүүст шилжүүлэх, улмаар намайг залилан мэхлэгч, Н.Энхбаярын хамсаатан болгохын тулд гэмт хэрэг зохиож Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар, АТГ-т өгч шалгуулан, анхан болон давж заалдах шатны шүүхээс олон жилийн хорих ял ногдуулсан. Харин УДШ-ээс компаниудын хоорондын өглөг, авлагын асуудлыг Эрүүгийн хэрэг гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан холбогдох хэсгийг хүчингүй болгосон. “Эрдэнэт үйлдвэр” XXК төлбөрөө төлөхгүйн тулд энэ бүхнийг зориудаар захиалж, улс төржүүлэн, зохион байгуулсан юм. Миний бие шүүхийн шийдвэр гарсны дараа суллагдан үйлдвэрийн удирдлага, ажил хариуцсан хүмүүстэй 3 удаа очиж уулзан тооцоо нийлж, асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч, тодорхой хариу хэлэлгүй өнгөрөөсөн. Намайг 2008 оноос эхлэн хуулийн байгууллагаар шалгуулж, цагдан хоригдож байх хугацаанд манай компаниудыг бүртгэлээс хассан. Ийнхүү манай компаний үйл ажиллагааг хүчээр зогсоож, миний компани төлөөлөх болон өр төлбөр нэхэмжлэх эрхийг хязгаарласан. Нэхэмжлэлд бичсэн тоонууд бүгд үндэслэлгүй. Тухайлбал “Хенлон” компанийг 2005.03.24-ны өдрийн Н-Л-240305 тоот гэрээний үүргээс 1.337.230,65 ам долларын ган бөмбөлөг дутуу нийлүүлсэн нь буруу. Уг нь 1.358.450.65 ам доллар юм. Энэ мөнгөнд тохирох ган бөмбөлгийг 2007.04.15-нд нийлүүлснийг үйлдвэр орлогод авсан. Манай компанийг 2006.06.23-ны Н-Л-230606/052327 тоот гэрээнээс 439.130,07 ам долларын ган бөмбөлөг дутуу нийлүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Тус үйлдвэр энэ тоог жингийн зөрүүнээс гаргасан. Манай компани энэ гэрээний дагуу ган бөмбөлгийг Наушка-ДАФ нөхцлөөр бүрэн нийлүүлсэн юм. Гэтэл барааг хүлээн авсны дараа өөрийн баталгаагүй жин дээр жигнэн энэ тоог гаргасан. Энэ тухай бид харилцан ярилцаж ойлголцсон ч, дахин яриад байгааг ойлгохгүй байна. 2 компанийн хооронд олон удаа гэрээ байгуулагдан ган бөмбөлөг болон бусад зүйлс нийлүүлэгдэж байсан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” тэдгээр гэрээнүүдээс нэг, хоёр гэрээг сугалан өглөг, авлага үүсгэснээс талуудын хооронд маргаан гарсан. “Хенлон” ХХК нь 2007 оны 10 сард тооцоо хийхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ямар нэг өргүй, авлагатай байсан нь 2007 оны 12 сарын 31-ний өдрийн олон улсын КРМG /”Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээтэй/ байгууллагын дүгнэлтээр баталгаажин, манай компанийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2.8 сая ам.долларын авлагатай гэдгийг тогтоосон. Энэ дүгнэлтийг үйлдвэрийн санхүүгийн болон мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг ба энэ тухайгаа мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэлд “Грийт глобал” компанийг 2007.10.24-ний 2007/05-581 тоот гэрээ байгуулж урьдчилгаанд 1.580.000 ам доллар авсан ч ган бөмбөлөг нийлүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Манай компани олон улсын зах зээл дээр төмрийн үнэ өссөнтэй холбоотой гадаадаас ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон байдлыг харгалзан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ган бэлдцийн үнэд Эрдэнэт үйлдвэрээс болон өөрийн хувьцааг эзэмшдэг “Хенлон Техинвет” компаниудаас /1.439.930 ам доллар/ урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлж, 17.312.418 тонн ган бэлдцийг 2007 оны 1 сараас 2008 оны эхний хагас жилд нийлүүлсэн. Энэ ган бэлдцээр 16.7 тонн ган бөмбөлөгийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” нь “Эрдэнэт металл” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авч, улмаар татан буулган өөрийн нэг цех болгосон байдлаа ашиглан 16.7 тонн ган бөмбөлгийг манай тооцоонд бүрэн оруулахгүйгээс өрөө төлөхгүй дээр ямар ч үндэслэлгүй төлбөр нэхэмжилдэг. “Эрдэнэт үйлдвэр” бэлтгэн нийлүүлсэн 16.7 тонн ган бөмбөлгөөс 4.2 тонн ган бөмбөлөг тооцоонд оруулахгүй байгаа учраас манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 1.5 сая ам.долларын авлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ган бэлдцийн үнэд Эрдэнэт үйлдвэрээс болон өөрийн хувьцааг эзэмшдэг “Хенлон Техинвет” компаниудаас /1.439.930 ам доллар/ урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлж, 17.312.418 тонн ган бэлдцийг 2007 оны 1 сараас 2008 оны эхний хагас жилд нийлүүлсэн. Энэ ган бэлдцээр 16.7 тонн ган бөмбөлөгийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” нь “Эрдэнэт металл” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авч, улмаар татан буулган өөрийн нэг цех болгосон байдлаа ашиглан 16.7 тонн ган бөмбөлгийг манай тооцоонд бүрэн оруулахгүйгээс өрөө төлөхгүй дээр ямар ч үндэслэлгүй төлбөр юм. 2 тусдаа гэрээ гэж нэхэмжлэгч хэлдэг ч 1 гэрээ нь ирсэн. Эрүүгийн хэргээс Мягмаржаргалын хэргийг тусгаарлаад хэрэгсэхгүй болосон. Олон улсын КРМG байгууллагын дүгнэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайланд Эрдэнэт үйлдвэр өртэй, “Хенлон” ХХК нь авлагатай гэдгийг тогтоосон. Гэрээг хэн байгуулсан, гэрээг байгуулж гарын үсэг зурсан гэх Чимэгбат, Баатарсүх нар байгуулаагүй гэж мэдүүлдэг. Гэрээний эх хувь хаана байна гэхээр татварт гэдэг, татвар нь байхгүй гэдэг, тэгэхээр эх хувь нь хаана байгаа нь мэдэгддэггүй. Миний үйлчлүүлэгчийн ярьснаар нэхэмжлэгч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сүүлийн гэрээний урьдчилгаанд авсан 1.580.000 ам долларыг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бусад хүмүүстэй хамтран үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан Хэнлон болон Грийт глобал интернейшнл компаниуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 1996 оноос хойш ган бөмбөлөг болон бусад бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Эдгээр компаниудын хооронд ган бөмбөлөг импортоор нийлүүлэх гэрээ байгуулагдаж байсан ба гэрээгээр Хэнлон компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2005 оны 5 сарын 26-ны өдрөөс 2005 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 20 удаагийн нийлүүлэлтээр 3.851.548 ам долларын өртөг бүхий 7387.6 тонн ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх явцад олон улсын зах зээл дээр төмрийн үнэ өссөнтэй холбоотой гадаадаас ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг үйлдвэрлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудтай харилцан тохиролцсон. Тохиролцооны дагуу Хэнлон компани нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 18000 тонн ган бэлдцийг нэг тонныг 380 ам доллараар худалдаж авахаар 2006 оны 11 сарын 22-ны өдөр 2006-41 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ган бэлдцийн төлбөрт Хэнлон компаниас 2006.11.28-ны өдөр 499.965 ам доллар, 2016.12.19-ний өдөр 200.000 ам доллар, 2007.03.19-ний өдөр 699.960 ам доллар, Техинвест компаниас 2007 онд 100.000 ам доллар тус тус Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-Л-230606/052327 тоот гэрээний дагуу Хэнлон компанид шилжүүлэх ган бөмбөлгийн урьдчилгаа төлбөр болох 4.600.000 ам долларыг “Хэнлон” компанийн өмнөөс ган бөмбөлөг, ган бэлдцийн төлбөрт гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. Ингээд Хэнлон компани Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 17,312,070 тонн ган бэлдцийг нийт 6.578.586,60 ам доллараар худалдан авч, 2006.12.05-ны өдрөөс 2016.07.28-ны өдрийн хооронд “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрт нийлүүлсэн. Бидний Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс худалдаж авсан 17.312,07 тонн ган бэлдцээр “Эрдэнэт металл” ХХК 16.842,04 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлснээр Хэнлон, Грийт глобал интернейшнл компаниуд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, авлагатай гарсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2007 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, олон улсын аудитын “КРМG” компанийн дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогчийн Хэнлон компани болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн албан бичиг зэрэг анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2007 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа 2007 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар Хэнлон компанид 2.802.419 ам долларын өглөгтэй гэж тусгасан. Энэхүү өглөгийг олон улсын аудитын “КРМО” компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх явцдаа баталгаажуулсан. Үүнийг үнэн зөв болохыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэн баталж гарын үсгээ зуран тамгаа дарж Хэнлон компани болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн. Хэнлон компани 2007 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 280.2419 ам.долларын авлагатай байхад “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгуулсан гэрээнүүдийн дагуу 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Хэнлон компанид шилжүүлж байсан. Бүрэн биелэгдэж, хаагдсан төлбөрүүдийг надаас нэхэмжилж байгаа учраас Хэнлон компанийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авах авлага 2.802.419 ам доллараас Грийт глобал интернейшнл компанийн 1.580.000 ам.долларыг хасч тооцон үлдэгдэл 1.222.419 ам долларыг Монголбанкны 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хаалтын ханш 1944.24 төгрөгөөр тооцож 2.376.675.916 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Олон улсын КРМG аудитаар баталгаажсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2007 оны 12 сарын 31-ний санхүүгийн тайланд тусгаснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-д 2.802.419,28 ам долларын өглөгтэй байсан ч 2008 оны 12 сарын 31-ний өдрийн КРМG олон улсын аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд “Хенлон” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 1.776.369,72  ам долларын өртэй болсныг баталгаажуулсан авлага нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-ийн өмнөөс Дархан төмөрлөгийн үйлдвэрт 4.600.000 ам доллар төлснөөс үүссэн. Энэ тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 4.6 сая ам доллараас 2.802.419,28 ам долларыг хасахад 1.797.580,75 ам долларын авлага гарах ба энэ дүнгээс Дархан төмөрлөгийн үйлдвэрийн “Хенлон” ХХК-д ачуулсан бэлдцийн өглөг 21.211 ам долларыг хасаж тооцсоноор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хенлон” ХХК-иас авах авлага 1.776.369,72 ам.доллар болж байна. “Хенлон” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь Дархан төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан 2006 оны 11 сарын 22-ны өдрийн 2006- 41 тоот гэрээгээр 17.312 тонн ган бэлдцийг тонн тус бүрийг 380 ам доллар буюу 6.578.586 ам доллараар авч “Эрдэнэт металл” ХХК-тай 2007 оны 1 сарын 10-ны өдрийн 2007/05-01 тоот гэрээ байгуулан дээрх 17.312 тонн ган бэлдцээ тонн тус бүрийг 405 ам доллар нийт 7.011.360 ам доллараар нийлүүлж 432.800 ам долларын ашиг олсон байна. “Эрдэнэт металл” ХХК, “Хенлон” ХХК-н хооронд байгуулсан 2007 оны 1 сарын 10-ны өдрийн 2007/05-01 тоот ган бэлдэц нийлүүлэх гэрээний эх хувь олдохгүй байгаа ч гэрээ нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр гэрээ байсан болох нь хэрэгт авагдсан 2007 оны 01 сарын 10 ний өдрийн 2007/05-01 тоот “Эрдэнэт металл” ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар хувь, “Эрдэнэт металл” ХХК-ийн захирал Баатарсүхийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ирүүлсэн 2007 оны 4 сарын 10-ны өдрийн 25/07 тоот, 2007 оны 5 сарын 28-ны өдрийн 35/07 тоот “Хенлон” ХХК-д төлбөр төлөх тухай албан бичгүүд, “Эрдэнэт металл” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Баатарсүхийн эрүүгийн болон иргэний хэрэгт гэрчээр байцаагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК ба “Эрдэнэт металл” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 1 сарын 10-ны өдрийн 2007/05-35 тоот ган бөмбөлөг нийлүүлэх гэрээгээр 12.500 тонн ган бөмбөлгийг тонн тус бүрийг 540 ам доллараар буюу нийт 6.750.000 ам долларын ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан ба өгөөд “Хенлон” ХХК-ийн нийлүүлсэн бэлдцийн үнэ ба “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрлэсэн ган бөмбөлгийн тонн тус бүрийн үнийн зөрүү 135 ам доллар нь “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрлэлийн зардал. Өөрөөр хэлбэл ган бөмбөлөг үйлдвэрлэх үед зайлшгүй шаардагдах шатах тослох материалын үнэ, ажилчдын цалин хөлс, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн элэгдэл бусад зардал байна. Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт металл” ХХК-тай ган бөмбөлөг үйлдвэрлүүлэх гэрээ байхгүй тул “Эрдэнэт металл” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн ган бөмбөлгийн тоо, хэмжээ, үнэ зэрэг нь хариуцагч Ж.Мягмаржаргалд хамааралгүй байна. Учир нь: “Хенлон” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт металл” ХХК-д ган бэлдэц нийлүүлэх тухай гэрээ байгуулсан ч гэрээнд заасан ган бэлдэц хүлээлгэн өгсөн, байгууллага хоорондын тооцоо нийлсэн тухай акт болон холбогдох баримт байхгүй. 2006.12.05-ны өдрөөс 2007.08.15-ны өдөр хүртэл хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Эрдэнэт металл” ХХК-иас ган бөмбөлөг нийлүүлсэн тухай санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг архиваас үзэхэд “Хенлон” ХХК болон Ж.Мягмаржаргалын нэрийн өмнөөс ган бөмбөлөг нийлүүлсэн тухай баримт байхгүй. Хариуцагч нь авлагатай байсан юм бол энэ тухайгаа өмнө нь шаардаж байгаагүй гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар оролцож байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төр эзэмшдэг тул төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь төрийн өмчийг захиран зарцуулах эрх зөрчигдсөнийг ойлгоно. “Хенлон” ХХК болон “Грийт глобал” ХХК нь Хонгконг улсад бүртгэлтэй боловч Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаагүй байна. 2005 онд 100 долларын хөрөнгөтэйгээр бүртгэгдсэн компани юм. Гонконг улсад бүртгэлтэй байсан Хенлон ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2005 оны 3 сарын 24-ний өдөр 5.200.000 ам долларын гэрээ,  2006 оны 6 сарын 23-ны өдөр 5.150.000 ам долларын гэрээ байгуулсан. Захирал Ж.Мягмаржаргал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байтал ахиад Гриет глобал интернэшнл компани байгуулж 1.580.000 ам долларыг шилжүүлсэн байдаг. Энэ гэрээнээс гадна 5 гэрээ байдаг. Энэ компани анх 100 долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан компани хэрхэн яаж үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь Эрдэнэт үйлдвэрт эх үүсвэр нь байсан гэж харагдаж байна. Байгуулсан өдрөөсөө хойш 10 ч хонохгүй их хэмжээний ам долларын гэрээ хийсэн. Гэрээний 2005 оны 2006 оны үүргийн гүйцэтгэл хангагдаагүй. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан ч удаа дараа гэрээ байгуулагдаад байсан нь тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүний нөмөр нөөлгөөр ахин ахин гэрээ хийгдэж байсан нь эрүүгийн хэргээс харагддаг. 2007 оны аудитаар авлагатай байсан гээд байгаа  нь гэрээний хугацаа, аудитын хугацаа нь 2 өөр юм. Аудитын хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 31-ний хугацаа нь энэ ХХК ийм авлагатай, өглөгтэй гэдгийг дүгнэсэн байгаа болохоос биш гэрээг дүгнэсэн асуудал биш. Грийт глобал интернэшнл ХХК нь 2007 онд 1.580.000 доллар аваад л татан буугдсан байсан учраас эрүүгийн хэргээр шалгагдсан. Үүнээс харахад энэ мөнгийг авах гэж л байгуулагдсан байна. 2007 оны 10 сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ хийгдсэн, 2005, 2006 оны гэрээнүүдийн хэрэгжилтээс харахад биелэгдээгүй байна. Энэ 2 гэрээний дагуу он дамжигдаж дүгнэгдсэн нь харагдаж байгаа. Санхүүгийн баримтад 2 удаа шинжээчийн дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэрт өртэй, төлөх ёстой гээд гарсан. Дээрх нөхцөл байдлуудыг үзэхэд төрийн өмчийн эрх ашиг тодорхой хэмжээгээр зөрчигдсөн тул нэхэмжлэл үндэслэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл зохигчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Ж.Мягмаржаргалд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.327.453.964 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, шаардлагын үндэслэлээ “Хенлон” ХХК болон “Гриет глобал интернэшнл” ХХК-ийг хариуцагчийн шууд санаатай үйлдлээр татан буулгасан тул дутуу нийлүүлсэн барааны төлбөрийг торгуулийн хамт Компанийн тухай хуулийн 85.2-т зааснаар Ж.Мягмаржаргалаас гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч нь хувь хүний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулаагүй, өглөг авлагын асуудалгүй, бусадтай хамтран үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан “Хенлон” болон “Грийт глобал” компаниуд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, үүргээ бүрэн биелүүлсэн, баталгаагүй жин дээр жигнэсний улмаас зөрүү гарсан, гадаадаас бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон тул Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бэлдэц нийлүүлэн “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр хийлгүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн, орлогодоо аваагүйн улмаас алдагдал үүссэн, хоорондоо тооцоо нийлж байгаагүй гэж мэтгэлцсэн байна.

 

1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

“Хенлон” компанийг Гон Конгод компанийн журмыг үндэслэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгэгдэж, 954242 дугаар гэрчилгээг 2005 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон байх бөгөөд  Хувьцаат компанийн гишүүдийн мэдээлэлд энгийн хувьцаа эзэмшигч Чулууны Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн Жамбалын Мягмаржаргал нь зөвхөн нэг гишүүнтэй компани байна.

 

2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Хенлон” хувь эзэмшигч Жамбалын Мягмаржаргал болон Чулууны Мөнхбат нар хуралдаж, компанийн үйл ажиллагаанд оролцох эрх үүргээс өөрийн хүсэлтээр татгалзах тухай Чулууны Мөнхбатын саналыг хэлэлцэж, компанийн эзэмшлийг 100 хувь Жамбалын Мягмаржаргалд шилжүүлж, компанийн аж ахуйн үйл ажиллагааны чиглэл болон бүхий л эрх үүрэг хариуцлагыг Ж.Мягмаржаргал нь дангаар эдлэх шийдвэрийг гаргажээ.

 

            “Гриет глобал интернэшнл” компанийн дугаар 1022538, хувьцаат компанийн гишүүдийн мэдээлэлд Жамбалын Мягмаржаргал, ТУЗ-ийн гишүүний мэдээлэлд Жамбалын Мягмаржаргал, зөвхөн нэг гишүүнтэй байх бөгөөд тухайн хүн нь цорын ганц ТУЗ-ийн гишүүнтэй хувийн компани байна гэсэн байна.

 

2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Аал энд Цайлман” /AallZyleman/ нарийн бичгийн үйлчилгээний төлбөрийг барагдуулаагүй тул “Хенлон” болон “Гриет глобал интернэшнл” компаниудын үйл ажиллагааг зогсоон, Гонконгийн хууль тогтоомжийн дагуу компаниудын гэрээ, дүрмийг хүчингүйд тооцжээ.

 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байна.

 

“Хенлон” болон “Гриет глобал интернэшнл” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Мягмаржаргал болох нь тогтоогдож байх тул мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хариуцлага хүлээлгэж болохоор зохицуулснаар “Хенлон” ХХК болон “Гриет глобал интернэшнл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хийсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.Мягмаржаргал өөрийн хөрөнгөөр хариуцах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Мягмаржаргалаас “Хенлон” ХХК болон “Гриет глобал интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба хариуцагчийн хувь хүний хувьд гэрээ байгуулаагүй, өглөг авлагын асуудалгүй гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

 

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-тай

- 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Н-L-240305 тоот гэрээ байгуулж, DAF-Зүүн Сибирийн төмөр замын Наушки өртөө нөхцлөөр, ГОСТ 7524-89-ийн дагуу хатуулгын 2 группын 403 НВ-ээс багагүй хатуулагтай, ф80-100 мм ган бөмбөлөг 10.000 тонныг 5.200.000 ам доллараар худалдаж авах,

- 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Н-L-230606/05-327 тоот гэрээ байгуулж, DAF-Зүүн Сибирийн төмөр замын Наушки өртөө нөхцлөөр, ГОСТ 7524-89-ийн дагуу хатуулгын 2 группын 403 НВ-ээс багагүй хатуулагтай, ф80-100 мм ган бөмбөлөг 10.000 тонныг 5.150.000 ам доллараар худалдаж авахаар тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээнүүдэд 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нэмэлт хэлэлцээр байгуулж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд “ф80 мм ган бөмбөлөгийг нэг тонныг нь 545,0 ам доллараар, нийлээд нэг тонныг 515,0 ам доллараар худалдагч худалдаж, худалдан авагч худалдаж авах, гэрээний нийт дүнг 5.450.000 ам доллар болохоор өөрчлөлт оруулсан байна.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Гриет глобал интернэшнл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2007/05-581 тоот гэрээ байгуулж, DAF-Дорнод Сибирийн төмөр замын Наушки өртөө нөхцлөөр, ГОСТ 7524-89-ийн дагуу хатуулгын 2 бүлгийн 403 НВ-ээс багагүй хатуулагтай, ф80 мм ган бөмбөлөг 4000 тонныг 3.160.000 ам доллараар худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 1.580.000 ам долларыг төлжээ.

 

Нэхэмжлэгч нь “Хенлон” ХХК, “Гриет глобал интернэшнл” ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүн Ж.Мягмаржаргал нь гэрээ байгуулсан, ганц гишүүнтэй компани тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.Мягмаржаргалаас шаардсан, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 1.580.000 ам доллар хүлээн авсан гэдгийг хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.

Хариуцагч Ж.Мягмаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа “Хенлон” ХХК, “Гриет глобал интернэшнл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулагдсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д зааснаар талуудын хооронд хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүссэн, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас талуудад үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргийг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдаж авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хенлон” ХХК-тай 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан болон 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нэмэлт хэлэлцээр, “Гриет глобал интернэшнл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хэлэлцэн тохирсны дагуу Н-L-240305 тоот гэрээгээр шилжүүлэх 5.220.000 ам доллар, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-L-230606/05-327 тоот гэрээгээр шилжүүлэх 5.150.000 ам доллар, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05-581 тоот гэрээний урьдчилгаа 1.580.000 ам долларыг шилжүүлэх үүргээ биелүүснээр гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын байгуулсан гэрээний нөхцөл, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

а. 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Н-L-240305 тоот гэрээний тухайд:

 

Хариуцагч нь Н-L-240305 тоот гэрээний дагуу төлбөр орж ирснээс хойш 30 хоногийн дотор биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй ган бөмбөлгийн ачилтыг хийх, Н-L-240305 тоот гэрээгээр сар бүр 2000 тонноор 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Дээрх гэрээний дагуу “Хенлон” ХХК нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3.851.548 ам долларын 114 вагон, 7387,6 тонн, 100 мм ган бөмбөлөгийг нийлүүлжээ.

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2006 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 5.220.000 ам доллар төлсөн, худалдан авагч тал болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д худалдагч тал болох “Хенлон” ХХК нь 1.337.230,65 ам долларын ган бөмбөлгийг нийлүүлээгүй буруутай байна.

 

 б. 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-L-240305 тоот гэрээний тухайд:

 

Гэрээгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-тай 10.000 тонн ган бөмбөлгийг 5.150.000 ам доллараар нийлүүлэх Н-Л230606/05-327 тоот гэрээ байгуулж, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт оруулж ф80 мм ган бөмбөлгийг тонныг нь 545 ам доллараар худалдаж авахаар өөрчилжээ.

 

Гэрээний дагуу 10.000 тонн нийт 5.450.000 ам долларын ган бөмбөлөг нийлүүлэхээс 5.010.869.93 ам долларын барааг нийлүүлж, 439.130,07 ам долларын бараа нийлүүлээгүй буруутай байна.

 

в. 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05-581 тоот гэрээний тухайд:

 

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Хонконг улсын “Гриет глобал интернэшнл” ХХК-тай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4000 тонн 3.160.000 ам долларын ган бөмбөлөг нийлүүлэх тухай 2007/05-581 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 1.580.00 ам долларыг хүлээн авсан талаар маргахгүй байх тул энэхүү гэрээний хувьд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Тус шүүхээс 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6876 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсноор ирүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 123 тоот шинжээчийн дүгнэлтээр нийт 3.356.372 ам долларыг Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөх тооцоотой гэж дүгнэсэн байна.

 

Хэрэгт авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Хенлон” ХХК, “Гриет глобал интернэшнл” ХХК-ийн хоорондын 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд тооцоо нийлсэн акт, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн тайлан баланс, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн хэлстийн тооцоо, “Далайван аудит” аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 063 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Ч.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ж.Мягмаржаргалаас нийт 3.356.372 ам доллар буюу 5.661.360.471 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 0112/558 албан тоотоор шаардаж байсан, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 тоот Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгчээс гэрээнд зааснаар хугацаандаа нийлүүлээгүй барааны өртгийн 8 хувьтай тэнцэх торгууль 106.978,45 ам доллар, 35.130,40 ам доллар, 252.800 ам доллар, нийт 394.908 ам долларыг нэхэмжилсэн, хариуцагч нь торгуулийг төлөх үндэслэлгүй, торгууль төлөх талаар шаардаж байгаагүй, мөн гэрээний үүрэг биелэгдсэн тул төлөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заажээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан Н-L-240305 тоот, Н-L-230606/05-327 тоот, 2007/05-581 тоот гэрээнүүдийн 6.1-д “гэрээнд заагдсан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдагч хугацаа нь хэтэрсэн барааны өртгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног бүрээр худалдан авагчид төлнө. Хэрвээ хугацаа хэтрэлт 30 хоногоос илүү гарвал, алданги тооцолтыг зогсоох ба тооцсон алдангиас гадна хугацаандаа нийлүүлээгүй барааны өртгийн 8 хувьтай тэнцэх торгуулийг худалдагч худалдан авагчид төлнө”, 6.2-т “6.1-ийн дагуу торгууль төлүүлэх тухай гомдлыг талууд эдгээр шаардлага гаргах эрх үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаж, гомдол хүлээн авсан тал нь хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор түүнийг хянан үзэж хариуг өгөх ёстой” тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсон хугацаанд торгууль шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь нотлогдохгүй байх тул 394.908 ам доллар буюу 666.093.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд 1 ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар буюу 1.686,75 төгрөгөөр тооцохоор Монгол банкны ханшийн лавлагааг ирүүлсэн, хариуцагч тал энэ талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцсон болно.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх хамт шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Хариуцагч Ж.Мягмаржаргал нь 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Хенлон” ХХК, “Гриет глобал интернэшнл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, захирлаар ажиллаж байсан, гэрээг байгуулсан гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Ж.Мягмаржаргал нь шаардлагын үндэслэлээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн баримтаар “Хенлон” ХХК-ийн авлага 2.802.419 ам доллараас “Гриет глобал интернэшнл” ХХК-ийн гэрээний урьдчилгаанд авсан 1.580.000 ам долларыг хасч үлдэгдэл 1.222.419 ам.доллар буюу 2.376.675.916 төгрөгийг аудитын “КРМG”-ийн 2007 оны дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нягтлан бодогч Х.Хандсүрэнгийн тайлбараар нотлогдох тул гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч нь 2007 оны дүгнэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-нд өглөгтэй юм шиг харагдаж байгаа ч 2008 оны аудитын дүгнэлтээр бүтэн жилийн хугацааны өглөг авлагыг хасч санхүүгийн тооцооллоор “Хенлон” ХХК”-иас авлагатай болох нь тогтоогдсон гэж маргасан.

 

            “Хенлон” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл 20 удаагийн нийлүүлэлтээр 3.851.548 ам долларын 7387,6 тонн ган бөмбөлөг нийлүүлсэн, зах зээлд төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг үйлдвэрлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд өгөхөөр харилцан тохиролцож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-д шилжүүлэх ган бөмбөлгийн төлбөрт 4.600.000 ам долларыг шилжүүлж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 17.312.070 тонн бэлдцийг 6.578.586 ам доллараар худалдан аваад “Эрдэнэт металл” ХХК-д нийлүүлж, “Эрдэнэт металл” ХХК нь 16.842.040 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн тул авлагатай гарсан гэж тайлбарласан.

 

 “Эрдэнэт металл” ХХК, “Хенлон” ХХК нар нь 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2007/05-01 тоот гэрээгээр “ган бөмбөлөг цувихад зориулсан 40 мм диаметртэй 3000 тонн, 80 мм диамертэй 21.000 тонн, нийт 24.000 тонн ган бэлдцийг 9.720.000 ам доллараар худалдаж авахаар, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хенлон” ХХК нар 18.000 тонн бэлдэц нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК “Эрдэнэт металл” ХХК-тай 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2007/05-35 тоот гэрээ байгуулж, ф80 мм 10.000 тонн ган бөмбөлөг, ф40 мм 2.500 тонн ган бөмбөлгийг 6.750.000 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу “Хенлон” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэт металл” ХХК нартай байгуулсан тусдаа гэрээ байх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Эрдэнэт металл” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, “Эрдэнэт металл” ХХК нь “Хенлон” ХХК-ийн өмнөөс ган бөмбөлгийг нийлүүлсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй, “Хенлон” ХХК нь 2.802.419 ам долларын авлагыг нэхэмжлэгчээс шаардаж байсан талаарх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.

 

“Хенлон” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайланд авлагатай гэж тусгагдсан гэж хариуцагч тайлбарласнаар энэ өдрөөс хариуцагчид шаардах эрх үүссэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тодорхойлсон тул 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш сөрөг нэхэмжлэл гаргасан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 8 жилийн хугацаа өнгөрсөн, хариуцагч тал хөөн хэлэлцэх хүсэлт гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31.795.220 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28.464.752 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 11.971.130 төгрөгийг гаргуулж, орлогод оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч Ж.Мягмаржаргалд энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагч гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбар, татгалзлыг дэмжсэн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар /РД:ЧВ63112238/ Тайжийнхан овогтой Жамбалын Мягмаржаргалаас 5.661.360.471 /таван тэрбум зургаан зуун жаран нэгэн сая гурван зуун жаран мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д /РД:2074192/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 666.093.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагчийн 2.376.675.916 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 31.795.220 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28.464.752 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 11.971.130 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                        Ж.СЭМЖИД    

 

                                                                                             Б.МӨНХБАЯР